Хуулийн төв байгууллагуудад нэгдсэн шалгалт хийнэ

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар боловсруулсан “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Улсын Ерөнхий прокурорын санаачлагаар хуулийн төв байгууллагуудад нэгдсэн шалгалт хийхээр болжээ. Уг шалгалт хөдөө орон нутгаас эхлэх ба ирэх дөрөвдүгээр сарын 02-12-ны өдрүүдэд явагдана.

Шалгалтаар шүүх эрх мэдлийн болон хуулийн байгууллагуудын баримталж буй нэгдсэн бодлого, чиглэл, зорилт, өөрчлөлт, шинэчлэлтийг төв орон нутгийн хуулийн байгууллагад ажиллаж байгаа шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шийдвэр гүйцэтгэгч болон хуулийн бусад байгууллагын ажилтнууд хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгаж, дүгнэх юм.

 

ШЕЗ-ийн дарга, Хууль зүйн сайд, Улсын Ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу явагдах энэхүү арга хэмжээнд ШЕЗ, ХЗЯ, УЕПГ, ЦЕГ, ШШГЕГ-ын ажилтнууд оролцон ажлын долоон хэсэг болж, шалгалт явуулна. Ингэхдээ тус салбарт шинэчлэлийн бодлого, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн хэргийн шийдвэрлэлт хэрхэн явагдаж буйг шалгаж, дүгнэнэ.

Шалгалтын явцад илэрсэн дүнг үндэслэн аймаг орон нутагт нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулах юм байна. Мөн энэ үеэр тухайн орон нутгийн иргэдтэй уулзалт хийх ба хуулийн байгууллагуудтай холбоотой санал хүсэлт, гомдол зэргийг шалгалтын ажлын хэсэгт хүргүүлэн шалгуулах боломжтой аж.

 

Үүнээс гадна энэхүү ажлын хэсэг нь “Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах тухай” захирамж, тушаалын биелэлтийг газар дээр нь шалгаж, орон нутгийн төр захиргааны байгууллагын удирдлагуудтай уулзаж, үнэлэлт дүгнэлт өгөх юм байна. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг идэвхижүүлэх, хуудийн байгууллагын ажилтнууд болон иргэдийн санал хүсэлтийг сонсож цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргана.

 

Нэгдсэн шалгалтыг өмнө нь 2012 онд улсын хэмжээнд явуулж байсан ба энэ удаагийн шалгалт дөрөвдүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд Ховд, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймагт явагдана. Харин 04, 08-нд Баян-Өлгий, Говь-Алтай, Архангай, Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар, Дундговьд хийгдэх бол Увс, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Төв аймгийн хуулийн байгууллагыг 10, 11-ний өдөр шалгах хуваарь гарчээ.

Хөдөө орон нутгийн шалгалт дууссаны дараа нийслэлийн бүх дүүргийг хамруулан уг шалгалтыг зохион байгуулах аж.

.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ