
Их Британийн тусгайгийнхан Муаммар Каддафийг ангуучлахаар Ливийн нутаг дэвсгэр дээрх нүх сүв болгоноор хайж, түүний байж болзошгүй гэсэн газруудад буун дуу гаргаж нэг ёсондоо "үргээлгэ" хийж байсан билээ. Түүний дараахан Ливийн удирдагч, хурандаа Муаммар Каддафи босогчдын гарт амь үрэгдсэн юм.
Түүний хөрч амжаагүй цогцсыг тойрон иргэд хийгээд цэргийнхэн бүжиж, ёстой л багахан шиг баярын дайтай үйл явдал болсон нь зарим хүний хувьд ёс суртахуунгүй, өрөвдөх сэтгэлгүй явдал байв. Харин нөгөө нэг хэсэг бүлэг хүмүүсийн хувьд бол яахын аргагүй баярт үйл явдал болж байлаа.
Яг үүнтэй адилхан үйл явдал хэдхэн хоногийн өмнө Монголд боллоо. Янз бүрийн байдлаар хөлдөөж эгнүүлэн тавьсан чононуудын дэргэд хийморио сэргээн инээж баяссан хүмүүс тойрон зогссон нь дээрх байдлыг санагдуулам байв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нар Говь-Алтай аймгийн удирдлагатай хамтран өнгөрсөн сарын 10-25-ны хугацаанд чонын авыг уралдаан хэлбэрээр зохион байгуулсан.
Говь-Алтай аймгийн 18 сумыг хамарсан эл ан авд нийтдээ 237 чоно өртжээ. Үүнээс өмнө буюу 2010 оны 12 дугаар сард тус аймгийн олон нийтийн “Алтай” радио иргэд, малчид, анчдад болон сум багуудын удирдлагуудад хандан 6 удаагийн цуврал нэвтрүүлэг хийж аймгийн хэмжээнд чоно авлах нэг өдөр зохион байгуулахыг уриалсныг тус аймгийн засаг дарга дэмжиж захирамж, болзол гаргажээ. Энэ үндсэн дээр аймгийн хэмжээнд чонын ав үргээлгэ хийх ажлын 6 хэсэг сумдад ажиллан бүх багуудын нутаг дэвсгэрийг хамруулан ажилласнаар нийт 104 чоно агнасан байна.
Үүнээс хойш зарим сумдад чоно бараг байхгүй болсон ба зарим сумдад мэр сэр айлын хоттой хонь руу дайрах явдал гарчээ. Гэтэл энэ жил дээрх арга хэмжээг явуулснаар 237 чоно суманд өртсөнийг зарим хүмүүс шүүмжилж байгаа бол зарим нь үхсэн чоныг тойрон баясаж хийморио сэргээв.
Их авын дараа хөлдөөсөн чононууд Говь-Алтай аймгийн төв талбай болох Жанчивын талбайд эгнүүлсэн нь бүтэн өдрийн турш аймгийн төвийн оршин суугчдын нүдийг хужирлажээ. Үүнийг харсан хүмүүсийн зарим нь хайр найргүй агнасан чононуудыг "өрөвдөж" чоно алж тоглосон залуусыг буруутгаж байсан бол зарим нь олон чоно үзэж хийморио сэргээсэндээ туйлын баяртай байгаагаа илэрхийлжээ.
Үнэхээр ч энэ ажиллагаа нь сайн муу хоёр талтай аж. Чоно цөөрсөн сумдын тухайд экологийн тэнцвэр алдагдах аюултай аж. Эр хүний хийморь сэргээдэг гэх энэ амьтан хээр хөдөө үхсэн амьтны сэг зэмийг идэж устгадаг нь үхсэн амьтны сэг зэмнээс үүдэн гарах халдварт өвчин болон бусад эрсдлийг бууруулдаг байна. Гэтэл сүүлийн үед Говь-Алтай аймаг төдийгүй дэлхий даяар саарал чоныг тоо толгой цөөрсөөр байгаа юм.
Дэлхийн II дайны дараа Оросын судлаачид тус улсад 150-200 мянган саарал чоно байна хэмээн тоолсон бол үүнээс хойш 15 жилийн турш жил бүр 40-50 мянган чоныг Засгийн газрын хөтөлбөрөөр устгажээ. Үүний үр дүнд 1962 онд ОХУ-д 15 мянга орчим чоно үлджээ. Үүнээс хойш устгалыг түр зогсоосноор 1999 онд 44 мянга болж өссөн үзүүлэлттэй байгаа ч энэ нь баримттай тоо биш аж.
Харин манай улсын тухайд 1980 онд ШУА-ын хийсэн судалгаагаар 30 мянган тоо толгой саарал чоно байжээ. Харин 2004 оны судалгаагаар 10 мянга хүрэхгүй тоо толгой бүхий чонотой болсон байна. Энэ нь чонын үнэ цэнэтэй холбоотой төдийгүй нэг хэсэг нь мөнгө олох зорилгоор агнадаг бол нөгөө хэсэг нь хийморио сэргээхээр чонын авд морддог. Түүнээс гадна цэвэр агаарт гарч уушгиа цэвэрлэхийг хүссэн нөхдүүд ч зүгээр суухаар зүлгэж суу гэгчээр чонотой хөөцөлдөж "тоглодог". Харин үлдсэн цөөнх нь эмийн журмаар ашиглахыг хүсдэг ч тэр бүр агнаад байдаггүй. Харин бэлэн чоно худалдан авдаг гэсэн судалгаа бий. Энэ нь үнэний ортой.
Хээрийн чоно нь CITES-ийн II хавсралтад орсноор олон улсын хэмжээнд хамгаалагдсан амьтны тоонд багтсан хэдий ч манай улсад энэ нь үйлчилдэггүй. Чонын тоо толгой нь цөөрч байгааг анхаарч, Байгаль орчны сайдын 2007, 2009, 2011 оны тушаалаар Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн тал хээрийн нэр бүхий 31 сумын нутаг дэвсгэрээс саарал чоно агнахыг хориглосон шийдвэр гарч хэрэгжүүлж байгаа ч хулгайн авыг тэр болгон таслан зогсоож чадахгүй байгаа юм. Тиймээс чоно алж тоглосон залуус нэг хэсэгтээ л олны амнаас сайн үг сонсохгүй бололтой.
Ж.Хулан






СЭТГЭГДЭЛ БИЧИХ