Хувийнхан төрийн оролцоог багасгахыг хүсч байлаа
Монголын эдийн засгийн чуулган өчигдөр орой өндөрлөлөө. Үүний дараа чуулганы зохион байгуулагчид энэ жилийн чуулганы үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийсэн юм. Хоёр өдрийн турш Төрийн ордонд болсон эдийн засгийн чуулганд нийт 900 орчим төлөөлөгч оролцсоноос 100 гаруй нь гадны компанийн төлөөлөл байв. Өнгөрсөн жил 3 танхимд 12 салбар хуралдаан явагдаж байсан бол энэ жил 5 танхимд 34 салбар хуралдаан явуулсан нь оролцогчдын хувьд үгээ хэлэх боломжийг түлхүү олгосны дээр Монголын эдийн засгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцаж чадсан хэмээн зохион байгуулагчид хэлж байлаа. Эдийн засгийн чуулган дээр яригдсан асуудлуудын талаарх зөвлөмжөө сарын дотор нэгтгээд, шийдвэр гаргагчид болон чуулганы оролцогчдод хүргүүлэх аж.
5
Энэ жилийн чуулганы үеэр бүх салбар хуралдаан дээр яригдаж байсан нийтлэг санал нь бизнесийн төлөөллүүд бизнесийн эрх чөлөөтэй болох, төрийн зохистой оролцоог хангах асуудал байв. Түүнчлэн энэ жил анх удаа хэлэлцэж буй хүний нөөцийн талаарх салбар хуралдааны үеэр эдийн засгийн хөгжлийг дагаад хүний нөөцийг бэлтгэх бодлого байхгүй байгааг шүүмжилж байсан юм. Тус салбар хуралдаанд ажил олгогчдын төлөөлөл цөөн байсан нь оролцогчдыг гонсойлгож байв. Мөн “Төрийн болон хувийн хэвшлийн компаниуд зэрэгцэн оршин тогтнох нь” салбар хуралдааны үеэр бизнесийнхэн Засгийн газрын холбогдох төлөөлөлтэй нүүр нүүрээ харан ярилцахыг хүссэн ч харамсалтай нь тэд ирсэнгүй. Уг нь хувийн хэвшлийн оролцож чадахгүй болон оролцоод ашиг олохгүй салбаруудад төр орж, харин чадах салбаруудад нь төр оролцоогоо багасгах учиртай. Гэсэн ч өнөөдөр байдал эсрэгээрээ байгаа нь хувийн хэвшлийнхнийг хүнд байдалд оруулж буй юм. Үүнээс гадна 1990 оноос өмнө төр бүгдийг үйлдвэрлэж, төлөвлөж байсан бол үүнээс хойш зах зээлийн нийгэмд шилжсэн ч өнөөг хүртэл 100 төрийн өмчит компани хувьчлагдаагүй байгаа. Гэтэл үүний 60 гаруй нь алдагдалтай ажиллаж буй. Иймээс дээрх салбар хуралдааны үеэр эдгээр компанийг цаашид хэрхэх талаар ярилцаж байв. Мөн төр цаашид аж ахуйн үйл ажиллагаанд оролцохгүй байхыг хувийн хэвшлийнхэн хүсч байлаа.
5
Энд мөн онцлон хэлэхэд, Ерөнхий сайдын ивээл дор Монголын эдийн засгийн талаар жилдээ ганц чуулдаг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын тус уулзалтад манай улсын эдийн засгийн хөгжлийг хариуцсан сайд оролцсонгүй.
6
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ