Ажилтнаа цомхтгохгүйгээр хүндрэлээс гарах арга бий
Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа бол эсрэгээрээ төгрөгийн ханшийн сулралт нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж буй. Үүнийг сүүлийн хоёр жил дарааллан уул уурхайн бүтээгдэхүүний үнэ болон экспорт буурсан, гадны хөрөнгө оруулалт сайжрахгүй байгаатай холбон тайлбарладаг. Мөн зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсэнтэй холбоотой гэж үзэх хүмүүс ч цөөнгүй бий. Тэгвэл нэгэнт үүссэн эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах талаар өнөөдөр МҮЭХ-ны байранд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, шийдвэрлэх асуудлууд” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт МҮЭХ-ны удирдлагууд болон Хөдөлмөрийн яам, Монголбанк, ҮСХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Азийн хөгжлийн банк, судлаач эрдэмтдийн төлөөллүүд оролцсон юм. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид өнөөгийн тулгараад буй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хадгалахад төр болон бусад нийгмийн түншүүдтэйгээ МҮЭХ хэрхэн хамтарч ажиллах талаар санал зөвлөмж өгч байв.
5
Ингээд тус хэлэлцүүлэгт оролцсон зарим төлөөлөгчдийн байр суурийг тоймлон хүргэе.
5
Х.Амгаланбаатар: Хүндрэлийг давахын тулд ажилтнаа цомхтгох хялбар аргыг битгий сонгооч ээ
/МҮЭХ-ны ерөнхийлөгч/
-МҮЭХ нийгмийн түншлэгч 3 байгууллагын нэг гэдэг үүднээсээ өнөөгийн нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад өөрийн саналаа оруулах үүрэгтэй. Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор ажилчдаа цомхтгож байгаа тухай гомдол манай дээр өдөр бүр ирж байна. Иймээс ажил олгогч нар маань ажилтнаа цомхтгож өнөөгийн хүндрэлийг давах хамгийн хялбар аргыг битгий сонгооч ээ гэж хэлмээр байна. Энэ нь олон хүнийг ажилгүй болгож, хүндрэл бэрхшээлийг улам гүнзгийрүүлэх сөрөг талтай.
Олон улсад тухайн компани хүнд байдалд орсон бол ажилчиддаа хувьцаа эзэмшүүлэх замаар даван туулдаг арга бий. Өөрөөр хэлбэл, ажилчиддаа хувьцаа эзэмшүүлснээр тэд тогтвортой, бүтээмжтэй ажиллан, илүү ногдол ашиг хүртэхийг эрмэлзэх болно. Энэ нь тухайн компанийг хүндрэлээс гаргаж эргээд ашигтай ажиллахад нөлөөлөх юм. Энэ аргыг манайд “Хас”, “Голомт” гэсэн арилжааны 2 банк хэрэгжүүлж эхэлсэн байна билээ. Үүнээс бусад компани үлгэр жишээ авах хэрэгтэй.
5

/Монголбанкны Мөнгөний бодлогын хэлтсийн эрхлэгч/
-Манай улсын эдийн засгийн бүтэц сул байгаа нь хүнээр бол өнөөг хүртэл нэг хөлтэй юм шиг явж ирлээ. Бид зөвхөн уул уурхай, хөдөө аж ахуйн салбараасаа хараат байсаар ирсэн. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүн гадаад зах зээлийн нөхцөл байдалтай шууд хамааралтай байдаг тул үнэ унах үед дагаад эдийн засаг хүндрэлд орж байна. Үүнд Эдийн засгийн хөгжлийн яам тодорхой шийдэл гаргаж, санаа тавьж ажиллах хэрэгтэй.
Цаг сайхан байх үед олсон орлогоо зүгээр тараагаад дуусгахын оронд урт хугацаанд иргэдийнхээ тогтвортой амьдралын баталгааг хангах зүйлд зарцуулах байсан. Энэ талаар цаашид МҮЭХ Засгийн газарт санал оруулж, хамтарч ажиллах хэрэгтэй.
6
Б.Алимаа: Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тогтолцоонд шилжүүлэх хэрэгтэй
/ХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын дарга/
-Өнөөгийн нөхцөлд ажилгүйдлийн даатгалын тогтолцоог хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тогтолцоонд шилжүүлэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, ажилгүй болохоос нь өмнө өөр ажлын байранд шилжүүлэх зэргээр арга хэмжээ авах хэрэгтэй.
6
Л.Лханям: Хүнээ эрүүлжүүлж, хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй
/Доктор, профессор/
-Хүн нь хөгжихгүй бол улс хөгжихгүй. Гэтэл өнөөдөр хараад байхад маш их өвчлөл гарч, эрүүл Монгол хүн тун ховор болсон байна. Иймээс боловсон хүчиндээ анхаарах цаг болжээ. Мөн Хятад, Япон улс яаж хөгжөөд байна гэдгийг анхаарч, Монгол Улсын онцлог юу вэ, бид юундаа тулгуурлаж цаашид хөгжих вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Түүнчлэн үндэсний мөнгөн тэмдэгттэй харьцах ханшаа яаж тогтворжуулах талаар анхаарах нь зүйтэй.
6
Ц.Эрдэнэбаатар: Аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, ажлын байраа хадгалж үлдэх нь хүндрэлээс гарах гарц болоод байна
/Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны орлогч захирал/
-Өнөөдөр манай улсад нийт 70 гаруй мянган компани бүртгэлтэй байдаг. Одоо үүнээс 36 мянга нь л үйл ажиллагаа явуулж байна. Өнөөгийн нөхцөл байдалд компаниудад ажилчдаа цомхотгох, урт хугацаагаар амраахаас өөр гарцгүй болоод байна. Орлогогүй болсон аж ахуйн нэгжүүд ажилчиддаа цалин өгч чадахгүй гэдгээ хэлэхээс өөр аргагүй. Ажилгүйдэл өөрөө нийгэм, эдийн засагт үүссэн хамгийн хүндрэлтэй үзэгдэл.
Өнөөгийн энэ хүнд байдлаас гарах гарц аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, ажлын байраа хадгалж үлдэх хэрэгтэй байна. Аж ахуйн нэгжүүд банкны зээлээр ашиг олно гэдэг үлгэр болсон. Манай банкны зээлийн хүү өндөр. Орлогынхоо 20 хувийг банкинд өгнө гэхээр цаана нь ажлаа үргэлжлүүлэх орчноо бэлдэх, ажилчиддаа цалин өгөх боломжгүй. Тэгэхээр эхлээд жижиг дунд үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй байна.
6
Б.Саранчимэг: Статистикийг улс төржүүлэхээс өөрөөр ашиглахгүй байна
/Үндэсний статистикийн хорооны газрын орлогч дарга/
-Статистикийн газар хүн амын дунд байгаа өвчлөл, хөдөлмөрийн насны хүний тоо, дээд боловсролтой хүмүүсийн ажилгүйдэл, хотод 10 хүний 3 нь, хөдөө 10 хүний 5 нь ядуу байгаа, жилээс жилд мах, гурилны хэрэгцээ багасч үүнээс үүдээд нэг хүний хүнснээс авах илчлэг буурч байгаа зэрэг нийгэмд хэрэгтэй олон мэдээллийг хүргэсээр ирсэн. Бид үүнийгээ шийдвэр гаргагчид болон энэ чиглэлийн судалгааны байгууллагуудад аль болох ойлгомжтой болгох үүднээс олон аргаар мэдээллээ хүргэсэн ч амжилт олохгүй байна. Сүүлдээ дунд сургуулийн хүүхдийн түвшинд статистик мэдээллийг хэрхэн ашиглах талаар хүртэл мэдээллээ бэлтгэж гаргасан ч төдийлөн ахиц гарсангүй.
Уг нь бол статистикаас гаргаж буй энэ тоонуудыг ашиглаж чадвал хүнээ хэрхэн хөгжүүлэх, тэднийг яаж ажилтай орлоготой болгох гээд улс орны хөгжилд чухал хувь нэмрээ оруулах нэг шат болох юм. Гэвч манайд өнөөдрийн байдлаар улс төржүүлэхээс өөрөөр ашиглахгүй байна.
6
Д.Даваасамбуу: Хөрштэйгөө худалдан авах нөхцлийг сайжруулах талаар хэлэлцэх хэрэгтэй
/Азийн хөгжлийн банкны Төслийн багийн зөвлөх/
-Өнөөгийн нөхцөл байдлыг хямрал гэхээсээ илүү сүүлийн 2 жил нүүрс, алт, зэсийн ханш дэлхийн зах зээлд буурсантай холбоотойгоор үүссэн хүндрэл гэж харж байна. Монгол Улсын эдийн засаг цаашдаа өсөх боломжтой. Гэхдээ нэгэнт л томоохон үйлдвэрүүд байгуулж, ажлын байр нэмэгдүүлэх гэж байгаа бол хоёр хөрштэйгөө худалдан авах нөхцлийг сайжруулах талаар хэлэлцээр хийх хэрэгтэй. Тодруулбал, бид бүтээгдэхүүнээ баяжуулаад боловсруулаад гаргая гэхээр маш өндөр татварыг цаад талдаа төлөх болдог. Энэ нь эргээд үйлдвэрлэл эрхлэхэд саад учруулж байна.
6
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ