Г.Ган-Эрдэнэ: “Монстер” шоунд оролцсоноор хүсэл мөрөөдөл минь биелж “Баянмонгол” чуулгын саксфончин болсон

img

/Монстер шоуны олны таашаалт хөгжимчин/

- Сайн байна уу? Өөрт чинь энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. - ShuuD.mn сайтын уншигч та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Танай сайтын байнгын уншигчдад энэ өдрийн болон шинэ оны мэндийг давхар дамжуулжъя. Намайг Ганбаатарын Ган-Эрдэнэ гэдэг. Би 2008 оноос эхлэн одоог хүртэл саксфон хөгжимөөр хичээллэж байгаа.

- Анх яагаад “монстер “ шоунд оролцохоор болсон бэ? - ТВ-8 телевизээр реклам нь явж эхлэхэд л оролцоод үзье гэж шийдсэн л дээ. Өөрийгөө хөгжмийн урлагаар хичээллэж байгаа хүний хувьд аль түвшинд явж байгаагаа мэдэхийг хүссэн. Өөрийгөө үеийнхээ залуусын дунд орж, авъяасаа сориод үзье гэж бодож орсон.

- Ган-Эрдэнэ үеийнхнийхээ дунд хэр сайн сагсфончин бэ? - Би өөрийгөө сайн саксфончин гэж хэлж чадахгүй ээ. Өөрийнхөө түвшинд хичээллэж суралцаж л явна. Ер нь бол өсөж яваа ирээдүйтэй саксфончин гэж хэлж болно.

- "Монстер" шоунд оролцох мөчид тохиолдож байсан хамгийн дурсамжтай мөчөөсөө эргээд нэг дурсвал? - Шагнал авч байсан үе бол хамгийн дурсамжтай мөч байсан. Би өөрийгөө шагнал авна гэж үнэхээр бодоогүй. Тиймдээ ч зангиа цамцаа суллачихсан маш тайван зогсож байхад гэнэт миний нэрийг дуудсан. Хамгийн түрүүнд нэрийг минь дуудаж байсан мөч бол миний “монстер” шоунд оролцсон хамгийн жаргалтай үе байсан гэж хэлж болно.

- Шагнал аваагүй байсан бол өөртөө ямар дүгнэлт өгөх байсан бэ? - Шагнал аваагүй байсан ч би ерөөсөө харамсахгүй байсан. Олон олон авъястанууд оролцсон “Монстер” шоунд 1-р шатнаас нь эхлээд 5-р шат хүртэл явсан минь миний хувийн хамгийн том амжилт. Тийм болохоор өөрөө өөртөө тэгж хэлээд тайвширчихсан байсан.

- Өөрөөрөө хэр их бахархдаг вэ. “Монстер” шоунд оролцох хугацаандаа яг ямар үед нь өөрөөрөө илүү их бахархаж байсан бол? - Ер нь бол өөрийнхөө их зүйлээр бахархдаг шүү. Надад элдэв муу зуршил байдаггүй. Архи тамхи бол хэрэглэнэ гэж байхгүй. Хөгжимд үнэн сэтгэлээсээ хайртай. Харин монстер шоу явагдаж байх хугацаанд 3-р шатанд надад өөрөөрөө их бахархах сэтгэл төрж байсан. Манай шоуны хөтлөгч Амгаа ах, шүүгчдээс эхлээд миний тоглолтыг маш олон хүн их таашааж байсан. Отгонбаяр ах бүр юу ч хэлэлгүй зүгээр л эрхий хуруугаа гозойлгоод маш сайн гэхэд надад үнэхээр сайхан байсан шүү.

- Шоундаа оролцож байх хугацанд хүндрэлтэй зүйлүүд хэр их байв даа? - Яг тоглох гэж байгаа аяаа цээжээрээ дарна гэдэг жаахан хүндрэлтэй байсан. Ер нь зохиол сурах хэцүү л дээ. Яах аргагүй цээжинд минь хэдэн дууны нот байсан болохоор л энэ олон шатыг гайгүй давж чадаж байлаа.

- "Монстер" шоунд оролцож байсан үзүүлбэрүүдээ одоо эргээд нэг харвал алдаа оноотой зүйл хэр их байна? - Эргээд шоунд оролцож байсан номеруудаа бодохоор жаахан тааруу байсан юм билээ. Яг одоо энэ шоу маань явагдаж байсан бол би илүү сайн үзүүлбэрүүдийг үзүүлж үзэгчдийг бостол нижигнэсэн алга ташилт танхим дүүрэн сонсогдох номер үзүүлэх байсан. Гэхдээ яахав би хувиараа л бэлдэж, бор зүрхээрээ оролцож байсан болохоор тийм ч их чамлахаар биш ээ.

- "Монстер" шоунд оролцсоноор чиний амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ? - Энэ шоунд оролцсоноор миний амьдралд яах аргагүй том боломж бас өөрчлөлт гарч ирсэн. Би “Монстер” шоунд оролцсоноороо Баянмонгол чуулгын үндсэн сагсфончин болсон. Манай чуулгын ах нар намайг их үнэлсэн. Би шоуны явцад хөгжмийн чадваруудаа илүү дээшлүүлсэн бол одоо Баянмонгол чуулгатаа ороод маш их зүйлийг сурч байна. Энэ их амжилтыг надад”Монстер” шоу л олгосонд би үнэхээр их баяртай байгаа. Энэ дашрамд бас ийм гайхалтай шоу зохион байгуулсан ТВ-8 телевиз болон Хурд хамтлагийн ах нартаа баярлалаа.

- Ган-Эрдэнэ “Монстер” шоунаас Bigboy гэдэг нэртэй болсон гэсэн. Яагаад ийм нэртэй болчихов оо? - Би анх 1-р шатанд орох гээд ярилцлага өгөх гэж байхад хөтлөгч нь хажууд зогсоод бүр гайхаад “чи чинь ямар өндөр том биетэй юм бэ манай нэвтрүүлгийн bigboy байна даа” гэж хэлсэнээс хойш л хүн бүр тэгж дууддаг болсон. /инээв/ нэг удаа бүр надаас яриа авах гэж байхдаа сандал дээр гараад зогсчихсон байсан тэр бүхнийг бодохоор надад үнэхээр хөгжилтэй гоё байдаг шүү /инээв/

- За чамд баярлалаа. Чиний цаашдын уран бүтээлийн замд өндрөөс өндөр амжилт хүсье. - Баярлалаа. Танай сонины хамт олонд бас амжилт хүсье. Мөн уншигчиддаа биднийг бүтэн сар гарны хугацаанд нэвтрүүлэг алгасалгүй үзэж биднийг дэмжиж байсан та бүхэндээ талархалаа илэрхийлж байна. Та бүхэндээ ирж байгаа цагаагчин туулай жилийн сар шинийн мэнд дэвшүүлье.

TВ-8 телевиз

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oonoo:
amjil husey chi goe dargad ym bnlee
2012-01-27
tsetseg:
ok amjilt husey
2012-01-27