ШӨХТГ-ийн дарга О.Магнай Дархан-уул аймагт ажиллав
Иргэдийн хүсэлт, мэдээллийн дагуу болон өөрийн агентлагийн үйл ажиллагааны хүрээнд шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгдөг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай өчигдөр Дархан-Уул аймагт ажиллаа. Тэрбээр тус аймагт хэд хэдэн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тэдгээрийн нэг нь “Монгол алтан тос” ХХК-ний ургамлын тосны үйлдвэр байсан юм. Монголд анх удаа дотооддоо ургамлын тос үйлдвэрлэдэг тус компанийн үйл ажиллагаатай танилцсаны дараа ЦӨХТГ-ын дарга О.Магнай үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд импортоор оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд тавих хяналт, шинэлэг байдал зэргийг нь анхаарч үзэх цаг болжээ хэмээн онцолж байлаа.
6
ШӨХТГ-ын дарга О.Магнай хэлэхдээ “Манай улс хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 65-70 хувийг импортоор авдаг. Энэ бол эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнол талаасаа ч тэр эмзэг улсын тоонд оруулж байгаа хэрэг юм. Шинэчлэлийн засгийн газрын үндсэн том бодлого бол импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж байгаа компаниудыг дэмжих юм. Өнөөдөр энэ асуудлын хүрээнд би Дархан хотод ирж, энэ үйлдвэрийг үзлээ. 100 гаруй хүнийг ажилтай болгосон байна. Урьд өмнө нь дандаа гаднаас авдаг байсан ургамлын тосны 30 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна гэдэг бол гадагшаа гардаг валютыг 30 хувь хязгаарлаж чадсан гэсэн үг. Тэгэхээр манай улсад ургаж байгаа рапсыг үйлдвэрлэлд ашиглавал нийт ургамлын тосны 80 орчим хувийг хангах боломжтой юм байна.
7
Би нүдээрээ харахаас өмнө арай өөр ойлголттой байсан. Газар дээр нь үзлээ. Монголчууд ч бас манай улсад цорын ганц ургамлын тос үйлдвэрлэж байгаа энэ компаниа дэмжиж бүтээгдэхүүнийг нь хэрэглэх хэрэгтэй. Үнэ ханшны хувьд импортоор орж ирж байгаа тосноос 20-30 хувийн хямд юм байна. Үнэ хямд байна гээд чанар муу байна гэсэн үг биш. Үнэ хямд, чанар сайн, шинэхэн бүтээгдэхүүн гэдэг хэрэглэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг асуудал. Импортоор оруулж ирж байгаа тос 3200 төгрөгөөс дээш үнээр зарагддаг бол дотооддоо үйлдвэрлэж байгаа тос 2700 төгрөг байна. Хэрвээ тос шахдаг үйлдвэрлэлийг монголдоо байгуулчихвал хэрэглэгчдэд одоо байгаа үнээсээ 20-30 хувь хямд, цэвэр органик бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой болох юм байна” гэлээ.
7
“Монгол алтан тос” ХХК-ний захирал Г.Ганболд энэ үеэр “ШӨХТГ-ийн дарга О.Магнай Дархан-Уул аймагт ажлаар явж байхдаа манай үйлдвэрээр орьё гэсэн хүсэлтээ тавиад айлчилж орж ирсэнд их баяртай байна. Ургамлын тосыг дотооддоо үйлдвэрлэж байгааг их сонирхлоо. Бүх шат дамжлагуудтай танилцаад манай улс ургамлын тосыг дотооддоо үйлдвэрлэж байгааг харлаа гэж байна. Үйлдвэрлэгч бидний хувьд түүхий эдээ хаанаас нийлүүлэх үү, татвар даатгалын асуудлаа яаж шийдэх вэ, төрийн зүгээс нэмүү өртөгийн тал дээр яаж анхаарах вэ гэдгийг анхаарч ирсэн” гэв.
7
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ