
АНУ-д хууль бусаар оршин сууж байсан хоёр монгол эрэгтэй өнгөрөгч долоо хоногийн ням гарагт тус улсын хууль сахиулах албанынханд баривчлагдсан байна. Хэргийн талаар тодруулбал 47 настай Б.Цэрэнжанхар, 46 настай М.Хангай нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан аж.
Энэ тухай Индиана мужийн Валпарайсо хотын цагдаагийн газар руу "75.2 Линколнвэй"-д байрладаг бензин колонкийн ажилтан утасдаж, замын эсрэг талд машин онхолдсон тухай дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу хэргийн газарт цагдаагийн ажилтан очиход Б.Цэрэнжанхар нарын унаж явсан автомашин нь замын зүүн тал руу хашлага эвдэн гулсаж онхолдсон байсан аж.
Тэд "Чикагог зорин явж байсан боловч замын халтиргаанаас үүдэн жалга руу орсон" гэж мөрдөн байцаагчид мэдүүлжээ.
Осол гаргасан хоёр монгол эрэгтэйн биед эмч нар шинжилгээ хийхэд Б.Цэрэнжанхарын цусанд спирт байх хэмжээнээсээ гурав дахин их байсан нь тогтоогджээ. Тус хотын цагдаагийн газраас дээрх хоёрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан гэх үндэслэлээр буруутган хэрэг үүсгэжээ. Түүнчлэн цагдаагийн ажилтнуудын хэвлэлд өгсөн мэдээллээр М.Хангай нь Индиана болон Иллиноис мужуудад гэмт хэрэг үйлдээд хэргийн газраас оргон зайлсан байсан гэдгээр ч давхар яллуулах аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ