Украинд байгалийн хийн үнэ 50 хувиар нэмэгдэв
Украины шинэ Засгийн газрын мэдэгдсэнээр, Олон улсын валютын сангийн /IMF/ тусламжийг авахын тулд байгалийн хийн үнээ 50 хувиар нэмэгдэх болсон тухай “Ukraine agency” мэдээллээ.
Ерөнхий сайд Арсеный Яценьюк Олон улсын валютын сантай хийсэн хэлцлийн дүнд энэхүү болзлыг хүлээн зөвшөөрсөн аж. Украин, Олон улсын валютын сантай тусламжийн гэрээг байгуулсанаар 1.6 тэрбум еврогийн санхүүгийн дэмжлэг авахаар болсон байна.
Украины “Нафтогаз” төрийн өмчит эрчим хүчний компанийн албан ёсны мэдээгээр шинэ үнэ тарифыг ирэх тавдугаар сарын 1-нээс орон даяар мөрдөхөөр болжээ.
Украин улсын байгалийн хийн хэрэглээнийхээ 65 хувийг ОХУ-ын “Газпром” компаниас импортлож авдаг бөгөөд түүнийгээ зах зээлийн ханшаас доогуур үнээр хэрэглэгчдэд нийлүүлж буй учир ихээхэн хэмжээний алдагдалд хүлээх болжээ.
“Нафтогаз”-ын бодлого, төлөвлөлтийн дэд захирал Юри Колбушкины ярьж буйгаар, байгалийн хийгээр дулаанаа хангадаг компаниудын төлбөр ирэх долдугаар сарын 1-нээс 40 хувиар нэмэгдэх гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ