“Рио+20” бага хурал ихээхэн үүрэгтэй гэв

img

2011 оны 9 дүгээр сарын 13-нд ажлаа эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулган үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. 12 дугаар сарын 2-ны бүгд хуралдаанаар Ерөнхий Ассамблей 2000 оны Мянганы дээд хэмжээний уулзалт болон нийгэм, эдийн засгийн чиглэлээр өнгөрсөн 20 гаруй жилд болсон НҮБ-ын томоохон хурал, уулзалтуудын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, НҮБ-ын системийн байгууллагуудыг бэхжүүлэх, улмаар НҮБ-ыг шинэчлэх талаарх багц асуудлыг нэгтгэн авч хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт Австрали, АНУ, Бразил, Европын Холбоо, Малайз, Пакистан Энэтхэг, Япон зэрэг хөгжингүй болон хөгжиж буй орнуудын төлөөлөгчид оролцож үг хэлэв. Ядуурал, нярайн эндэгдэл, халдварт өвчлөлийг бууруулах, анхан шатны боловсрол, ундны усны хүрэлцээг сайжруулах зэрэг Мянганы хөгжлийн зорилтуудыг 2015 онд багтан хэрэгжүүлэх бүрэн боломжтой байгаа ч гэсэн дэлхийн хүн амын хамгийн эмзэг хэсэг болсон олон зуун сая хүний хувьд өлсгөлөн, тэжээлийн дутагдал, хомсдлоос ангижрах, эхийн эндэгдлийг бууруулах, орон байр, эрүүл ахуйн байдлаа сайжруулах зэрэг зорилтын хэрэгжилт хангалтгүй байгааг төлөөлөгчид тэмдэглэж, үлдсэн хугацаанд бодлогын уялдаа холбоо, шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэхийг уриалж байв. Түүнчлэн төлөөлөгчид 2015 оны дараах олон улсын хөгжлийн зорилтууд тогтвортой хөгжилд үндэслэх ёстойг онцолж, үүнд 2012 оны 6 дугаар сарын 20-22-нд болох “Рио+20” бага хурал ихээхэн үүрэгтэй болохыг дурдаж байв. НҮБ-ыг бэхжүүлэх, шинэчлэх асуудлын хүрээнд НҮБ-ын үндсэн байгууллагуудаас гадна шинээр байгуулагдсан НҮБ-Эмэгтэйчүүд /Жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх асуудлаарх НҮБ-ын нэгж/-ийг бэхжүүлэх, мөргөлдөөн, хямралыг намжсны дараа сэргээн босголтын ажиллагаанд НҮБ-ын хүний нөөцийн чадавхийг сайжруулах зэрэг асуудалд төлөөлөгчид анхаарал хандуулж байв. Манай төлөөлөгч хэлсэн үгэндээ Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө  хүчээ дайчлан ажиллаж байгааг онцолж, Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх, хүн амын амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн төлөө байгааг хэлсэн. Түүнчлэн НҮБ-ын байгууллагуудыг бэхжүүлэх, шинэчлэх асуудлаар байр сууриа илэрхийлж, Ерөнхий Ассамблейн үйл ажиллагааг улам боловсронгуй болгоход оруулсан хувь нэмрийг гишүүн орнуудад танилцуулав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

naraa:
erenxiilegchee naiz chin bidniig china geed baina chi bid xujaa ym uu
2013-04-05