Дээд боловсрол эзэмших үү, аль эсвэл ..
Цаг хугацаа гэдэг яг л харвасан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд хаврын шалгалт хаяанд иржээ. Элсэлтийн шалгалт хаяанд ирсэн энэ мөчид охид, хөвгүүд маань ямар мэргэжил эзэмших билээ, ямар сургууль сонгох билээ гэж сэтгэл нь гэгэлзэж байгаа. 2014 онд ерөнхий боловсролын сургуулийг нийт 34 мянга гаруй сурагч төгсөнө гэвэл 34 мянга гаруй зүрх ирээдүйнхээ төлөө догдлон цохилж байгаа бизээ. Тэр ч утгаараа төгсөгчдөд төдийгүй эцэг эхчүүдийн хувьд хамгийн хариуцлагатай цаг үе ирсэн гэж болно.
.
2013 оны Засгийн газрын 37-р тогтоолын дагуу ЕБС төгсөгчид болон их, дээд сургууль, коллежид элсэгчид монгол хэл, бичгийн шалгалт өгснөөр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхтэй болно гэж байгаа. Энэхүү шалгалтад ямар нэгэн босго оноо тавихгүй бөгөөд үндэсний хэмжээнд сурагчдын монгол хэл, бичгийн хэрэглээний түвшин ямар байгаа талаар чанарын үнэлгээ хийхэд гол зорилго нь оршиж байгаа гэнэ. Харин ирэх хичээлийн жилээс монгол хэлний шалгалтад босго оноо тавьдаг болох талаар албаны хүмүүс ярьж буй. Энэ нь яах аргагүй зөв шийдэл гэж бодож сууна.
.
Үүнээс гадна БШУЯ-аас 2014 онд Монголын их, дээд сургууль, коллежид элсэн суралцагсдад элсэлтийн ерөнхий шалгалтдаа 400-аас дээш оноо авах шалгуур тавьдаг болгожээ. 2013 оны тайланд тусгаснаар өнгөрсөн жилийн нийт шалгуулагсдын 85 хувь нь элсэлтийн ерөнхий шалгалтдаа 400-аас дээш оноо авсан байна. Тиймээс өнөө жилийн шалгуулагсад биеэ дайчлан шамдаж чадвал өнгөрсөн жилээс тоо нь өсөх магадлалтай юм байна. Ер нь тухайн шалгуулагч гүйцэтгэх ёстой даалгаврынхаа 25-35 хувийг хийж чадсанаар 400 оноо авах боломж бүрддэг юм байна.
.
Төгсөх ангийнхан ЭЕШ-д бэлтгэхдээ хичээлээ сонгочихоод, дараа нь тухайн хичээлдээ тааруулж мэргэжлээ сонгох гээд байдаг. Энэ нь зорьсноосоо өөр ангид орох алдаа болдог гэдгийг бид амьдрал дээрээс тодхон харж байна. Тиймээс ямар мэргэжилтэй болоход, аль аль хичээлээр шалгалт өгсөн байх хэрэгтэйг эхлээд мэдэх нь чухал. Хүү, охиноо ямар сургуульд оруулдаг юм билээ. Гайгүйхэн боловсролтой болгочихвол аяндаа болно биз. Ямар мэргэжилтэй болговол дээр юм бол доо гэх аав, ээж нарын яриа хааяагүй чих дэлсэнэ.
.
Хаврын хавартаа л төгсөгчдийн ярианы гол сэдэв энэ байдаг даа. Одоогоос хэдэн жилийн өмнөхөн л эдийн засагч, хуульч, уул уурхайн инженер эрэлт ихтэй байсан. Харин одоо арай өөр болж. Мэргэжил сонгоно гэдэг мэдээж амаргүй даваа. Монголд эрэлт ихтэй, насан туршдаа ажлын байртай байх мэргэжил олон бий.
.
Тоон баримт сонирхуулахад, өнгөрсөн оны байдлаар хөдөлмөрийн биржид ажил олгогчид 61 мянган ажилчин авах захиалгаа өгснөөс 53 мянган хүн ажлын байртай болсон байна. Ажлын байрны захиалгын 14 хувийг дээд, есөн хувийг тусгай дунд мэргэжлийн найман хувийг мэргэжлийн анхан шатны, 47 хувийг бүрэн дунд боловсролтой хүмүүс авахаа мэдэгджээ. Харин 16-24 насныхны гурван хувь, 25-35 насныхны 34 хувь, 35-44 насныхны 47 хувийг ажилд авах хүсэлтэй байгаагаа ажил олгогчид илэрхийлсэн байна. Тэгэхээр дунд сургуулиа төгсөж байгаа хүүд маань боловсрол мэргэжил ямар чухал байгааг та анзаарсан байх.
.
Жил бүр л их, дээд сургуулиудаас хамгийн эрэлттэй нь төрийн өмчийн сургуулиуд байна. МУИС, СЭЗДС, ШУТИС, ЭМШУИС, ХҮДС оржээ. Дунджаар 700-805 оноотой хүүхдүүд эдгээр сургуулийн босгыг давах эрхээ авчээ. Улсын хэмжээнд 55 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 205 мэргэжлээр сургаж байгаа аж. Уул уурхай, хөдөө аж ахуй, барилгын салбарт ажиллах мэргэжлийн ажилчдын эрэлт ихтэй байгаа учраас гаднаас оруулж ирэх хандлага нэмэгдэж байгааг та бид амьдралаас тодхон харж байна. Гаднаас ирж байгаа мэргэжлийн ажилчдын 75 хувийг техникийн анхан болон дунд шатны мэргэжлийн ажилчид эзэлжээ.
.
Манай улсад 160 гаруй их, дээд сургууль бий. Төгсөгчид мэргэжил эзэмшчихээд яагаад ажлын байргүй, эсвэл гологдоод байгаа юм. Дээд сургууль төгссөн хүн өнөөдөр манаач, үйлчлэгч хийгээд суудаг. Дипломтой ажилгүйчүүд олширсон. Тэгэхээр тухайн үеийн чиг хандлагыг ажиглахаас гадна өөрийнхөө дуртай, сонирхолтой илүү сайн хийж чадах мэргэжлийг сонговол зүйтэй. Хүн өөрийнхөө хийж байгаа ажил, мэргэжлээсээ таашаал авч, сэтгэл хангалуун байх ёстой гэдгийг л санаарай.
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ