Дотооддоо баялаг бүтээж, үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь чухал
Шинэчлэлийн Засгийн газраас энэ жил экспортыг орлох 800 гаруй төслийг нэг их наяд төгрөгөөр дэмжихээр болсон нь эдийн засгийн чуулганы энэ жилийн зорилтыг тодорхойлж буй билээ. Тус чуулганы үеэр экспортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэж буй төрийн бодлогын талаар зарим оролцогчийн байр суурийг сонирхсон юм.
1
Б.Бямбасайхан: 3 тэрбум хүнтэй зах зээлд сайн өрсөлдөгч байхад анхаарах хэрэгтэй
/Монголын бизнесийн зөвлөлийн дарга/
1
-Дэлхийн хүн ам 7 тэрбум гаруй. Гэтэл үүний 3 тэрбум нь манай улсыг тойрон аж төрж байна. Энэ бол манай эдийн засгийн том давуу тал. Тиймээс бид эрчим хүчний зах зээл төдийгүй бусад зах зээлд хамгийн ойрхон, өрсөлдөх чадвартай байх байршилтай байна. Манай эдийн засаг ойрын 10 жилдээ уул уурхайн салбараа түшиглэсэн хэвээр байх болов уу. Иймд өрсөлдөх чадвартай байж, энэ салбараа хөл дээр нь найдвартай босгох нь чухал. Өөрөөр хэлбэл, бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн тэр 3 тэрбум хүнтэй зах зээлд хамгийн сайн өрсөлдөгч байхад анхаарах хэрэгтэй.
Бид ханшийн өсөлт гэдэг зүйлээр ашиг орлогоо хэмждэг бус тэр том зах зээлд өрсөлдөх өөр ямар боломж байгааг олж харах хэрэгтэй байна. Зөвхөн ханш хэлбэлзэхэд л бизнес унаж байгаа нь өрсөлдөх чадваргүйг харуулж байна гэсэн үг. Ханшийн хэлбэлзлийн хүнд байдлаас гарах гарц нь дотооддоо баялаг бүтээх, үйлдвэрлэлээ хөгжүүлэх юм.
1С.Авирмэд: 20 жилийн дараах бус 5-10 жилийн хөгжлөө ярих хэрэгтэй
/Эдийн засагч, доктор/
1
-Энэ удаагийн эдийн засгийн форумын маш гоё лоозонтой болж байна. Учир нь сүүлийн 20 жилд бид өөрсдөө хийж бүтээгээд гависан зүйлгүйгээр өнөөдрийг хүрлээ. Гадаадын зээл тусламж авахаас гадна бэлэн бүтээгдэхүүн импортолсоор л байгаа. Тиймээс энэ байдлаас гарахын тулд “Монголдоо үйлдвэрлье” гэсэн уриа их тохирч байна. Гэхдээ гол илтгэлүүд нь 20 жилийн дараа юу хийчихсэн байх ёстой вэ гэдэг талаар их яригдах юм. Миний хувьд энэ хугацаа их хол сонсогдож байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн чуулган дээр ярих ёстой зүйл нь 5-10 жил байвал яасан юм бэ гэсэн санааг хэлмээр санагдсан.
Манай улс эрдэс баялагтаа тулгуурлан хөгжих нь гарцаагүй, гэхдээ ногоон хөгжлийг дэлхий нийт дэмжиж байхад тэр чиглэл рүү явах талаар гадаадын зочид ярьж байна. Энэ бол зөв зүйтэй асуудал. Мөн Ерөнхий сайдын үгэнд Монгол улс хэрэглээнийхээ 90 хувийг импортолж байна. Түүхий эдийн экспортлогч орон болсон талаар өнөөдөр ярьж байгаа нь жаахан оройтсон юм шиг санагдаж байна.
1
Д.Жаргалсайхан: Төр засгаа алсын хараатай байлгахыг Монголын ард түмэн шаардах ёстой
/Эдийн засагч/
1
-Би Монголын эдийн засгийн чуулганд 4 дэх жилдээ сууж байна. Өнөөдөр Монгол Улсын онцлог, давуу тал гэсэн салбар хуралдаанд суулаа. Маш сайхан илтгэлүүд тавигдаж байна. Танхимаас ч гэсэн авууштай олон саналыг хэлж байна. Яг энэ хэв маяг эдийн засгийн форумыг анх зохион байгуулахад л байсан одоо ч байсаар л байна. Өөрөөр хэлбэл, би сайхан яриа ажил хэрэг болохгүй байна гэдэг талаас нь шүүмжилмээр санагдлаа.
Мэдлэг чадвараа нэмэх гэж биш, байгаа байдлаа өөрчлөхийн тулд чуулган зохион байгуулдаг гэж би ойлгодог. Яагаад эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байна вэ гэхээр нэгдүгээрт, төрийн бодлого, засаглал сул байгаа. Хоёрдугаарт, төр бүх зүйлд оролцож байна. Ингээд эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа бизнес эрхлэгчдэд тус биш ус болдог. Тэгэхээр асуудал юунд байна вэ гэхээр мэдэхгүйдээ биш, өөрчлөхгүй байгаатай холбоотой. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр төр засагт очиж байгаа хүмүүсийн мэдлэг чадвар, засаглалын чанартай холбоотой. Үүнээсээ даамжраад төр юм болгон руу орж, унагаж байдаг. Нэг жишээ хэлье. Нүүрсний салбарын хамгийн нэр хүнд бүхий төслийг удирдах, худалдаа наймаа хийх “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдсан цагаасаа хойш дампуу байдалтай байсаар өнөөдрийг хүрсэн. “Чалко” компанид 250 сая ам.долларын өр тавиад хамгийн муу гэрээ хийснээс өнөөдөр Монголын чанартай нүүрс ямар ч үнэгүй болчихоод байна. Ийм хариуцлагагүй нөхдүүд хувийн ашиг сонирхолын үүднээс төрийн ажлыг хийж байгаад хамаг асуудал байна. Тиймээс бид энэ байдлаас яаж гарах вэ гэдгээ сайн ярих хэрэгтэй. Хэрвээ манай улсад ийм гажиг тогтолцоо байхгүй болчихол өөр ямар ч асуудал алга. Төр засгаа алсын хараатай байлгахыг л Монголын ард түмэн шаардах ёстой.
1
Б.Ган-Очир: Эдийн засгийн эрх чөлөө гэхээсээ тогтвортой байдлыг чухалчилж байна
/Монголын эдийн засгийн чуулганы нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын зөвлөх/
1
-Монголын давуу талуудын нэг нь бизнесийн эрх чөлөө. МХАҮТ-ын 100 шилдэг аж ахуйн нэгж дотор 100 хүнээс дээш нийгмийн даатгалаа бүрэн тушаадаг 10 гаруй компани байна. Тэд бүгд үйлдвэрлэгч. Тэдэнтэй энэ асуудлаар уулзахаар “Манайд ямар нэг дарамт байдаггүй” гэж хариулдаг. Гол асуудал нь татвараа бүрнээр нь төлөхгүйн тулд хэн нэгэн үйлдвэрлэгч төрийн байгууллагатай татвар бага төлөх талаар тохироо хийхгүй л бол “Манайд эдийн засгийн эрх чөлөө бага байна” гэх мэтээр төр засагтай холбоотой гомдол гардаг. Уг нь үүнийг засах учиртай. Нийт бизнесийн 70-80 хувь нь төрөөс хамааралгүй үйл ажиллагаа явуулж байна. Тэдний 80 гаруй хувь нь эдийн засгийн эрх чөлөө гэхээс илүү тогтвортой байдлыг чухалчилж байна.
1
Ч.Ганхуяг: Нүүрсээ брэнд болгох талаар ухаанаа уралдуулах хэрэгтэй
/Сангийн дэд сайд асан/
1
-Монголчууд бид цөөхүүлээ ч гэсэн бүх зүйлийг хийе, бүтээе, экспортольё гэж ярьж байгаа нь нэг талдаа сайхан. Гэхдээ бид юм бүхнийг хийх нөөц бололцоо байгаа ч гэсэн чаддаг цөөхөн хэдэн үйлдвэр, үйлчилгээгээ сайн хөгжүүлээд хийгээд дэлхийн зах зээл дээр гаргаад ирвэл зүгээр юм биш үү гэсэн санааг илэрхийлмээр байна. Бүгдийг биш, чаддаг зүйлээ л үйлдвэрлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эсгий углааш Монгол брэнд биш гэж Баабар гуайн хэлдэг нэг талаасаа зөв. Ойрын ирээдүйд бид нүүрсээ яаж брэнд болгох талаар л тал талаасаа ухаанаа уралдуулмаар байгаа юм. Манай нүүрс илчлэг сайтай, хүүхдийн хөдөлмөр шингээгүй, ардчилсан улсаас экспортолж байгаа гэх мэт бүх давуу талуудаа дэлхий нийтэд сурталчилж байгаад гаргах хэрэгтэй.
Мөн төмөр замын цариг өргөн байх уу, нарийн байх уу, эрчим хүчээ яаж шийдэх вэ гэдэг тулга тойрсон хэрүүлээ болиод эдгээр асуудлаа бизнесийн гүйлгээ ухаанаар, улс төрөөс ангид шийдээд явчих юм бол бидэнд ямар ч асуудал байхгүй.
1
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ