Эдийн засгийн хүндрэлээс “хуурай гарахгүй” ч живчихгүй юмсан
Эдийн засаг хүндэрлээ. Муу амлаад байгаа ч юм биш. Тэр дундаа өрхийн эдийн засаг хүндэрснийг иргэдийн амнаас үнэмшихгүй бол ҮСХ-ны энэ сарын мэдээллийг харахад тодорхой. Өнгөрсөн сард эдийн засгийн голлох үзүүлэлт тааруухан гарсан байна лээ. Инфляци дахиад л өсөлттэй гарч 12.2 хувьд хүрсэн. Хэрэглээний үнийн индекс ийнхүү өсөхөд импортын гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа хүнсний төрлийн барааны үнэ нэмэгдсэнтэй холбоотой байна. Гадаад худалдааны тэнцэл 19.3 сая ам.долларын алдагдалтай, дахиад л хасах дүнтэй гарчээ. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар манай улс 92 оронтой худалдаа хийж, нийт бараа эргэлт 1208.5 сая ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 594.6 сая ам.доллар, импорт 613 сая ам.долларт хүрчээ. Өмнөх сартай харьцуулахад энэ сард манай улсын экспорт 273.4 сая ам.доллароор өссөн байна. Экспорт өсөлттэй гарсан нь түүхий газрын тос болон алтны экспорт нэмэгдсэнтэй холбоотой аж. Мөн улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 90.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
1
Эдийн засаг хүндэрснийг иргэдийн яриа, статистикийн тоо баримтаар баталгаажиж, эдийн засагчид ч хүлээн зөвшөөрч байгаа. Харамсалтай нь манай эрх баригчид эдийн засаг хүндрээгүй, харин сайнгүй байгаа нь үнэн гэж үгэн дээр тоглолт хийн зөрж яриад байгаа юм. Ам.долларын ханш байнга л хэлбэлзэж байгаа. Энэ нь эдийн засаг тогтворгүй байгаа дохиог өгөөд байгаа хэрэг. Ханш тогтох нь гадаад болоод дотоод зах зээлийг тогтоож өгдөг. Тиймээс ханш савлахгүй тогтвортой байх нь маш ач холбогдолтой эд. Ханш юунаас болж тогтож өгөхгүй савлаад байна вэ?
1
Эдүгээ гадаадаас орж ирэх орлого байхгүй болсон. Оюутолгой хөрөнгө оруулалт гэрээ хэлэлцээрийн шатандаа явж, нүүрсний үнэ гадаад зах зээлд унаснаас “Тавантолгой” зогссон. 2011 онд 4.6 тэрбум ам.доллар гадаадын шууд хөрөнгө оруулалтаар орж ирж байсан. Харин энэ онд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 1.5 ам.долларт хүргэчих юмсан гэж чардайж байна лээ. Ерөнхийдөө гадаадын хөрөнгө оруулалт буурснаас эдийн засаг хүндэрчээ. Манай улсын экспортын 97 хувийг уул уурхайн салбар эзэлдэг. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болгож, хайгуулыг лицензийг зогсоосон нь өнөөгийн хүндрэлийг дагуулж. Өнгөрсөн онд гадаадын хөрөнгө оруулалт 40 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон гэдэг санаа байсныг өнөөдөр л ойлгож байгаа мэт улстөрчид яриад байх юм. Тэр үедээ тодорхой л байсан шүү дээ. “Хөрөнгө оруулалт буурснаас биш эдийн засаг муудсан уу гэвэл үгүй гэж хэлнэ” гээд бас мэлздэг. Харин хөрөнгө оруулалт буурсныг өмнөх “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль цаг үеэсээ хоцорсон” гэж бурууг тохоод байсан. Тэгээд л цаг үетэйгээ хөл нийлүүлэхээр өнгөрсөн намрын чуулганы эхэнд Хөрөнгө оруулалтын тухай хууль баталсан. Өнөөдөр хууль эрх зүйн шинэ орчныг бий болгосон ч гадаадын хөрөнгө оруулагчид манай улстөрчдөөс хальшраад, наашаа зүглээгүй л байна. Тэгэхээр хөрөнгө оруулалт буурсан үзүүлэлт ямартай ч тухайн үеийн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас болсон байжээ гэдгийг баталж чадаагүй л байна, манай улстөрчид. Хэрвээ уг хуулиас болоод гадаадын хөрөнгө оруулалт буурчихсан байсан бол шинэ хууль батлагдсан сургаар хөрөнгө оруулагчид эргээд наашаа зүглэмээр л юм. Харамсалтай нь Эдийн засгийн форум зохион байгуулж, урьж залаад ч гадаадын хөрөнгө оруулагчдын сураг алдарч, өнөөдөр бид муулаад байсан “Оюутолгой”-гоо царайчлахад хүрчээ.
1
Энэ оны улсын төсвийг батлахдаа “Оюутолгой”-гоос орж урьдчилгаа 1.5 тэрбум ам.долларыг багтаан тооцсон юм билээ. Хэрвээ энэ онд Оюутолгойн хөрөнгө оруулалт хийгдэхгүй бол “дараа жил” гэх хугацаа эрх баригчдад байхгүй. 2015 онд Оюутолгой хөрөнгө оруулалтаа ажлаа дөнгөж эхлүүлээд, үр дүнг нь үзээгүй байтал сонгуулийн жилтэй золгоно. Шинэчлэлийн Засгийн газрын гарааны жил 2013 оноор дуусгавар болсон, харин эдүгээ замын дунд амьсгаа авах ч эрхгүй яваа. Харамсалтай нь гадаадын хөрөнгө оруулалт зогссон нь гацаанд оруулаад байгаа. Валютын ханш төгрөгт гүйцэгдэхээ больсон. Цаашид ч хурдаа авч мэднэ гэсэн сэрэмжлүүлэг байна лээ. Ийнхүү мөнгөний бодлого дархлаагаа алдаж, сульджээ. Өөрөөр хэлбэл, манай улсын гадаад эдийн засаг томоохон шоконд оржээ. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэдэг шиг Оюутолгойгоос орж ирэх хөрөнгө оруулалт сульдсан эдийн засгийг тогтворжуулах гарц гэж эдийн засагчид ярьж байсан. Эдийн засгийн хүндрэлээс хуурай гарахгүй ч живчихгүй юмсан, бүгдээрээ.
1
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ