Төгрөгийн ханш чангарна гэж бүү горьд
Ингэж хэлэх болсон шалтгаан нь өнөөдрийн эдийн засгийн хүндрэлтэй холбоотой. Өнгөрсөн оны турш эдийн засгийг “дарамталсан” хүндрэл өнөөдөр ч буухиалсаар байгаа. Уул уурхайгаас эхлээд олон салбарт ажиллагсадын тоо буурч, ажилгүйдэл өсөхөөр дүр зураг харагдаж байна. Учир нь компаниуд дампуурчихгүйн тулд ажилтнаа халах, урт хугацааны чөлөө олгох зэргээр хүндрэлийг давах арга хэмжээ авч эхэлсэн.
Гэхдээ он дамжин “дарамталж” байгаа одоогийн хүндрэл анхых уу гэвэл үгүй юм. Тодруулж хэлбэл, өмнө нь 2009 онд эдийн засгийн хямрал болж, 70 орчим мянган хүн ажилгүйдлийн эгнээнд элсч байсан. Ирээдүйд ч уул уурхайгаасаа хараат байгаад гадаад зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ унавал энэ үзэгдэл дахиад л давтагдана. Үүнийг эдийн засагчид “чөтгөрийн тойрог” гэж нэрлэдэг байна. Тэгвэл энэхүү тойргоос гарахын тулд бид өөрсдөө хийж бүтээх хэрэгтэй. Тэгэж байж монголчууд ханшийн эрсдлээс болж хямрахгүй байж чадна.
ааа
“Чөтгөрийн тойрог”-оос чөлөөлөгдөх арга нь хуримтлал
Манай улс зах зээлд шилжээд 24 жил болохдоо хуримтлалын тогтолцоог тоохгүй байсаар өдий хүрсэн. Иймээс бид олсон хэдээ үрчихээд, олдохгүй бол хямарчихдаг. Төр бодлогогүй явсны харгайг шулуухан хэлэхэд нийгмийн дундаж болон эмзэг ядуу давхрагынхан нуруундаа үүрч, золиослогдсоор ирлээ. Тиймээс цаашдаа хямрал ч бай, хүндрэл ч бай нийгмийн олонхыг золиосонд өртүүлэхгүй гэвэл хөгжсөн улсын нийтлэг зарчимыг даган, хуримтлуулж сурахаас өөр замгүй аж. Өөрөөр хэлбэл, улсын орлогыг тодорхойлдог дотоодын нийт бүтээгдэхүүн/ДНБ/-ийг ирээдүйд тогтвортой өсгөе гэвэл хурмтлал бий болгож, түүнийсээ хэтдээ үр ашгаа өгөх зөв зүйлд хөрөнгө оруулан бүтээмж бий болгосноор эргээд орлого орох нөхцлийг бүрдүүлэх юм. Олсныхоо хэрээр үрэх, халамж болгон тараах нь зохимжгүй асуудал.
Товчхондоо бол эдийн засгийн өсөлт тогтвортой байж, ядуурал, ажилгүйдэл бууран орлогын тэгш бус хуваарилалт үгүй болох гэх мэт хөгжлийг хэмжих үзүүлэлтүүд сайжирсан цагт сая тухайн улс аяндаа хөгжилд хүрдэг туршлага олон улсад байдаг.
ааа
Дотоодын үйлдвэрлэл нэмэгдэх нь эдийн засгийг дархлаажуулна гэв
Монголын өнөөгийн нөхцөлд хуримтлалыг бий болгоё гэвэл юуны өмнө төлбөрийн тэнцлээ сайжруулах ёстой аж. Үүний тулд гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспорт, алт олборлолтоо нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэн, өрсөлдөх чадвараа сайжруулах юм.
Сүүлийн үед манай улсын гадаад худалдааны тэнцэл сайжирч байгаа нь таатай мэт харагдаж буй ч цаад шалтгаан нь валютын ханшийн өсөлттэй холбоотойгоор импорт буурч буйтай холбоотой. Нэгэнт л гаднаас орж ирэх валютын урсгал буурсан нь ам.долларын ханшийг 1800 руу хөтөлж байгаа тул бид доллар хэвлэж чадахгүйгээс хойш ханшийн нөлөөнд автдаггүй эдийн засгийн дархлаатай болох хэрэгтэй.
Хятадууд өнөөдрийг хүртэл “Хятад хүн хэзээ юм хийж сурна тэр болтол юань чангарна гэж битгий горьд” гэсэн үзлийг баримтлаж иржээ. Иймээс өнөөгийн нөцөлд бид өөрсдөө юм бүтээж, экспортолж байж төгрөгийн үнэ цэнийг эргэн авчирах юм.
ааа
Засгийн газраас энэ жил “Чингис” болон “Самурай” бондын хөрөнгөнөөс импортыг орлож, экспортыг дэмжих төслүүдийг санхүүжүүлэхээр болсон. Энэ хүрээнд нийт 1100 гаруй төсөл ирснээс Хөгжлийн банкнаас 888 төслийг санхүүжүүлэхдээ арилжааны банкуудаар дамжуулахаар болсон. Хэдийгээр бондын мөнгө нь эргэн төлөгдөх зээл учраас арилжааны банкууд эрсдлээ тооцон барьцаа хөрөнгө зэрэг олон зүйлс харгалзан зээл олгож байгаа нь эргээд “шинээр үйлдвэрлэл эрхлэе, юм хийж бүтээе” гэсэн нэгэнд нь маш өндөр босго болж байгаа. Тиймээс Монголын эдийн засгийн чуулганы үеэр эдийн засагч Ө.Ганзориг “Дэлхий нийтэд ирээдүйд орж ирэх мөнгийг барьцаалж зээл олгодог тогтолцоо байдаг. Харин манайд зөвхөн бодит зүйлийг л барьцаалан зээл олгож байгаа нь суурь хөрөнгөтэй хүн л цаашид баяжих нөхцлийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, ирээдүйд маш их мөнгө олох шилдэг санаа гаргасан хүн хөгжих боломжгүй. Энэ нь баялаг тэгш бус хуваарилагдах боломжийг бүрдүүлж байна” гэж байв. Иймээс дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэхдээ хуучин үйлдвэрүүдээ дэмжихийн зэрэгцээ шинээр үйл ажиллагаа эрхлэж буй иргэдэд зориулсан бодлого гаргах шаардлагатай байгаа юм.
ааа
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ