УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв

img

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан байнгын хорооны дүгнэлтийг гишүүн З.Баянсэлэнгэ танилцуулсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан “гишүүн О.Баасанхүү Эрх зүйн шинэчлэлийг хийхдээ Үндсэн хуульд нийцүүлэн эрхийн зөрчлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг өмнөх нөхцөлөөс дордуулахгүй байх, хуульч нь иргэний хувьд гомдол гаргаж, маргаанаа шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхийг хуульд тусгах, УИХ-ын гишүүн  Х.Тэмүүжин парламент хууль хэлэлцэх явцад харьцуулсан судалгааг хийлгэж, хуулийн хувийн хэрэг болон хуралдааны протоколд хавсаргах, хууль тогтоомжид хууль тогтоогчийн дэвшилтэт үзэл санааг тайлбарласан бичилтийг тусгаж байх санал гаргажээ.

 

Гишүүн Ж.Батзандан Үндсэн хуулийн суурь зарчим, бүтцийг эргэн харах, хуульчтай холбоотой гарсан маргааныг хараат бус шүүхийн журмаар эцэслэн хянан шийдвэрлэх нь зүйтэй гэжээ. Гишүүн Д.Лүндээжанцан хууль тогтоох үйл явцад Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг харгалзан үзэж байх,гишүүн З.Энхболд шүүгч, хуульч нь зөвхөн хуульд захирагдаж, хүний хувь заяаг шийдвэрлэдэг онцгой эрхтэй тул төрөөс хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага нь хуульчтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн саналыг тус тус гаргажээ.

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ танилцуулгадаа “УИХ-ын  чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалтыг үндэслэн “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсгийн “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн “...Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ...эрхэлсэн ажил, албан тушаал, ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно...”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл …шүүхийн шийдвэрийг давж заалдах ...эрхтэй.”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “...Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 03 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн.

 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.6-д заасныг үндэслэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно” гэлээ.

Санал хураалтаар байнгын хорооны дүгнэлтийг гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул Шүүгчийнй эрх зүйн байдлын тухай болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.

,

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ