Ноолуурын үнэ 89 мянга хүрчээ
Хөдөө аж ахуйн биржийн өнөөдөр өдрийн арилжааны мэдээнээс харахад нэг богц буюу 10 кг ямааны түүхий ноолуур 890 мянган төгрөгийн үнэтэй байна. Тодруулбал, энэ хавар ноолуурын үнэ өмнөх жилүүдээс харьцангуй өндөр буюу кг нь 89000 төгрөгт хүрчээ. Уржнан ноолуур кг нь дунджаар 46600 төгрөг байсан бол өнгөрсөн жил 67100 төгрөг байсан. Ноолуурын үнэ ийнхүү өсч байгаа нь хэд хэдэн шалтгаантай болохыг мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна.
6
Цаашдаа ноолуурын үнэ өснө гэв
Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт жилд бэлтгэгдэх бүх ноолуурыг 100 хувь боловсруулах асуудлыг дэвшүүлж, үүнийг хэрэгжүүлэх шаардлага салбарын яамны өмнө тавигдаж байгаа билээ. Дээрх шаардлагыг 2013-2020 он хүртэл 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн "Ноолуурын салбарыг 2013-2016 онд хөгжүүлэх төсөл"-ийг боловсруулсан. Тэгвэл ийнхүү ноолуурын зах зээлийг төрөөс дэмжиж буй нь ноолуурын ханш өсөх нэг шалтгаан болж буй аж. Мөн Хөдөө аж ахуйн бирж байгуулагдсантай холбоотойгоор ченжийн гар дамжих үзэгдэл буурч, малчид биржээр дамжуулан ноолуураа борлуулж байгаа нь үнэ тогтворжих бас нэг шалтгаан юм байна.
6
Энэ бүхэнтэй холбоотойгоор гол түүхий эдээ манайхаас авдаг урд хөршийн ноолуурын экспорт буурч байгаа нь энэ жил ийнхүү ноолуурын үнэ урьд хожид байгаагүйгээр өсөх шалтгаан болжээ. Цаашдаа ч ноолуурын үнэ өсөхийг тус салбарын мэргэжилтнүүд хэлж байна.
6
Үйлдвэрүүдээ дэмжвэл “эко” чанараараа дэлхийд өрсөлдөнө
Манай улс жилдээ 7000 орчим тонн ноолуур авч, үүнийхээ 700 орчим тонныг бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргадаг талаар ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл ярьж байсан. Үлдсэн хэсэг нь мэдээж анхан шатны боловсруулалтад орж, угаагаад Хятад болон бусад өндөр хөгжилтэй орнууд руу экспортлодог аж.
6
Тэгвэл манай улс эргэлтийн хөрөнгөтэй байгаад түүнийгээ хэрэгжүүлж чадах юм бол бүх бэлтгэсэн түүхий эдийнхээ 50 орчим хувийг дотооддоо боловсруулах хүчин чадал байгааг Монголын ноос ноолуурын холбооноос мэдээлдэг. Харин салбарын яамнаас баримтлаж буй "Ноолуурын салбарыг 2013-2016 онд хөгжүүлэх төсөл"-ийн санхүүжилтэд нийтдээ 500 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Үүнээс хөнгөлөлттэй зээлд 243.5 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Харин хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа 5 жил бөгөөд нийт ноолуурын 50 хувийг үндэсний үйлдвэрүүд боловсруулах боломж бүрдэх юм. Ийнхүү бид ноолуураа дотооддоо боловсруулбал, ноолууран бүтээгдэхүүний 60 хувийг худалдан авдаг дотоодын зах зээл дээр бараа бүтээгдэхүүний үнэ одоогийнхоос буурах давуу талтай. Түүнчлэн ноолууран эцсийн бүтээгдэхүүн маань “эко” гэдэг чанараараа дэлхийн зах зээлд Итали, Хятад зэрэг улстай өрсөлдөх боломж өндөр болох юм.
6
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ