“Секрет” хамтлаг Монголд ирнэ
ОХУ-ын рок-поп дуучин, хөгжимчин, алдарт “Секрет” хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Максим Леонидов өөрийн “Hippoband” хамтлагтайгаа “Одоогийн Монгол” сайтын урилгаар ирэх тавдугаар сарын 10-нд манай улсад ирэх аж. Түүний ирэх болон амьд тоглолтын талаар ОХУ-ын иргэн, монгол судлаач Аюур/Юра Кручкин/, “Доли продакшн”-ны тэргүүн Б.Долгион нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
“Секрет хамтлаг гадаад төрх, хөгжмийн хэмнэл, аялгуугаараа алдарт “Битлз”-ийг санагдуулам. 1985 онд байгуулагдан гарч ирсэн цагаасаа Оросын рок-попын ертөнцөд жинхэнэ тэсрэлт хийсэн хамтлаг.1987 онд “Секрет”, 1989 онд “Ленинградын цаг үе” нэртэй цомог гаргаж асар том амжилтад хүрсэн. Хит дуунуудаас нь дурьдвал “Тысяча пластинок”, “Алиса”, “Привет”, “Вниз по течению”, “Мара барабу”, “Моя любовь на пятом этаже” зэрэг дууг манайхан сайн мэдэх байх” гэж УГЗ Б.Долгион ярьж байлаа.
Тус хамтлаг нь Монголд 1987 онд Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн шугамаар хүрэлцэн ирж ДСНК болон Залуучуудын соёлын төв ордонд 2 удаа тоглолт хийж аж. Энэ удаад ялалтын баярыг тохиолдуулан ирж байгаа гэнэ. Хамтлагийнхан ирэх сарын 3-нд Монголд ирэх аж. Энд байх хугацаандаа Жуковын хөшөөнд цэцэг өргөх, Дундговь аймгаар аялах, өөрсдийн нэг дуундаа клипны зураг авах төлөвлөгөөтэй байгаа гэдгийг хурал зохион байгуулагчид онцолсон юм.
Б.Нямсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ