Бүгд Найрамдах Унгар Улсын нийслэл Будапешт хотноо 3 дугаар сарын 26-29-ны өдрүүдэд зохион байгуулагдсан хөнгөн атлеткийн ахмад мастеруудын (World Master Athletics Championships indoors – WMACi 2014) дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бөөрөнцөг, жад зээрэнцэгийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 76 настай тамирчин Т. Цэрэндолгор төрөл бүрдээ тэргүүлэн гурван алтан медаль авсан байна.
.Т.Цэрэндолгор нь Монголын хөнгөн атлетикийн туршлагатай тамирчдын нэг бөгөөд өмнө нь Бразил, Европын олон оронд зохион байгуулагдаж байсан тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож алт 12, мөнгө 21, хүрэл 9, нийт 42 медаль хүртэж байсан байна. Тэрээр Мастеруудын Дэлхийн тоглолтын аварга, Ази тивийн 11 удаагийн аварга, Ази тивийн рекорд амжилтыг 7 удаа шинэчлэн тогтоож чадсан манай шилдэг ахмад тамирчдын нэг юм.
Монгол Улсаараа овоглосон 209 дугаартай Т.Цэрэндолгорын оролцсон дээрхи Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 72 орны 426 ахмад мастерууд оролцон эр зориг, тэсвэр хатуужил, хурд хүчээ сорин уралджээ. Ахмад тамирчин Т.Цэрэндолгор Дэлхийн шилдэг тамирчны хувьд Бельги Улсад зохион байгуулагдах Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Будапешт хотоос Брюсель хот руу мордсон байна.
,
,Д.Цэцэг