Б.Мандат: Замын компаниудын техник тоног төхөөрөмж хоцрогдож муудсан
Зам тээврийн яамны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Б.Мандаттай ярилцлаа.
6
-Өнөөдрийн байдлаар орон нутгийн чанартай авто замын насжилт ямар байгаа вэ?
-Монгол Улсын авто замын сүлжээний нийт урт нь 49250 км байдгаас улсын чанартай авто зам нь 12722 км байдаг. Мөн орон нутгийн чанартай 36500 орчим км зам байдаг бол 4690 гаруй км хатуу хучилттай зам бий. Үүнээс хатуу хучилттай замын 50 орчим хувь нь 1-4 жилийн, 20 орчим хувь нь 4-30 хүртэлх жил, үлдсэн 30 орчим хувь нь 30-40, түүнээс ч дээш жилийн насжилттай зам эзэлж байгаа. Жишээ нь, Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг 1970-1973 онд тавьснаас хойш 40 гаруй жил болж байна.
5
-Улсын чанартай авто замын засварыг хариуцсан хичнээн компани байдаг юм бол. Эдгээр компани үүргээ биелүүлж чадаж байгаа юу?
-Засвар арчлалтын нийт 23 компани байдгаас 19 нь төрийн өмчит, 4 нь хувийн компани байдаг. Эдгээр компанитай манай яамнаас зам хариуцагчийн гэрээ байгуулдаг. Тухайн хариуцаж авсан замаа компаниуд жилийн 4 улиралд зорчигч тээврийн хэрэгслийн аюулгүй зорчих байдлыг хангах үүднээс байнгын бэлэн байдалд ажиллах ёстой.
5
Тэгвэл засвар арчлалтын компаниудын хүчин чадал нь улсын чанартай авто замыг бүрэн гүйцэд хариуцаж, түүний арчилгаа хамгаалалтыг дээд түвшинд хийгээд, замаар зорчиж буй зорчигч тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж чадаж байна уу гэвэл учир дутагдалтай. Яагаад гэвэл, засвар арчлалтын компаниуд маань нэгдүгээрт, техникийн шинэчлэлт огт хийгдээгүй тул хоцрогдсон техник, тоног төхөөрөмжтэй. Хоёрдугаарт, энэ компаниудын үйлдвэрлэлийн бааз маш муу байгаа. Хатуу хучилттай замын эвдэрсэн хэсэгт нөхөөс хийхийн тулд освальд ашиглах ёстой. Харин ихэнх замын компаниудад освальд завод буюу тухайн замын хучилтын үйлдвэр байдаггүй. Байгаа цөөн хэсгийнх нь Оросын хуучирсан, өртөг зардал ихтэй байдаг. Тулгамдаж буй гуравдугаар асуудал бол боловсон хүчин. Замын салбарт тогтвор суурьшилтай ажиллах байдал алдагдчихсан. Учир нь зам засварын компаниудын өнөөдөр хийж буй ажлууд нь ашгийн бус байдаг. Тиймээс төрөөс өөрийн өмчит компаниудынхаа үйлдвэрлэлийн материаллаг баазыг шинэчлэн, бэхжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.
5
-Орон нутгийн замаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэл болгоноос авдаг хураамжийг зам засварт зарцуулдаг гэсэн. Мөн улсын төсөвт жил бүр зам засварт мөнгө төсөвлөдөг. Энэ мөнгө нь хүрэлцдэггүй юм уу?
-Тийм ээ. Зам ашиглалтын хураамжийн мөнгө нь Замын санд төвлөрөөд, түүнийг зам засах, шинээр барихад ашиглаж байгаа. Дээрээс нь улсын төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө хуваарилж байгаа ч энэ нь хангалттай биш байна. Замын насжилтаас хамаараад арчилгаа нь өөр байдаг. Тодруулбал, 1-4 жилийн насжилттай зам арчилгаа багатай байдаг бол түүнээс дээш жилийн насжилттай замын арчилгаа арай илүү зардал шаардана. Ер нь 5-аас дээш жил болсонд нь ээлжит засвар буюу хэсэгчилэн замын эвдэрлүүдийг засч байх ёстой байдаг. Мөн 13-аас дээш жил болсон замд их засвар хийх ёстой. Норматив хугацаандаа хийгдэх ёстой засварууд хийгдэхгүйгээс болж хугацаанаасаа өмнө шинээрээ шахуу эвдрээд байдаг. Иймээс тухайн замаар зорчигчид “Замынхан ажлаа хийхгүй, замаа засахгүй байна” гэж их ярьж байгаагаас үзэхэд нийгэмд буруу ойлголт төрчихсөн байна. Гэтэл үнэндээ бол хуваарилагдаж буй мөнгө нь замын арчлалт, өдөр тутмын урсгал засварт зарцуулагдчихдаг. Жишээ нь, замуудад хагарал гарлаа гэхэд түүнийг нөхөөс хийх, хучилтыг нь хэвийн байдалд оруулах, бороо орлоо гэхэд шороо нөхөж хийх гэх зэрэгт зориулагдаж байгаа.
5
-Зам засварын ажлын үнэлгээ ямар байдаг юм бол?
-Ээлжилт засвар хийхэд 1 км замыг багаар бодоход 300 сая төгрөг шаардагддаг бол их засварт 400-450 сая төгрөг хэрэгтэй.
5
Замын насжилтыг нь уртасгахад 70 орчим тэрбум шаардлагатай
5
-Манайд хөрөнгө мөнгөний дутагдлаас болоод засвар хийгдэж чадахгүй байгаа хичнээн км хатуу хучилттай зам байна вэ?
-Нэг хүртэлх жилийн насжилттай 1686 км буюу нийт хатуу хучилттай замын 37 хувийг эзэлж байна. Харин 1-4 жилийн насжилттай автозам 834 км буюу нийт замын 18 хувийг эзэлдэг. 4-8 жилийн насжилттай зам 804 км урттай буюу 27 Хувийг эзэлж байгаа бол 8-аас дээш жилийн насжилттай зам 1170 км буюу нийт замын 25 хувиаг эзэлж байна. Эндээс харахад 2000 орчим км замд ээлжит болон их засвар хийх шаардлагатай байгаа юм. Үүнээс нэн тэргүүнд засах шаардлагатай, хамгийн их эвдрэлтэй замууд гэвэл Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Хэнтий чиглэлийн зам, урагшаа Чойр чиглэлийн зам маш их эвдэрч, насжилт нь дууссан байна. Баруун тийшээ Лүн, Эрдэнэсант, Өвөрхангай, Архангай чиглэлийн замууд их эвдэрч байгаа нь дээр дурдсанчилан шаардлагатай засварын ажлуудыг цаг тухайд нь хийгээгүйтэй холбоотой.
Жишээлбэл, Улаанбаатар- Дархан чиглэлийн буюу Баруун хараагаас цааш Хустайн даваа хооронд км 169-177 дээр маш их эвдрэл гарсан. Энэ замаар том жижиг оврын тээврийн хэрэгслүүд, хойд, урд хөршийн транзит ачаанууд явж байгаа. Тиймээс энд гарсан эвдрэл гэмтлүүдийг яаралтай засч, осол авааргүй байнгын бэлэн байдалд байх үндсэн үүргийг биелүүлэх үүднээс тухайн хариуцсан хэсгийн төрийн өмчит 2 компанийг замын эвдрэлд татан оролцуулж байгаа. Өнөөдрийн байдлаар эвдэрсэн замуудын хучилтыг, илүүдэл хөрсийг бүгдийг нь зайлуулж, түүнд дүүргэлт хийн зорчиж буй тээврийн хэрэгслүүдийг осол аваргүй явуулах нөхцлийг бүрдүүлэх ажлыг хийж байна. 2014 онд Дарханы засварын компанийн жилийн төлөвлөгөө 850 сая төгрөг байгаа ч энэ нь замын эвдрэлд хүрэлцэхгүй байгаа. Энэ 7 км замыг техникийн шаардлагын дагуу нэлэнхүйд нь маш яаралтай замын даланг нь сольж, шинээр дүүргэлт хийн шинэчлэхийн тулд 2 тэрбум орчим төгрөг хэрэгтэй. Тиймээс бид энэ жил улсын төсвөөс баталж өгсөн замын засварын ажилд төсөвлөгдсөн 21 тэрбум төгрөгнөөсөө зохицуулалт хийн, эх үүсвэрийг гаргах талаар ажиллаж байгаа.
Бид өнгөрсөн жил 2014 оны төсөвт суулгуулахаар насжилт нь хэтэрсэн замуудад ээлжит их засвар хийгдэх ажлын тооцоог гаргасан. Нийтдээ 2014 онд 70 орчим тэрбум төгрөгийн шаардлага байгаа ч төсөв хэлэлцэх үеэр хасагдчихсан. Одоо нээлтээ хийгээд удаагүй байгаа хаврын чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэнэ. Энэ үеэр бидний тавьж байгаа хөрөнгийг баталж өгвөл замыг засч, насжилтыг нь уртасгахад маш их хэрэгтэй байна.
5
-Хүнд даацын машинууд замын эвдрэлд их нөлөөлдөг гэдэг. Энэ талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юу байна?
-3, 4 жилийн өмнөхөөс өнөөдөр хүнд даацын машинууд их явах болсон нь замын эвдрэлийг яах аргагүй нэмэгдүүлж байна. Тиймээс хүнд даацын машинуудыг төв замуудаар явуулахгүй байх, хязгаарлах арга хэмжээг ЗТЯ-аас хэрэгжүүлж байгаа. Цаашдаа мөн салангид үйл ажиллагаа явуулж байсан замын хяналт шалгалтыг нэгтгэж, нэг дор цогц үйлчилгээтэй болгох чиглэлээр санал боловсруулаад зохих яамдуудаас санал авахаар явуулсан байна.
Замын эвдрэлд нөлөөлж буй бас нэгэн хүчин зүйл нь байгалийн хүчин зүйл байна. Өнгөрсөн жил гэхэд хур бороо их орсны улмаас замууд чийгшил их авсан. Өөрөөр хэлбэл, хуучирсан замууд хагарал ихтэйгээс түүгээр нь ус их нэвчин орж, өвөл хөлдөөд, эргээд хавар нь гэсэхдээ тэлэлт бий болж байна. Үүний улмаас дээшээ хөрснүүд нь түлхэгдэн гарч ирээд цөмрөлт ихээр үүсгэж байгаа. Энэ нь хучилтуудыг маш их эвдэж байна.
5
Энэ жил нийслэлтэй 2 аймгийг хатуу хучилттай замаар холбоно
5
-Засгийн газраас хөдөө орон нутгийг нийслэлтэй холбох хатуу хучилттай замын ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Энэ талаар тодруулаач?
-Засгийн газраас 6 аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох зорилт тавьснаас 4 аймгийг нь холбосон. Харин өнгөрсөн жил холбож чадаагүй Хөвсгөл, Өмнөговь аймгийг энэ жил хатуу хучилттай замаар холбоно.
5
-Шинээр тавигдаж буй замын чанар ямар байгаа вэ. Үүнд салбарын яам цаг тухай бүрт нь хяналт тавьж байгаа юу?
-Нэг үеэ бодоход замын чанарт тавигдах хяналт эрс дээшилсэн. Бид хяналтын багуудыг ажиллуулдаг болсон. Өөрөөр хэлбэл, тухайн замын барилгын захиалагч нь өөрснөө хяналтын баг гаргаж ажиллуулдаг байсныг болиод хөндлөнгийн хяналт тавьдаг арга руу шилжиж байна. Ингэснээр тухайн замын ТЭЗҮ-г төлөвлөхөөс эхлээд зургийг нь хийж барьж дуусах хүртэлх үйл ажиллагааг гадны зөвлөхүүд дагнаж хийдэг болж байгаа. Хэрвээ буруу зураг хийсэн бол хяналт тавьсан зөвлөхүүд өөрсдөө хариуцлагаа хүлээдэг болно. Мөн тухайн гүйцэтгэгч компани гаргасан зургийнх нь дагуу барилгыг барьж байгаа эсэхэд мөн хяналт тавьж, хэрвээ буруу хийсэн бол хариуцлагыг зөвлөх компани хүлээнэ.
5
-Энэ жил орон нутгийн чиглэлд шинээр барих 2 замын ажилд гадны зөвлөхүүдийг ажиллуулах уу?
-Манайд гадны олон зөвлөх компаниуд ажиллаж байгаа. Үүний анхны шавыг япончууд Нарны зам дээр хэрэгжүүлсэн. Орон нутгийн чиглэлд шинээр тавигдах замуудын хяналтын багийг сонгон шалгаруулалтаар шалгаруулна.
5
-Энэ хяналтын тогтолцоо зам засварын ажилд мөн хамаарагдах уу?
-Засварын ажилд манай хэлтсээс бүс нутаг хариуцсан хяналтын байцаагч нар ажиллаж байгаа. Энэ хүмүүс замын компаниудын сар бүр хийсэн ажлыг нь фото болон хар зургаар баталгаажуулсан гүйцэтгэлүүдийг газар дээр нь очиж хянадаг. Мөн технологийн дагуу хийсэн эсэхийг нь хянадаг. Засгийн газраас энэ ажлыг сайжруулах үүднээс 2014 оны 1 дүгээр сард 4 тоот тогтоол гаргаж, зам засварын арчлалтын өдөр тутмын ажлын хяналтыг тухайн аймгийн ЗДТГ-аар хянуулдаг болгосон. Өөрөөр хэлбэл, тухайн аймагт байгаа зам засварын компани замаа өдөр бүрт нь арчилж байгаа эсэхэд ЗДТГ буюу Тээвэр авто замын газраас улсын байцаагч тэнд ажиллана. Ингэснээр зам засварын ажил эрс сайжирна.
5
-Зам засварт мөн шинээр барьсантайгаа ижил ашиглалтын хугацаа байдаг уу?
-Шинэ зам барьсантай адилхан хугацаатай байх ёстой. Хэрвээ хугацаандаа хүрэхгүй зассан зам нь эвдэрвэл тухайн барьсан компани өөрийн зардлаар дахин түүнийгээ засна гэсэн зарчим үйлчилж байгаа.
5
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ