ЕАБХАБ шийдвэрээ гаргав
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Гадаад хэргийн сайд нарын 18 дугаар зөвлөлдөх бага хурал энэ сарын 6-7-ны өдрүүдэд Литва Улсын Вильнюс хотноо амжилттай болж өндөрлөв. Монгол Улсыг төлөөлж Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид уг бага хуралд оролцсон юм.
Бага хуралд ЕАБХАБ-ын оролцогч (гишүүн) 56, хамтын ажиллагааны түнш 12 улс, олон улсын зарим байгууллагын төлөөлөл оролцож, хүний эрхийн үндэсний тогтолцоо, зэвсэглэлд тавих хяналт, итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг Аюулгүй байдлын хамтын ажиллагааны чуулга уулзалттай холбогдолтой зарим асуудал, Афганистаны асуудлаарх ЕАБХАБ-ын оролцоог бэхжүүлэх, терроризмтой тэмцэх, цахим аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн салбарт эмэгтэйчүүдийн эрх тэгш оролцоог дэмжих зэрэг төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцээд тогтоол шийдвэр гаргав. Эдгээр шийдвэрийн нэг нь Монгол улсын холбогдолтой шийдвэр байв. Бага хурлаар тус байгууллагын хамтын ажиллагааны Азийн түнш (ажиглагч) орон Монгол Улс хамтын ажиллагааныхаа түвшинг ахиулах тухай хүсэлт гаргасныг хэлэлцээд уг хүсэлтийг зарчмын хувьд нааштай хүлээн авч байгаагаа мэдэгдэж, асуудлыг аль болохоор эрт шийдэх бүрэн эрхийг тус байгууллагыг 2012 онд даргалагч орон болох Ирландад олгож байгаагаа хурлын дарга мэдэгдсэн байна.
Монгол Улсын энэхүү хүсэлтийг дэмжиж байгаагаа тус байгууллагын оролцогч орон (гишүүн) болох Литва, Европын Холбоо, Канад, Люксембург, Норвеги, Казахстан, Турк, Финланд, Польш,Португал, Киргизстан, Кипр, Итали, Болгар, Австри, Бельги, Мальта болон бусад олон улс хурлын үеэр мэдэгдэв.
Мөн зөвлөлдөх бага хурлын хүрээнд ЕАБХАБ-ын Тройка буюу өнгөрсөн жилийн даргалагч орон - Казахстан, энэ жилийн даргалагч орон - Литва, ирэх жилийн халааг авах Ирланд улсын төлөөлөл Азийн түнш орнуудтай тусгайлан уулзалт хийж, хийсэн ажлаа тайлагнан хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар санал бодлоо хуваалцав. Энэхүү уулзалтад ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занниер болон Парламетын Ассамблейн дэд дарга оролцож үг хэлэв. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ууулзалтад оролцож, товч мэдээлэл хийв.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичийн дарга Л.Занниертай уулзаж, Монгол Улс Евразийн аюулгүй байдлын нэгдмэл орон зайг хамардаг, бүс нутгийн хамгийн том байгууллага - ЕАБХАБ-ын үйл ажиллагааны тэргүүлэх гурван чиглэл болох цэрэг улс төрийн, эдийн засаг, байгаль орчны болон хүний аюулгүй байдлыг хангах талаар өөрийн боломж, бололцоонд тулгуурлан идэвхтэй хамтран ажиллах бодолтой байгааг илэрхийлж, Монгол Улс Европ тивийг Ази тивтэй холбосон “гүүрэн гарц” байхыг зорьж байгаа гэж онцлон дурдав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ