Аялал жуулчлалын үндэсний брэндийг хамтран бий болгоно
Нийслэлийн аялал жуулчлалын газар, МОНЦАМЭ агентлагтай хамтран ажиллахаар болсон талаараа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. МОНЦАМЭ агентлагийн дарга А.Баатархүү “Манай сайтад сардаа дэлхийн өнцөг булан бүрээс зургаан сая хэрэглэгч ханддаг. Мөн манайх 33 орны 46 агентлагтай хамтран ажилладаг. Тэгэхээр цаашид нийслэлийн аялал жуулчлалын газар энэ сувгийг ашиглан мэдээллээ түгээх боломжтой болж байна” гэдгийг хурлын үеэр онцолсон юм. Хамтын ажиллагааны хүрээнд нийслэл хотоо дэлхий нийтэд сурталчлан мэдээлэл түгээхээс гадна аялал жуулчлалын үндэсний брэндийг хамтран бий болгох аж. Түүнчлэн байгууллагууд хамтран жуулчдын зорилгод нийцүүлсэн тодорхой хөтөлбөр бүхий хөтөч номыг ирэх зургаадугаар сарын 1 гэхэд гаргахаар төлөвлөсөн байна.
6
Хэвлэлийн хурлын дараа Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Б.Баттулгатай ярилцлаа.
6
-Мэдээллийн агентлагтай хамтран ажиллахын ач холбогдол нь юу вэ?
-Нийслэлд аялал жуулчлалын чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн маш олон төсөл шинэ санаачлага хэрэгжиж байгаа. Тухайлбал, Монгол наадам цогцолбор төсөл, Түмэн хишигтэн, Их Майдар төсөл хөтөлбөр гэх зэрэг аялал жуулчлалын цогцолбор газруудын бүтээн байгуулалтын ажлууд эхлээд байна. Энэхүү үйл ажиллагааг дэмжих гол чухал зүйл бол маркетинг сурталчилгааны ажил юм. Иймээс бид дэлхийн зургаан хэл дээр тогтмол мэдээлэл түгээдэг МОНЦАМЭ агентлагтай хамтарч ажиллаж байна. Ингэснээр хамгийн бага зардлаар хамгийн үр ашигтайгаар гадаад зах зээл дээр Монголыг сурталчлах бүрэн дүүрэн боломжтой болж байгаа юм.
7
-Улаанбаатар гээд интернэтээс хайхад бохирдол ихтэй хот, хог түүж байгаа хүн эсвэл гуйлга гуйсан хүүхэд зэрэг ихэнхдээ сөрөг хандлагатай илэрцүүд гарч ирдэг. Энэ хандлагыг эерэг болгохын тулд ямар ажлуудыг хийж байгаа вэ?
-Бид МОНЦАМЭ агентлагтай хамтраад гадагшаа чиглэх мэдээллийн урсгалаа хянаж эерэг чиглэлийн өөрөөр хэлбэл, Монгол орноо сурталчилсан маягийн мэдээллийг илүүтэйгээр цацахаар төлөвлөөд байна. Сөрөг мэдээлэл яагаад гараад байна вэ гэхээр эерэг мэдээлэл жуулчдад хангалттай хэмжээнд очиж чадахгүй байгаатай холбоотой. Энэ үүднээс Улаанбаатар хотод түүхийн дурсгалт зүйлүүдээс авхуулаад орчин үеийн бизнесийн зангилаа гээд хотод байх бүх зүйл байгаа шүү гэдэг дүр зургийг өнөөдрийн үзүүлсэн бичлэгээр харуулахыг зорьсон, цаашид ч харуулах болно.
7
-Мэдээллийнхээ урсгалаар эерэг талуудаа харууллаа гэхэд энэ нь бодит байдалтай хэр нийцэх вэ. Аялал жуулчлалын таатай нөхцлийг бүрдүүлэх тал дээр ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?
-Аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс нийгэмд чиглэсэн хоёр том аянг энэ онд өрнүүлж байгаа. Эхнийх нь нийслэлийн иргэдийн гадаад жуулчдад хандах хандлагыг өөрчлөх “Найрсаг Улаанбаатар-Жуулчдад ээлтэй хот” аян, дараагийнх нь Улаанбаатар хотын аялал жуулчлалын зорилтот зах зээл Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудад чиглэсэн “ Asia’s next hUB” аян юм. Мөн бид эхний аяны хүрээнд үйлчилгээний стандартуудыг сайжруулах, шинэчлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Шинэ стандарт нь хэрэглэгчдэд илүү чиглэсэн, байгаль орчинд халгүй, эрчим хүч дулааны хэмнэлтийг илүүд үзсэн байх болно. Түүнчлэн “Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд хэрэгжих нэг том ажил бол төрийн болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудын харилцааны хандлагыг өөрчлөх асуудал юм. Энэхүү ажил нь 2013 оноос эхэлсэн. Гадаадын иргэн, жуулчидтай шууд харилцдаг төрийн захиргааны 27 байгууллага байдаг. Эдгээр байгууллагын үйлчилгээний ажилтнуудын гадаад харилцааны сургалтуудыг бид хийгээд эхэлчихсэн байгаа. Үүн дээр нэмэгдээд мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
7
-Стандартад нийцсэн үйлчилгээний газруудыг хэрхэн дэмжиж ажиллаж байгаа вэ?
-Дээр хэлсэнчлэн үйлчилгээний стандартуудыг шинэчилж байгаа. Энэ жилийн хувьд зочид буудал, амралтын газар, жуулчны бааз гэсэн гурван газрын стандарт шинэчлэгдэнэ. Үйлчилгээний чанар гэдэг материаллаг байдлаасаа илүүтэйгээр сайн бэлтгэгдсэн боловсон хүчнээс хамааралтай. Хөтөч тайлбарлагч, орчуулагчийг сайн бэлтгэсэн тохиолдолд материаллаг зүйлийг сайжруулах нь цаг хугацааны л асуудал. Тиймээс мэргэшүүлэх болон харилцааны сургалтуудыг явуулж байгаа юм. Үйлчилгээний стандартын шаардлага хангасан газруудыг түлхүү сурталчлах замаар бизнесийн боломжийг нь илүү олгож өгч байгаа. Энэ үүднээс бид “hUB” нэртэй урамшууллын хөтөлбөрийг эхлүүлж байгаа.
7
-Улаанбаатар хотын хувьд жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг газар бол Гандантэгчинлэн хийд юм. Гэтэл хийдийн бие засах газраас эхлээд өнгө үзэмж нэлээн тааруу юм шиг санагддаг. Энэ асуудал дээр анхаарч байгаа юу?
-Одоогийн байдлаар нийслэлийн Засаг даргын захирамжаар гандан орчмын бүсийг соёлын аялал жуулчлалын дүүрэг болгох ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Мөн Гандантэгчинлэн хийдээс санаачлан хийдийн доторх байдлыг сайжруулахаар маш том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлчихсэн байна. Тэгэхээр 1-2 жилийн дараа гэхэд Гандантэгчинлэн хийдийн дотор засвар сайн тохижилт үйлчилгээтэй болсон байх болов уу гэж бодож байна.
7
Б.Нямсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ