Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 572 хэрэг шийдвэрлэжээ
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Ц.Цогт, шүүгч Д.Батбаатар, Тамгын газрын мэргэжилтэн М.Цэвэлмаа нар өнөөдөр шүүхийн шүүн таслах үйл ажиллагааны дүн мэдээ, шийдвэрлэж буй маргааны төрөл, газар өмчлөхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Уг шүүх өнгөрсөн онд 660 захиргааны хэргийг хүлээн авснаас 572 хэргийг хянан шийдвэрлэжээ.Ингэхдээ нэг шүүгч дунджаар 106 хэргийг давж заалдах журмаар хянажээ. Нийт хэргийн 59,1 хувь нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс ирсэн бол 40,9 хувь нь хөдөө орон нутгийн анхан шатны захиргааны хэргийн шүүхээс ирсэн байна.
Харин гурван жилийн хугацаанд нийт 1500 гаруй хэргийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэртэй 1000 хэрэг, шүүхийн тогтоол шүүгчийн захирамжтай хэрэг 414, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас магадлалыг хянуулахаар ирүүлсэн 10 хэрэг нийт 1424 хэргийг хянан шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдсэн хэргийн дийлэнх буюу 20 хувийг газрын маргаан, 18 хувийг төрийн алба, 17 хувь нь сонгуулийн маргаан байна. Харин татвар, ашигт малтмал, ЭХЭУБүртгэл, тендер болон бусад маргаантай холбоотой хэргүүд шийдвэрлэсэн хэргийн үлдсэн хэсгийг эзэлж байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ