“МН370” онгоцны хэсгүүдийг илрүүллээ
Сураггүй болоод гурван долоо хонож буй Малайзын “МН370” зорчигч тээврийн онгоц байх магадлалтай хоёр биет Энэтхэгийн далайд хөвж буйг Францын хиймэл дагуулын тусламжтай илрүүлжээ. Мөн дээрх хоёр хэсгээс гадна онгоцны сэг байж болох 122 зүйл илрүүлсэн тухай “ВВС” агентлаг мэдээлэв. Малайзын албаныхан “Францын хиймэл дагуулын зурагт онгоцны сэг байж болох 1-25 метр хэмжээтэй 100 гаруй зүйлийг илрүүлсэн. Онгоц харамсалтай ч гэсэн осолдох үедээ хэдэн хэсэг болсон нь тодорхой боллоо” гэв.
:
Хиймэл дагуулаас авсан зургаас харахад онгоцны хэсэг байх хоёр биетийн нэг нь хайх ажиллагаа явуулж буй талбайгаас 2500 километрийн зайд хөвж явжээ. Мөн Францын хиймэл дагуул 23 метрийн урттай бас нэгэн объектын зургийг авсан талаар Малайзын зам тээврийн сайд Хишаммуддин Хуссейн мэдэгдсэн байна. Тэрбээр “Өчигдөр олдсон олон жижиг хэсгүүд онгоцны сэг байх магадлалтай ч, Францын хиймэл дагуулаас авсан дээрх хоёр биет онгоц байх магадлал тун өндөр байна. Энэхүү хоёр биетийг Малайз, Хятадын аврагчид эрэг дээр гаргахаар ажиллаж байна” гэжээ.
.
Өнөөдөр болж буй хайгуулын ажиллагаанд зургаан цэргийн онгоц, таван иргэний нисэхийн онгоц, таван усан онгоц оролцсон тухай Австралийн тэнгисийн цэргийн хүчнээс мэдээлэв. Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак онгоц Энэтхэгийн далайд осолдож, нэг ч хүн амьд үлдээгүй гэж мэдэгдсэн ч өнөөг хүртэл таамаг хэвээр байгаа юм.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ