Оюутолгойг эргэлтэд оруулбал эдийн засаг сайжирна гэв
Дэлхийн банкнаас Зүүн Ази, номхон далайн бүсийн 2014 оны эдийн засгийн төлөвийн талаар өнөөдөр танилцууллаа. Танилцуулгыг Дэлхийн банкны тус бүсийг хариуцсан ахлах эдийн засагч Берт Хофман Сингапур улсаас хөтлөн явуулав. Видео хуралд Монгол, Камбож, Филиппин, Австрали, Индонез зэрэг 7 улсаас холбогдон бүсийн нутгийнхаа эдийн засгийн талаар сонирхсон асуултандаа хариулт авсан юм. Төлөвөөс харахад 2014 онд Зүүн Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 7.1 хувь буюу өнгөрсөн жилийнхтэй ойролцоо өсөлттэй байхаар гарчээ. Энэ нь 2009 оны 8 хувийн эдийн засгийн өсөлттэй харьцуулахад бага тоо хэдий ч Зүүн Ази, номхон далайн бүс нь дэлхийн хамгийн хурдан өсөлттэй бүс нутаг хэвээр байгаа аж. Тиймээс тус бүс нутгийг Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Аксел ван Тротценберг “Дэлхий нийтийн санхүүгийн хямралаас хойш дэлхийн гол өсөлтийн хөдөлгүүр нь Зүүн Ази номхон далайн бүс байсан” хэмээн хэлжээ.
:
Хөгжиж буй орнуудын өсөлт 5 хувьтай байхаар гарчээ
Хятад улсын энэ жилийн эдийн засгийн өсөлт 7.7 хувиас бага хэмжээгээр буурч 7.6 хувьд хүрэх бол бусад хөгжиж буй орнуудын өсөлт өнгөрсөн жилийн 5.2-5 хувь руу орохоор байгаа аж. Хятад улс 2012 онд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт 13 сая ажлын байрыг нэмэгдүүлснээр дээрх салбарууд нь хурдацтай хөгжиж буй юм байна. Гэсэн хэдий ч өрсөлдөх чадвар нь төдийлөн сайжрахгүй байгааг Дэлхийн банкныхан хэллээ. Мөн тус улсад хотжилт хэт их явагдаж байгаа нь замын түгжрэл, агаарын бохрдол зэрэг сөрөг нөлөө дагуулж буйг онцолж байсан юм. Бээжин, Шанхай зэрэг томоохон хотуудыг дагалдан үйлдвэрлэл хөгжсөн дагуул хотуудыг бий болгож, газар тариалан эрхлэгчдэд бага нөхөн төлбөр өгч газрыг нь авч байгаад хятадын тариалан эрхлэгчид сэтгэл дундуур байгааг өнөөдөр болсон хурлын үеэр хэлж байв.
.
Индонез, Тайланд улсууд санхүүгийн хүнд нөхцөлтэй тулгарч, өрх гэрийн зээлийн түвшин өндөр байгааг дээрх тайланд тусгажээ. Малайз улсын хувьд эдийн засгийн өсөлт нь тогтвортой буюу энэ онд 4.9 хувьтай байх юм байна. Филиппин улс 2013 оны байгалийн гамшгийн нөлөөнөөс үүдэн дахин сэргээн босголтод зарцуулагдах хөрөнгө нь хэрэглээндээ нөлөөлснөөр эдийн засгийн өсөлт нь буурах төлөвтэй байгаа гэнэ. Тус улсын татварын тухайн хуулийн шинэчлэлт нь төсвийн орлогыг нэмэгдүүлж буй аж.
:
Нүүрсний үнийн уналт Монголын эдийн засагт нөлөөлнө
Харин Монгол Улсын тухайд Хятадын эдийн засгийн өсөлт буурч байгаа нь манай оронд болон Лаос, Индонез зэрэг улсад нөлөөлөхийг Берт Хофман хэллээ. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, нүүрсний үнэ маш ихээр унаж буйтай холбоотой аж. Түүнчлэн зэсийн үнэ буурч байгаа нь манайд нөлөөлж буйг тэрбээр хэлээд “Оюутолгой далд уурхайгаагаа ажиллуулж, үйлдвэрлэлээ эхлэх нь чухал. Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нь чухал байна. Мөн төсвийн гадуурх зарцуулалт нэмэгдэж, ДНБ-ий 10 хувьтай тэнцэж байгаад Засгийн газраас анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна. Энэ нь инфляцид ихээр нөлөөлж байгаа тул хэрэглээний аядуу бодлого барих хэрэгтэй” гэлээ. Түүнчлэн хурлын үеэр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Тай Хюн Ли “Оюутолгой эргэлтэд орвол гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг нааштай болно. Мэдээж Оюутолгой маш том төсөл тул хэзээ нэгэн цаг Засгийн газар болон хөрөнгө оруулагч тал харилцан зөвшилцөлд хүрнэ. Түүнчлэн Засгийн газраас 888 төслийг хэрэгжүүлэхдээ дунд болон урт хугацаанд Монголын хөгжилтэй хэр уялдах талаар бодолцох хэрэгтэй” гэлээ. Тэрбээр мөн гадаад худалдаа алдагдалтай байгаа цагт төгрөг чангарахгүй болохыг хэлээд интервенци хийх аргаар ханшид нөлөөлөх гэж олон орон оролдож байсан ч үр дүнд хүрээгүй болохыг дуулгасан юм. “Хэрвээ төгрөгийн ханшийг чангаруулъя гэвэл валютын нөөцөө зузаатгах хэрэгтэй” гэж Тай Хюн Ли хэлж байв.
.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ