
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль болон төсвийн хуулийг дагалдан батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулиудын эцсийн найруулгын редакци сонслоо. Редакци сонсохын өмнө УИХ-ын дарга Төсвийн тухай хуулийг батлуулахад УИХ-ын гишүүн Н.Батбаяр идэвх зүтгэл, хүчин чармайлт гаргаж ажилласныг нь үнэлж буйгаа хэлж, эрхэм гишүүнд баяр хүргэсэн юм. УИХ-ын гишүүн Н.Батбаяр гадаад дотоод нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын 2012 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлага гарна. Иймд 2012 оны төсвийг ирэх оны нэгдүгээр сард багтаан эргэж харах шаардлагатай гэлээ .
Төсвийн тухай хуулийн эцсийн найруулгын редакци сонсох үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан, Р.Гончигдорж, Ө.Энхтүвшин, Д.Загджав, Х.Тэмүүжин нар хуулийн зарим зүйл, заалтын үг, үсгийн найруулгад тодотгол хийх санал гаргасныг редакцийн найруулгад тусгахаар болов. Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн эцсийн найруулгыг сонсоход гишүүдээс санал гарсангүй. Харин Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн эцсийн найруулгыг сонсох үеэр УИХ-ын гишүүн Н.Батбаяр, А.Баделхан нарын гишүүд тодруулга авсан. УИХ-ын гишүүн Н.Батбаяр УИХ-ын даргад хандаж хуулийн эцсийн найруулгыг бүтнээр нь уншиж танилцуулахыг хүссэн юм. Ингэснээр УИХ-ын дарга уг хуулийн хоёрдугаар бүлгийн зүйл, заалтыг уншиж танилцууллаа. Хуулийн хоёрдугаар бүлгийн 3 дугаар зүйлийн 3.1 Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д заасан орлого 110.000.0 сая төгрөг, 3.2 Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.2-т заасан орлого 364,638.1 сая төгрөг, 3.3 Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.4-т заасан эх үүсвэр 312.495.6 сая төгрөг, 3.4 Эрсдэлийн нөөц хөрөнгө 0.0 төгрөг, 4 дүгээр зүйлийн 4.1 эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрт 10.900.0 сая төгрөг, 4.2 бэлэн мөнгө 692.600.4 сая төгрөг, 4.3 оюутны сургалтын төлбөрт 83.633.2 сая төгрөг байхаар хуульд тусгасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ