Ч.Найдандорж: Энэхүү жүжиг монголчууд бидэнд илүү их бодролыг өгч байгаа
Тайваний алдарт зохиолч Чюн Яогийн “Сэрүүн хасын нууц” жүжгийг “Х-Түц” продакшн Монголын театрын тайзнаа өнгөрсөн оны дөрөвдүгээр сард анх тавьж байсан. Нэлээдгүй шуугиан дэгдээсэн “Сэрүүн хасын нууц” жүжгийг өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болсон байна. Жүжгийг дахин тавих болсонтой холбогдуулан “Х-Түц”-ийн жүжигчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлын үеэр тэд ирэх сард болох гэгээн Муза наадамд энэхүү жүжгээ сойж байгаагаа дурьдаж байв.
1
Хэвлэлийн хурлын дараа найруулагч Ч.Найдандоржтой ярилцсан юм.
-Яагаад заавал “Сэрүүн хасын нууц”-ыг сонгож жүжиг болгон тавих болсон бэ?
-Тайваний алдарт зохиолч Чюн Яог манай монголчууд сайн мэднэ. “Шиврээ бороо, шимшрэх сэтгэл”, “Хуан Жу Гэг” гээд монголчуудын үзэх дуртай сериал байдаг. Эдгээр киноны зохиолч, дорно дахиндаа алдартай зохиолч эмэгтэй юм. “Сэрүүн хасын нууц” жүжгийг сонгосон түүх маш урт. Яагаад энэ жүжгийг сонгох болсон бэ гэхээр ер нь хүн төрлөхтний түүхэнд олон зуун жил гэр бүлийн асуудал, тэр тусмаа үр хүүхдийн асуудал дандаа анхаарлын төвд байсаар ирсэн. “Хүүхэд маань ямар амьдралаар амьдрах вэ” гэдэг бол эцэг эх болгоны сэтгэлийн мухарт байдаг шаналан, бодол юм. Энэ тухай жүжиг маань өөрөө өгүүлж байгаа юм. Өнөөдөр, ялангуяа энэ цагт монголчууд бид бололцоотой, бололцоогүй ялгаа байхгүй үр хүүхдийнхээ амьдралыг хиймлээр бий болгож байна.
1
Ухаандаа миний хүү ийм хүнтэй суух ёстой, тэр айлын хүргэн ийм айлын бэр болох ёстой гэж тохирч суулган зам мөрийг нь залж байна. Энэ бол зөвхөн өнөөдөр ч биш, үеийн үед байсан хүн төрлөхтний мөнхийн сэдэв юм. Энэ сэдвийг хөндсөнөөрөө энэхүү жүжиг монголчууд бидэнд илүү их бодролыг өгч байгаа юм. Охиныхоо хувь заяаг эцэг эх хоёр нь толгой мэдэж зохиомлоор бий болгосноороо өөрөөр хэлбэл, нэр алдартай хэргэм зэрэгтэй айлд охиноо хүчээр өгсөнөөр энэхүү жүжиг эхэлнэ. Үүний үр дүнд юу болох вэ вэ гэдгээр л жүжиг төгсөнө. Үйл явдлын гол зангилаа бол энэ юм. Тэгэхээр бид нар энэ сэдвийг л үзэгч түмэндээ, залуучууддаа, эцэг эхчүүддээ сануулахыг хүссэн юм.
Өмнө нь энэ роман тайзны бүтээл, тэр тусмаа жүжиг болж хаана ч тавигдаж байгаагүй. Харин хятадад телевизийн олон ангит кино, уран сайхны кино болж тавигдаж байсан. Тэр үед хүмүүс дэндүү эмгэнэлтэй төгсч байна гэж үймээн самуун дэгдээж, жагсаал цуглаан хүртэл хийж эсэргүүцэж байсан. Энэ зохиол хүний сэтгэл зүрхийг тэгж ихээр хөдөлгөж чадаж байсан байгаа юм.
1
-Энэ жүжгийг найруулж тайзны бүтээл болгоход ихээхэн хүч хөдөлмөр зарцуулсан нь мэдээж. Хүндрэл бэрхшээл хэр байв?
-Тийм ээ, маш их хөдөлмөр зарцуулсан. Ер нь бол хувийн хэвшлийн байгууллагад бол ахадсан тийм их хүч хөдөлмөрийг гаргасан. Энэ жүжиг маань өөрөө XX зууны эхэн үеийн хятадын амьдралыг харуулсан. Хүний юмыг тэр дундаа хөршийнхөө түүхэн соёлоор бүтээл хийнэ гэдэг бол их хүндэтгэлтэй хариуцлагатай ажил. Ер нь ямар ч үндэстний уран бүтээлийг хийхдээ хүндэтгэлтэй хандах ёстой. Хувцас хэрэглэл, тайзны засал, аяга, жүжигчний барьж байгаа гаанс хүртэл түүхээс зөрж болохгүй.
1
Тухайн үед хэрэглэгдэж байсан зүйлсийг ном дагуу хийнэ гэдэг бол мэргэжлийн түвшинд хийж байгаагийн нэг илрэл шүү дээ. Тэгэхээр хамтлаг маань энэ жүжгийг мэргэжлийн түвшинд гаргахын тулд оюун ухаан, эдийн засгийн болоод цаг хугацааны асар их хөдөлмөр, хөлс хүч зарцуулсан. Тиймээс ч “Сэрүүн хасын нууц” амжилттай болсон.
1
Ж.Мөнхзул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ