Улсад 600 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлжээ
Цагдаагийн байгууллагаас он гарсаар эдийн засагтай холбоотой цөөнгүй хэргийг илрүүлсэн байна. Ялангуяа зохион байгуулалттайгаар үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдэд, онцгойлон анхаарал хандуулж, илрүүлэн ажиллаж байгаа аж. Энэ ажлын хүрээнд НӨАТ-ыг хуурамчаар бичиж, татвараас санаатайгаар зугтаж улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан нэгэн хэргийг илрүүлэн шалгаж байгаа юм байна.
Энэ нь улсад 600 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэг юм байна. Хэрэг одоогийн байдлаар мөрдөн байцаалтын шатанд явж байгаа бөгөөд 200 гаруй тэрбум төгрөгийг нөхөн төлүүлээд байгаа тухай албаны эх сурвалж мэдээлсэн. Мөн уг хэрэгт Төрийн зарим нэгэн албан хаагч албан үүрэгтээ хайнга хандсан гэдэг үндэслэлээр оролцон шалгагдаж байгаа. Уг хэрэг одооогоор мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгааг хэлсэн.
Төрийн албан хаагч ажилдаа хайнга хандаж, хуурамч баримтад квот олгожээ
Мөн гадаадаас ажиллах хүч оруулж ирдэг компаниуд ажилчдыг хууль бусаар, зохион байгуулалттайгаар оруулж ирдэг, татвараас зайлсхийж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж байгаа аж.
Энэ тухай ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “ЭЦГ-ын Эдийн засгийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гадаадаас ажилчин оруулж ирдэг асуудлыг шалгаж байгаа. Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн, улсад их хэмжээний хохирол учруулсан компаниудыг шалгана. Зарим Төрийн албан хаагч албан үүрэгтээ хайнга хандаж, хуурамчаар бүрдүүлсэн бичиг баримтад квот олгосон байгаа.
Энэ асуудлыг шалгаад явж байна. Эхний ээлжинд 50 гаруй компанийг шалгана. Цаашдаа 2012-2014 оны хооронд үйл ажиллагаа явуулж, гадаадаас ажилчин оруулж ирж байсан бүх компанийг шалгах юм. Тэгэхээр энэ ажил эрчимтэй явагдана гэсэн үг” гэсэн юм. Дээрх хэргийг ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөх албанд шалгаж байна
,
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ