
Сайнаар хэлүүлэхээсээ саараар хэлүүлээд “сурчихсан” эрүүл мэндийн салбарт улсаас хөрөнгө мөнгө хуваарилдаг хэдий ч тоног төхөөрөмж, хүлээн авах хүчин чадал нь бахь байдгаараа.Төсвөөс өгсөн мөнгийг “Юунд ч хүрэлцдэггүй” хэмээн чамлаж, өвчин эмгэг тусч, тусламж хайж яваа хэдэн иргэдийнхээ халаасыг шат шатандаа тэмтэрсээр хэдэн жилийн нүүр үзсэн ч эл байдал улам л газар авснаас бус өөрөөр шийдвэрлэгдээгүй.
Энэ нь мөн л орчин үеийн тоног төхөөрөмж байхгүй, мэддэг чаддаг эмч нар нь хувийн эмнэлэг байгуулаад гараад явчихсантай холбоотой хэмээн тайлбарлах. Гэхдээ бууриа сахин үлдсэн хэд нь мөн л иргэдийн халаасыг тэмтэрч, гар хараад сурчихсан. Тэд авсан шигээ өгч чадахгүй. Өөрөөр хэлбэл тухайн иргэнийг төгс үзэж оношлоно гэж үгүй. “Манайд тийм байхгүй. Тиймээс тэнд очоод зураг авхуулчихаад, эсвэл шинжилгээ өгчихөөд ир” хэмээн гүйлгэдэг нь хэвийн үзэгдэл болжээ.

Хамгийн олон хүнд үйлчилдэг, өдөр шөнөгүй өвчтөнг хүлээж авдаг гэдгээрээ ГССҮТөв бусад эмнэлэгүүдээс арай дөнгүүр нь. Гар хөл нь хугарсан, хутгалуулсан, осолд орсон гэх зэрэг орилж хашгирсан, нүд хальтрам дүр зураг энэ эмнэлгийн өдөр тутмын дүр зураг. Гэхдээ бусад эмнэлгүүдийг бодвол орчин үеийн тоног төхөөрөмж сайтай учраас ирсэн өвчтөнөө өөр эмнэлэг рүү гүйлгэх нь харьцангуй бага.
Харин тус эмнэлгийн хүлээн авах өрөө нь арай л биш ээ. Хоёр умгар өрөө ГССҮТөвийн үүдний хэсэгт байрладаг. Эхнийх нь өрөөнд эмч сууж ирсэн өвчтнийг бүртгэж ойр зуурын үзлэг хийнэ. Харин нөгөө өрөөндөө арай “нарийн” үзлэгүүдээ хийдэг. Энэ эмнэлэгт ирж байгаа хүмүүсийн дийлэх нь бэртэж гэмтсэн ба ил шархтай. Түүнд халдвар орохгүй гэх баталгаа байхгүй. Үзлэг хийж, анхан шатны тусламж үзүүлж байгаа өрөөний үүдэнд гадуур хувцастайгаа эгнэн суух хүмүүсийн зарим нь өрөөнд орж ирнэ. Харин зарим нь цуг яваа гэх нэрээр хажуугаас нь салахгүй. Хаалга нь байнга онгорхой байх ба хаалттай байлгах үндэс ч байхгүй.
Тиймээс манай урдаа барьдаг энэ эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийг европ стандартад нийцсэн төв болгох зорилго тавьжээ. Энэ нь “Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хүлээн авах, яаралтай тусламжийн үйлчилгээг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийн хүрээнд хэрэгжиж буй асуудал юм.
Засгийн газар 11-р сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр оруулж ирсэн энэхүү төсөл нь 1960 онд байгуулагдсанаас хойш гэмтэл, согогийн чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цорын ганц эмнэлэг болох Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийг европ стандартад нийцсэн төв болгох зорилготой.

Өчигдөр хуралдсан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар дээрх асуудлыг хэлэлцсэн юм.
Хотжилт, уул уурхай, барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор зам тээвэр, ажлын байрны осол гэмтлийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд дээрх төслийн хүрээнд тус эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн үйлчилгээг сайжруулж, үндэсний хэмжээнд өндөр мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм.
Францын Засгийн газартай байгуулах санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд 20 жилийн хугацаатай, жилийн 0,73 хувийн хүүтэй 5 сая 50 мянган еврогийн зээл авах бөгөөд энэ хөрөнгийн 80 хувийг эмнэлгийн тоног төхөөрөмжинд, 10 хувийг эмч нарын мэргэжил дээшлүүлэх сургалтанд зарцуулахаар төлөвлөсөн байна.
Гишүүдийн хувьд энэ ажлыг эрчимжүүлэхийг санал болгосон. Тодруулбал, “Европ стандарт хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас явуулж буй энэ чухал ажлыг эрчимжүүлмээр байна. Үүний цаана нэг ч болов хүний амь нас байгаа шүү дээ” гэж анхааруулсан юм. Дээрх асуудлыг хэлэлцсэн байнгын хорооны гишүүд хэлэлцээрийн төслийг зөвшөөрч Байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүдийн санал, дүгнэлттэй нэгтгэн Засгийн газарт хүргүүлэхээр болсон юм.
Тэгэхээр ачааны хүндийг нуруундаа үүрч, өдөр шөнөгүй ажиллаж байгаа ГССҮТөвийн хүлээн авах тасаг сонгуулиас өмнө “нүүрээ угааж, нөгөө хувцас”-аа өмсөх нь ээ.
Ж.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ