Монголын эдийн засгийн чуулган эхэллээ

Энэ жилийн эдийн засгийн чуулганыг “Монголдоо бүтээцгээе” уриан дор зохион байгуулж буй. Яг нэг жилийн өмнө зохион байгуулсан чуулганаар “Монгол брэнд”-ийг буй болгох талаар төлөөлөгчид хэлэлцэж байсан. Харин энэхүү “Монгол брэнд”-ийн санаачилгыг ажил хэрэг болгож, цаашид илүү өргөн хүрээнд брэнд бий болгохын тулд Монголдоо бүтээх зайлшгүй шаардлага байгаа юм. Тийм ч учраас энэ удаагийн сэдэв “Монголдоо бүтээцгээе” болж байгаа аж. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн урт хугацааны, тогтвортой өсөлтийг хангахад Монголдоо бүтээж, үйлдврлэдэг байх нь хамгийн чухал. Үйлдвэрлэж байж, гадаад зах зээлийн савлагаан, нүүрс, зэсийн үнэ өөрчлөгдөхөд хямардаггүй эдийн засагтай болох учиртай. Энэ утгаараа тав дахь жилийн эдийн засгийн чуулганы сэдэв тун чухал ач холбогдолтой болж байгаа юм.
Эдийн засгийн чуулганы хамрах хүрээ, нэр хүнд өссөөр байгааг энэ жилийн оролцогчид хэрхэн өөрчлөгдсөнөөс харж болох нь. Өмнө нь ихэвчлэн гадаадын төлөөлөгчдийн хувьд судлаачид, эдийн засагчид Монголын эдийн засгийн чуулганд оролцдог байсан бол энэ удаад гадаадын хувийн хэвшлийн компаниуд маш олноороо оролцохоор бүртгүүлжээ. Бараг 30 гаруй гадаадын компани, аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалтнууд Монголын эдийн засгийн чуулганд саатах нь. Өөрөөр хэлбэл, тэд Монголын эдийн засгийн нөхцөл байдал, шинээр батлагдсан хууль эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байна. Ингээд Монголд хөрөнгө оруулалт хийх үү, үгүй юу гэдэг шийдвэрээ энэ удаагийн эдийн засгийн чуулганаас гаргах биз ээ. Өнгөрсөн жилээс үүдэлтэй гадаадын шууд хөрөнгө оруулалтын бууралт өнөөдрийг хүртэл бүрэн сэргэж амжаагүй байна. Ийм үед эдийн засгийн чуулган болж, түүнд гадаадын хөрөнгө оруулагчид олноороо оролцож байгаа нь бас нэгэн онцлог болж байна. Түүнчлэн цаашдаа гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэх хүлээлтийг ч үүсгэж буй биз ээ.
Нөгөөтэйгүүр энэ удаагийн чуулганы сэдвийн хамрах хүрээ ч урьд өмнөх жилүүдийнхээс нэлээд өргөжсөн байгаа. Өмнө нь 13-14 салбар хуралдаан болдог байсан бол энэ жил нийт 30 сэдвээр салбар хуралдаанууд явагдах нь. Мөн салбар хуралдаануудад телевизийн камер оруулахгүй гэх зэргээр өөрчлөлт оруулсан нь чуулганы үр дүнг илүү бодитой болгохын тулд авсан арга хэмжээ аж. Нэг сэдвийн салбар хуралдаанд л гэхэд дээд тал нь 20-30 хүн л оролцоно. Илүү нарийвчилсан, тодорхой сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөнө гэсэн үг. Улмаар салбар хуралдаанаас гарах зөвлөмж ч илүү бодитой, ажил хэрэгчээр гарах боломж нь бүрдэж байгаа юм. Өмнөх жилүүдэд төдийлөн хөндөгдөж байгаагүй эрүүл мэнд, эрүүл мэндийн салбарын засаглал, ажил эрхлэлт, хүний нөөцийн бодлого, санхүүгийн зах зээл, санхүүжилтийн шинэ арга хэрэгслүүд гэх зэрэг олон шинэ сэдэв нэмэгдэж байна. Үүнээс гадна уламжлал болон зохион байгуулагддаг “Ногоон эдийн засаг”, “Эдийн засгийн төрөлжилт” гэх зэрэг сэдвүүд ч бий.
Товчхондоо бол тав дахь удаагийн эдийн засгийн чуулган урьд өмнөх жилүүдийнхээс ч илүү өндөр ач холбогдолтой, бодитой үр дүнтэй болох нөхцөл бараг л бүрэн хангагджээ. Чуулганаас гарах үр дүн, зөвлөмж, санал, хэлэлцүүлгүүд хоёр өдрийн турш бүх хүний анхаарлын төвд байх биз ээ. Ямартай ч урьд өмнөх жилүүдийнхээс эрс өөрчлөгдөж, зохион байгуулалт нь сайжирсан байдалтайгаар тав дахь удаагийн эдийн засгийн чуулган эхэллээ.
.
Эх сурвалж www. eagle.mn Л.Энхдэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ