
Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойг тохиолдуулан яам, агентлагийн гадаад харилцааны мэргэжилтэн нарт Монгол Улсын бусад улстай төрөл бүрийн чиглэлээр байгуулж буй олон улсын гэрээ болон олон улсын гэрээнд нэгдэн орох асуудлаар хагас өдрийн семинарыг Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газар санаачлан өнөөдөр Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа.
Семинараар Монгол Улсын олон улсын гэрээний тухай ойлголт, тэдгээрийн төрөл, нэр томьёог хэрхэн зөв хэрэглэх, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлэх талаар оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулсан байна.
Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Монгол Улс дэлхийн 157 улстай дипломат харилцаа тогтоосны сацуу олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн нь болжээ. Манай улс өнгөрсөн хугацаанд 250 орчим олон талт олон улсын гэрээнд нэгдэн орж, 800 орчим хоёр талт гэрээ бусад улстай байгуулаад байгаа юм. Түүнээс гадна 60 орчим олон улс, бүс нутгийн олон талт байгууллага, бүтцэд гишүүнээр элсээд байгаа нь гадаад харилцаа өргөжин тэлсний нэгэн тод илрэл бөгөөд гадаад харилцаа өсөлт хөгжилтийг баталгаажуулагч гол хүчин зүйл нь бусад улстай гэрээ байгуулж олон улсын гэрээнд нэгдэн орох явдал байдаг.
Семинарын төгсгөлд ГХЯ-ны Консулын газраас өөрсдийн үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна. Семинарт яам, агентлагуудын гадаад харилцааны салбарт ажиллаж буй нийт 70 орчим мэргэжилтэн оролцлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ