“Ширээт гал” цомгийн нээлт боллоо
Монголын хөгжмийн урлагт шинэ өнгө төрх, өвөрмөц уран бүтээлээрээ өнгө нэмж буй “Загасан ширээт тамга” хамтлаг бие даасан шинэ цомгоо гаргажээ. Хөөмийн урлагийг хип хоптой хослуулан уран бүтээлээ туурвидаг тус хамтлагийнхан өнөөдөр “Ширээт гал” нэртэй анхны цомгийн нээлтээ хийлээ.
Шинэ цомогт тува, буриад, халимаг, хазаар зэрэг үндэстний 11 дуу багтсан аж. Хамтлагийн гишүүн Б.Одсайхан “Бид язгуур урлагаа орчин цагийн урлагтай хослуулж ардын урлагийг өвлүүлэх, таниулах, сурталчлах зорилготойгоор энэхүү цомгийг гаргасан. Манай хамтлагийн зорилго зорилт ч бас үүнтэй нягт холбогдоно” хэмээн нээлтийн үеэр онцолсон юм.
Тус хамтлаг 2009 онд байгуулагдсан бөгөөд хөөмийн 12 төрлөөс хархираа, шахаа, исгэрээ, хосмолжин зэргийг уран бүтээлдээ ашигладаг аж. Тэд өнгөрсөн оны зургаадугаар сард болсон Монгол үндэстний дууны их наадамд гуравдугаар байр эзэлсэн байна.
Дашрамд дуулгахад, тус хамтлагийнхан “Гурван бүдүүн” хамтлагийн Эрдэнээтэй хамтран “Жангар” хэмээх шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа гэнэ.
Б.Нямсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ