Мөнгөний зөөлөн бодлогоо чангалах ёстой гэв
Монгол болон Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өнөөгийн байдал, ирэх жилийн өсөлтийн төлөвийн талаар Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Jan Hansen, эдийн засагч Л.Амар нар мэдээлэл хийлээ. Манай улсын эдийн засагт үүсээд буй хүндрэл, түүний учир шалтгаан нь үндсэндээ тодорхой байна. Өөрөөр хэлбэл, энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, нүүрсний экспорт багассан, төсөв мөнгөний зөөлөн бодлого явуулж байгаагаас төлбөрийн тэнцэл дарамтад орсон, валютын ханш өссөнөөс үүдэлтэй хүндрэлээр илэрч байна. Тиймээс энэ онд ДНБ-ий өсөлт 9.5 хувь байна гэсэн таамаглалыг Азийн хөгжлийн банкнаас хийж байгаа аж. Гэхдээ үүнд Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтыг тооцсон байна. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн онтой харьцуулахад өснө хэмээн үзжээ. Манай улсын эдийн засаг хэдхэн жилийн өмнө 17.5 хувь болж өссөн билээ. Харин өнгөрсөн жил 11.7 хувь байсан юм. Инфляцийн хувьд хоёр оронтой тоо руу орж 11 байна хэмээн тооцсон байна. Шалтгаан нь Засгийн газраас өнгөрсөн жил барилга, дэд бүтэц болон бусад салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Үүний нэг нөлөөлөл нь инфляциар илэрч гарна хэмээн тооцжээ. Тиймээс төсөв мөнгөний зөөлөн бодлогоо чангалах ёстой гэсэн зөвлөмжийг өгч байгаа аж.
:
Нөгөө талаас манай улсын эдийн засаг Хятадын эдийн засгийн төлөв байдлаас ихээхэн хамааралтай хэвээр байгааг Азийн хөгжлийн банкныхан анхааруулж байна. Хятадын эдийн засгийн төлөв байдал ямар байхаас хамаарч манай улсын эдийн засгийн “хувь заяа” хамаарна хэмээн хэлж болох аж. Хятад зээл олголтыг хязгаарлах арга хэмжээ авсан тохиолдолд тус улсын эдийн засгийн өсөлт саарч, хөрш зэргэлдээ Монгол зэрэг улсад нөлөөлөх эрсдэлтэй гэнэ. Тодруулбал, Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарах төлөвтэй байгаа аж. Тус улсад зээлийн өсөлтийг сааруулж, аж үйлдвэрийн илүүдэл хүчин чадлыг хумьж эхэлсэн, орон нутгийн захиргааны өр нэмэгдэж буй, цалингийн зардал өссөн, юанийн ханш чангарсан, улсын хөгжлийн бодлогыг тооноос чанар руу хандуулах болсон зэрэг нь өнгөрсөн онд эдийн засгийн өсөлтийг 7.7 хувь болгож бууруулжээ. Цаашид дээрх хүчин зүйлсийн нөлөө үргэлжилсээр байх тул Хятадын ДНБ-ний өсөлт энэ онд 7.5, ирэх жил 7.4 хувь болж буурна хэмээн таамаглаж байна.
:
Дашрамд дурьдахад, дэлхийн эдийн засаг сэргэх хандлага ажиглагдаж, эрсдэл харьцангуй буурсан хэмээх таатай мэдээллийг ахлах эдийн засагч Jan Hansen өгч байна. Түүний хэлж буйгаар голлох аж үйлдвэржсэн орнуудын эдийн засгийн сэргэлт улам эрчимжиж байгаа аж. АНУ, евро бүс хийгээд Японы ДНБ-ий өсөлт өнгөрсөн онд дунджаар 1 хувь байсан бол энэ онд 1.9 хувьд хүрч, улмаар 2015 онд 2.2 хувьд хүрнэ хэмээн тооцжээ. Гэхдээ эдийн засаг сайжирна хэмээн бүрэн найдаж болохгүй хэмээн анхааруулж байна. Учир нь голлох аж үйлдвэржсэн орнуудын эдийн засгийн сэргэлт алаг цоог байгаа, мөн АНУ-ын мөнгөний бодлогод орох өөрчлөлтөөс үүдэн дэлхийн санхүүгийн зах зээлд дахин цочрол үүсгэх, эдийн засагт шинэ эрсдэл бий болгох магадлал байгааг анхааруулсан юм.
.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ