Зүүн өмнөд Азийн иргэд манайхныг ”ангуучилдаг”
Цахим ертөнцийн ангуучдаас сэрэмжил
Техник, технологийн асар хурдан хөгжил дунд, мэдээллийн эрэн зуунд бид амьдарч байна. Цахим ертөнцөөр амьсгалж, тэнд ажиллаж, амьдарч, хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй хурдан шуурхай олж авахын сацуу бусдад түгээж, жинхэнэ утгаар нь ашиглаж байна. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр хүмүүс цахим ертөнцөд буруу тоглолт хийж, цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдол олон гарах болжээ.
Цагдаагийн байгууллага он гарсаар нийтдээ 26 гэмт хэргийг иргэдийн гомдлын дагуу шалгаж байна. Уг хэргүүдийн ихэнх буюу 70-аад хувь нь интернэтийн орчинд сексийн харьцаа үйлдсэн гэмт хэргийн хохирогч болсон хүмүүс байгаа бол үлдсэн хувь нь мөнгө нэхэмжлүүлж, дарамтлуулж хохирсон иргэд аж.
Хэнтэй холбоо тогтоож харилцах нь хувь хүний эрх. Гэвч цаад үзүүрт нь хэн байгааг нь мэдэхгүй, баталгаагүй ганц зургийг нь хараад л, таниж мэдэхгүй өөр орны хүмүүстэй хэт дотно холбоо тогтоож, өөрийн зураг болон бусад мэдээллийг файл хэлбэрээр хэт дэлгэрэнгүй өгснөөр энэ төрлийн гэмт халдлагад өртөх хандлага их байгааг албаны хүн онцолсон. Иймээс уг аюулаас урьдчилан сэргийлэх, зайлшгүй шаардлага байгаа юм.
Иргэд ийм төрлийн халдлагад өртөөд байгаа гол шалтгаан нь иргэд интернэтийн орчинд ямар мэдээллийг хэрхэн тавих талаар мэдлэггүйгээс болдог байна. Албаны эх сурвалжийн өгүүлснээр ихэнх хохироогчид буюу гэмт этгээдүүд хилийн чанадад байдаг. Ялангуяа Зүүн өмнөд азийн орнууд буюу Малайз, Сингапур, Тайланд улсад амьдардаг гэмт этгээдүүд манай улсын иргэдтэй харьцаж тэднийг залилан мэхлэж мөнгө төгрөг авах асуудал гардаг аж.
“Манай улсын хуулинд зарим хэргийг гэмт хэрэг гэж үзээд заримыг нь захиргааны зөрчил гэж үздэгтэй адил, тухайн орнуудад ч ингэж зүйлчлэгддэг. Гэтэл Монгол улсын иргэдийг хохироосон энэ үйлдэл тус улсдаа захиргааны зөрчлөөр бүртгэгддэг бол манай иргэд хохироод л үлдэнэ. Цагдаагийн байгууллагаас интерполийн шугамаар тухайн орнууд руу хүсэлт тавьж манай улсын иргэдийг хохироосон үйлдлийг шалгаж үзээч гэхэд уг орны Цагдаагийн байгууллагаас хүсэлтийн дагуу бид гэмт этгээдүүдийг шалгаж байна гэсэн хариу өгсөн. Ингээд эцэст нь иргэд л хохироод үлдэж байгаа юм” гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч Ё.Лхагвасүрэн ярьж байв.
Ер нь иргэд ямар мэдээллийг хэнтэй, ямар замаар хуваалцаж, хэнтэй харилцаж байгаагаа анхаарах хэрэгтэй болжээ. Тухайлбал интернэтээр сексийн харилцаанд орсон бичлэгийг нь цаад этгээд хуулбарлан авч, “24 цагийн дотор миний дансанд мөнгө /500, 1000 доллар/ хийхгүй бол чиний бичлэгийг ойр дотнын хүмүүст чинь үзүүлнэ” гэх зэргээр сүрдүүлж манай улсын иргэдийг хохироосон олон үйлдэл бий аж. Манай улсын иргэд гэмт этгүүдийг мэдэхгүйгээс хэт дотно харилцаа үүсгэж, бүх мэдээллээ өгдөг учир түүгээр нь дамжуулан ойр дотнынх нь хүмүүсийн мэдээллийг олоод авчихдаг байна. Үүнээс гадна иргэдийг залилаж, мэхлэн хохирол учруулсан үйлдлүүдийг Цагдаагийн байгууллагад шалгаж байгаа юм. Жишээлбэл, “та манай сугалаанаас 100 мянган доллар хожлоо, хонжвороо авахын тулд нэг хувийн хураамж төлөх ёстой. 14 хоногийн дотор багтаан төлөхгүй бол таны мөнгийг улсын орлого болгож татлаа” гэдэг замаар иргэдийг хохироосон тохиолдол байна. Үүнийг Цагдаагийн байгууллага шалгаад, манай улсын иргэдийн хохироосон орнуудын хууль цагдаагийн байгууллага руу шалгуулах хүсэлт явуулаад байгаа аж. Цагдаагийн байгууллага энэ онд доод тал нь 500 доллар, дээд тал нь 7500 доллараа гадны улсуудад алдаж, хохирол амссан иргэдийн хэргийг шалгаж буй юм байна.
5
Фэйсбүүкийн найзын тоогоороо гангарах бус, сэрэмжил
Зөвхөн 2013 оны эхний хагас жилийн байдлаар Улаанбаатар хотод 850 мянган интернэт хэрэглэгч, 3G буюу утастай албан ёсны хэрэглэгч 350 гаруй мянга байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Ингэхээр манай улсын хүн амын гуравны нэг хэсэг буюу нэг сая гаруй хэрэглэгч шууд интернэтэд орж байна. Нэг өрхийг нэг хэрэглэгч гэж үзэж байгаа учир хүн амын талаас илүү хувь нь цахим ертөнцөд нэвтэрхий оржээ. Ялангуяа бага насны хүүхэд фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сайтуудад ихээр нэвтэрч, үүнийг ашиглан, өөрийн хүссэн мэдээллийг оруулж байна. Энэ мэдээлэл дээр эцэг эхчүүд хяналт тавих хэрэгтэй ба хяналаа гээд хүчээр болиулах бус тухайн зүйлийн мөн чанарыг сайтар ойлгуулж ухааруулах хэрэгтэйг анхааруулсан.
5Үнэндээ манай эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хөтлөн хүргэж өгч, орой очиж аваад аюулгүй байдлыг биетээр хангаж чадаад байдаг. Гэтэл хүүхдээ чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж буйг анхаардаггүй, эцэг эхэд саад болохгүй л бол хүүхэд өдөржингөө юу ч хийсэн хамаагүй. Тийм учраас өөрийнх нь хүү, охин цахим ертөнцөөс ямар мэдээлэл олж аваад, хэнтэй харьцаад байна гэдгийг анхаарах цаг иржээ.
Мөн таны болон хүүхдийн чинь фэйсбүүк хуудаст бодит амьдралаас хэтэрсэн олон найз байгаа бол анхааралтай шүүж, огт танихгүй, хэрэггүй хүмүүсээс найзын холбоогоо цуцлахад буруудахгүй. Цахим хуудасны найзын тоогоор гангарах бус тэдэнд шүүлтүүр тавьж, ямар хүнд хэдий хэмжээний мэдээлэл өгөхөө сайн бодохгүй бол таныг ангуучилсан этгээд цахим ертөнцөд элбэг байгаа. Өөрөө, өөртөө сонор сэрэмжтэй бай. Хэрэв энэ гэмт хэргийн шинжтэй үйлдэлд өртөж, ямар нэгэн байдлаар хохирсон бол яг одоо Цагдаагийн байгуулагад ханд.
,
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ