Сугалаатай сарын сураг

img

 

Хавар хаяалж ханш нээх дөхлөө. Энэ цагт газар тариалангийн ажил,  нүүдэл суудал эхэлж хүн байгаль өвлийн тоосоо гөвж шинээр төвхөнөхөөр хөдөлдөг цаг. Оюутолгойн бүтээн байгуулалт, ноён долларын ханш буурахаас үл хамаарч иргэд идэвхитэй байж, анхаарч оролцох хэд хэдэн ажлуудыг нийслэл хотод эхлүүлэх гэж байна

Буянт-Ухаа газар, хол газар яваар одогсод хийгээд угтан авагч, үдэн гаргагсадын хөл дардаг байсан бол одоо баахан иргэдийн ая тухтай амьдрах хүсэл мөрөөдөл уяагдаад буй. Ирэх сард нэгэн азтай тохиолын эзэн болох эсэхээ хүлээн лам бөө бүхнээр хийморь лундагаа нэмж, арга заслаа хийлгэж нойр дутуу хонож эхэлсэн  9081 хүн бий болоод байна. Энэ бол буянт ухаа цогоцолборт байр авахаар заасан цагт амжиж бүртгүүлсэн иргэд. Засгийн газрын иргэдээ хямд үнэтэй орон сууцаар хангах төсөл явсаар азын шооны нүх мэдэх сугалаагаат уралдаан болоод байгаа нь энэ. Хэн нь байр авахыг шодох сугалааны дүрэм зохиогдож байгаа гэсэн.

 

Зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан “Буянт-Ухаа-1” хороололд байр авах хүсэлтэй иргэдийн бүртгэл гуравдугаар сарын 24-ний өдрийн 18 цагт дуусчээ. 14 хоногийн хугацаанд нийт 9081 хүн бүртгүүлсэн гэж мэдээлэгдлээ. Үүнд 3987 нь төрийн албан хаагч бол 2385 нь өндөр настан, 1730 залуу гэр бүл,  979 хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажээ. Хамгийн том буюу  51,78 ам метр талбай бүхий байранд орох хүсэлтийг хамгийн олон буюу 2552 нь болсон гэнэ. Эдгээр хүсэлтээ өгсөн иргэдийн материалыг нэгтгэн Улсын бүртгэлийн газар, нийгмийн даатгалын газар зэрэг мэргэжлийн байгууллагуудаар хянуулж, шалгаруулах ба энэ хооронд сугалааны дүрэм бэлэн болж ойролцоогоор ирэх сардаа багтан сугалаа явагдсан байх магадлал байна. Одоогийн бүртгэлээс харах бол 565 байрны эрхийн төлөө 9081 хүн азаа үзэх ба ойролцоогоор 16 хүний нэг нь байрны эрх гардах нь.

Энэ сугалаанд  төрийн албан хаагч, хэд, өндөр настан хэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэд байх хийгээд сугалааг хэрхэн зохион байгуулахыг одоогоор тогтож зарласан зүйл алга. Анх ерөнхий сайдын тууз хайчлах баяр дээр мэдэгдсэнээр зорилтод бүлгийн харьцаа гэдгээ бариад хувиарлах биз. Азын шооны нүх мэдэх үү, ар өврийн хаалга, танил тал мэдэх үү гэдгийг бүртгүүлж амжаагүй буюу зорилтод бүлэгт багтаагүй бусад нь ажиглаж дараагийн ийм төрлийн сугалаанд оролцох туршлага мэдлэг бөөгнүүлж суух нь зөв болж байх шиг байна.

   

Энэ мэт байдлаар харвал бултаараа байранд ортол хаа ч юм. Тэгвэл өөрт оногдсон үнэгүй өмчлөх 0.07 га газраа аваагүй нь авцгаая. Манайхаас арай өөр зохицуулалттай оронд бол газартай л бол хаана ч баян бардам байх учиртай юм. Газар эдийн засгийн эргэлтэд орж жинхэнэ утгаараа баялгийн эх, мөнгөний урсгал болох цаг удахгүй. Өнөөдөр хашаа байшин авахгүй, газар барьцаалахгүй зөвхөн орон сууц нэг бол шүрэн толгойтой хөөрөг барьцаалж зээл өгнө гэж суугаа банк болоод банк бус байгууллагууд өөрөөр дуугарч “газартай бол  хүрээд ир ээ “ гэж даллах цаг ирэх байх.

Иргэн бүрт газар өмчлүүлэх хууль 2003 оны тавдугаар  сарын 1-нд мөрдөгдөж эхэлснээс өнгөрөгч оны хоёрдугаар улирал хүртэл улсын хэмжээнд өссөн дүнгээр 255.458 иргэн 28287.68 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөөд байгаа аж. Энэ нь нийт хүн амын 9.19 хувь, иргэдийн өмчилж авсан ба өмчлөгдсөн газар нь нийт нутгийн 0.19 хувийг эзэлж байгаа нь дэндүү бага үзүүлэлт. Хүн амын  45 орчим хувь оршин сууж буй Улаанбаатар хотод газраа хувьчилж авсан иргэд нийт оршин суугчдын дөнгөж  7.54 хувьд л хүрэх төдий байгаа талаар өнгөрсөн жил албаны хүн мэдэгдэж байсан.

 

2008 онд Монгол Улсын иргэн бүр нийслэл, аймаг, сумын төвд амьдарч байгаагаас үл хамааран 0.07 га газар өмчлөх эрхтэй гэж заан энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Ингэснээр нийслэлд байхгүй болсон газрыг хувьчлах хий хоосон уриа цааш харж хотоос зайдуу шинэ суурьшмал газарт иргэдэд газар өмчлүүлж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхлэх үед нийслэлд газар өмчлөх эрхтэй 200 мянга гаруй гэр бүл байжээ. Гэтэл 2008 онд хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар нийслэлд нэг сая  200 мянган иргэн газар өмчлөх эрхтэй болоод буй. Энэ өөрчлөлтөөр газар өмчлөх эрхтэй субъект зургаа дахин нэмэгдсэн байна. Харин эргээд иргэдийн сонирхож буй бүсэд газрын нөөц хомсдож эхэлсэн байдаг. Уул нь хуулийнхаа нэмэлттэйгээ зэрэг хотын зах газрууд руу зам цахилгаан, худаг ус дэд бүтэц бий болгож эхэлсэн бол иргэд заавал Баянхошууны уулын орой дээр хашаа барьж яндан босгох гэхгүй. Газар хувьчлалыг дутуу дулимаг, бодлого боловруулалт муутай, улс төрийн шоу болгон эхлүүлсний үр дүн нь одоогийн хотоо бүсэлсэн гэр хороолол, салхин дээр уулын оройг шивээлж буусан айлууд.

Ухаалаг болох уриатай болсон энэ төр одооноос  газар олгох ажлыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа мэдээлэл гарсан байна.

   

Газар өмчлөх хүсэлтэй иргэдийн саналыг дүүргийн Өмч, газрын харилцааны алба цахимаар хүлээн авах юм байна. Өнгөрсөн жилүүдээс улбаалж төрийн ажил албаны шударга цэвэр явагдахад итгэхэд бэрх болсон тул өнөө цахим гэж үг шударга  ёс гэдэг шиг сонсогдох болсон. Энэ талаас нь гэгээтэй харвал энэ хавраас газар олголт хүнд суртал чирэгдэл багатай шударга зохион байгуулагдаж магадгүй байна. Албаныхны тайлбараар бол дөрөвдүгээр сард багтаан иргэдийн газар өмчлөх хүсэлтийг дээрх цахим байдлаар хүлээн авах юм байна. Хүсэлтийг хүлээн авсны дараа мөн л сугалаагаар газрыг нь өмчлүүлэх аж.

Ирэх сард ханш нээхийн хажуугаар цахим бүртгэл, сугалаа хоёр бидний нэгэн чухал хэргийн бүтэх, эс бүтэхийн баяр гунигийг шийдэх болж дээ. Ухаалаг төр сугалаанд сүжирдэг юм болов уу даа.

,

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

toogii:
uguiee yahuu ingej bgal blnoshd
2014-03-31
toogii:
uguiee yahuu ingej bgal blnoshd
2014-03-31
toogii:
uguiee yahuu ingej bgal blnoshd
2014-03-31
toogii:
uguiee yahuu ingej bgal blnoshd
2014-03-31
zochin:
toglood daapaalaad duuslaaduu
2014-03-31