Орос, Украины сайд нар уулзав
Нидерландын Гааг хотноо Цөмийн аюулгүй байдлын III чуулганы үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Украины Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Андрей Дещица нар уулзсан тухай “ВВС” агентлаг мэдээлэв. Энэхүү уулзалт 50 минут орчим үргэлжилсэн байна. Хуралдааны төгсгөлд ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров хэвлэлийнхэнд “ОХУ-ыг “Их найм”-аас хассан нь тийм ч том асуудал биш. Бид Украин үндэстнүүдтэй харилцан ярилцсан” гэж ярьжээ.
ОХУ-ын удирдлагууд Украины шинэ Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, экс Ерөнхийлөгч Виктор Януковичийг хууль ёсны төрийн тэргүүн хэмээж буй. Гэсэн хэдий ч ийнхүү Оросын талаас анх удаа Киевийн шинэ Засгийн газрын сайдтай уулзаж санал бодлоо солилцжээ. Эх сурвалжийн мэдэгдэж буйгаар ОХУ, Украины гадаад хэргийн сайд нар Крымийн асуудлаар нухацтай ярилцсан ч тодорхой үр дүнд хүрээгүй гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ