Хөрсний доройтол, цөлжилтийн төлөв байдлын талаар хэлэлцэв
Газрын доройтол, цөлжилтийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагууд, бие даасан судлаачдын мэдээлэл солилцох уулзалт өнөөдөр БОНХЯ-д боллоо. Уулзалтад Ус цаг уур орчны шинжилгээний газар, Геоэкологийн хүрээлэн, Газарзүйн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Ус цаг уурын хүрээлэн, ХААИС, МУИС, ШУТИС, “Эко-Ази” зэрэг их дээд сургуулиуд оролцож, хөрсний доройтол, цөлжилтийн чиглэлээр хийж байгаа судалгаа шинжилгээний ажлуудаа танилцуулсан байна. Мөн энэ үеэр УИХ-аас 2012 онд баталсан “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай” хуульд заасны дагуу боловсруулсан “Хөрсний доройтол, цөлжилтийн төлөв байдлын зэрэглэлийн шалгуур үзүүлэлт, түүнийг тогтоох аргачлал”-ын төслийг танилцуулжээ. Тус төсөл дээрээ уулзалтад оролцогчдоос санал авч, энэ чиглэлээр сүүлийн үед хийгдэж байгаа судалгааны ажлын талаар мэдээлэл солилцсон байна.
Монгол орон эрс тэс уур амьсгалтай, газар зүйн байршлын хувьд далайн түвшнөөс өндөр өргөгдсөнийн зэрэгцээ хөрсний үржил шим ядуу, тачир сийрэг ургамлан нөмрөгтэй зэрэг онцлогоос шалтгаалаад экологийн хувьд нэн эмзэг тогтоцтойд ордог байна. Гэтэл цөлжилт, газрын доройтлыг үнэлэх аргазүйн судалгааны ажил одоо хүртэл янз бүрийн түвшинд хийгдэж байгаа ч цаашид боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байгаа аж. Түүнчлэн хөрсний доройтол, цөлжилтийг тогтоох шалгуур үзүүлэлт, зэрэглэлийг тогтоох нэгдсэн аргачлалыг мэргэжлийн хүний оролцоотойгоор хүн бүхэнд ойлгомжтой, энгийн хялбар байхаар боловсруулан гаргах хэрэгтэй байгаа юм байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ