Өнөөдөр гандболын олон улсын тэмцээн эхэлнэ
Манай улс олон улсын гандболын холбооны цомын тэмцээнийг анх удаагаа зохион байгуулж байна. Тэмцээний нээлт өнөөдөр 12:00 цагт Буянт-Ухаа спортын ордонд эхэлнэ.
Энэхүү тэмцээнд Азийн зүүн болон зүүн өмнөд бүсийн зарим орнуудыг оролцуулахаар Олон улсын гандболын холбооноос тогтоожээ. Тиймээс энэ удаагийн тэмцээнд БНАСАУ-ын эмэгтэй, Макаогийн эрэгтэй, Тайвань, Хонгконг, Вьетнам, Монгол гэх зургаан орны эмэгтэй, эрэгтэй нийт 10 багийн 200 орчим тамирчин оролцоно. БНХАУ-ын Тайвань, Хонгконг, Макао улсын баг өнгөрөгч ням гарагт манай улсад буусан бол Вьетнам, БНАСАУ баг тамирчид өчигдөр иржээ.
Нийт таван баг өрсөлдөж байгаа учир тойргоор тоглох ба тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл таван өдөр үргэлжлэх аж. Олон улсын гандболын цомын тэмцээнийг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх шийдвэрийг тэмцээн зохион байгуулах хорооноос гаргасан байна. Тиймээс Монголын баг тамирчидаа дэмжин анхны олон улсын тэмцээнээс медаль хүртэх урам, зориг хайрлахыг хүссэн хүн бүрт тэмцээн нээлттэй байгааг зохион байгуулагчдын зүгээс дуулгасан.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ