Хөрсөн дэх хар тугалаганы хэмжээ 2.5 хувиар давжээ
Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клуб санаачлан өнөөдөр “Хөрсний бохирдол нь агаарт хэрхэн нөлөөлөх тухай” дугуй ширээний уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтад Газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ө.Ганзориг, МУИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Шагжжамба, ахлах багш Д.Даваадорж, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Э.Жаргалсайхан, Ус цаг уур орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн С.Энхмаа нарын хүмүүс оролцсон юм.
.
Өвөл утаандаа дарагддаг Улаанбаатар хот маань цас ханзарч, урин дулааны улирал эхлэхийн цагт хөрсний бохирдлоос үүдэлтэй нарийн тоос, элдэв химийн элементүүд нийслэлчүүдийг хордуулж эхэлдэг. Иймээс хавар, намарт биднийг утаанаас дутуугүй өвчлүүлж буй хөрсний бохирдолтын талаар хөндөн ярилцсан нь цаг үеэ олсон асуудал болсон юм.
.
Хар тугалга хөрсөнд нэвчин, гүний усанд нөлөөлөх магадлалтай
Уулзалтын эхэнд Ө.Ганзориг Улаанбаатар хотын 340 цэгээс хөрсний дээж аван, 6 төрлийн хортой элементийн судалгаа хийсэн тухайгаа танилцуулав. Судалгаагаар дээрх хөрсний дээжүүдээс хар тугалага байж болох хэмжээнээсээ 2.5 хувиар, хромидын хэмжээ 5.9 хувь, кадми 3.3 хувиар илүү байгаа нь тогтоогдсон байна. Харин никелийн хэмжээ байх ёстой хэмжээнээсээ даваагүй аж.
:
Ялангуяа авто засварын газрууд, техникийн захуудын ойр орчмын хөрснөөс хар тугалгын хэмжээ хэвийн байх ёстойгоосоо хэтэрч, их хэмжээний бохирдолттой болох нь тогтоогдсон байна. Гэхдээ хаягдал төмөр гэх мэтчилэн хоёрдагч түүхий эд авдаг цэгүүдийн ойр орчмын хөрс дээрх газруудынхаас илүү хар тугалгаар бохирджээ. Иймээс хур тунадас орлоо гэхэд дээрх хортой элемэнтүүд нь хөрсний гүнд нэвтэрч, гүний усыг бохирдуулах магадлалтай байдаг аж. Мөн салхиар дамжин бидний бие организмыг хордуулах аюултай юм. Сүүлийн үед хийгдсэн судалгаагаар агаар дахь хар тугалгын хэмжээ хүний амьсгалах хэвийн хэмжээнээс 2-3 процентоор давжээ.
:.
Утаанаас илүү хөрсний бохирдолт агаарт нөлөөлж байна
Түүнчлэн нийслэлийн дийлэнх нь гэр хороололд амьдарч буй тул үүнтэй холбоотой хөрсний эвдрэл, хог хаягдлаас үүдэлтэй бохирдол ихээр бий болсон. Иймээс Туул гол, түүнд цутгадаг 4 голын дунд оршдог Улаанбаатар хот угийн нимгэн хөрстэй тул дээрх хүний хүчин зүйлсээс үүдэлтэйгээр ургамал ургах үүргээ хэдийнээ алдаж байгааг уулзалтад оролцогчид хэлж байв. Тодруулбал, ургамал ургах нөхцлийг бүрдүүлдэг 2 давхрага устсанаар, чулуулгийн давхрага нь ил гарчээ. Үүний дээр барилгын хог чулуулаг хөрсөнд их бий болсныг эрдэмтэд хэлсэн юм.
.
Ийнхүү хүний хүчин зүйлээс үүдэн эвдэрч сүйдэж буй хөрсний эвдрэл бохирдолт нь утаанаас илүүтэй хүний эрүүл мэндийг хордуулж буйг МУИС-ын эрдэм шинжилгээний ажилтан Д.Шагжжамба хэллээ. Тэрбээр, “МУИС 2005 оноос эхлэн агаарын бохирдлыг судалж ирсэн. Сүүлийн жилүүдэд утаанаас үүдэлтэй агаарын бохирдолт харьцангуй багасч байгаа. Харин хөрснөөс үүдсэн агаарын бохирдолт илт мэдрэгдэх болсон” гэлээ. Ялангуяа 100 айл орчимд өвөл утаа багасч байгаа ч хүний эрүүл мэндэд нөлөөлдөг нарийн тоосонцорийн хэмжээ 2 дахин өсчээ. Мөн элсний карьертай Сонгинохайрхан орчмын газруудад нарийн тоос, тоосжилт их байдаг байна.
.
Мөн НБОНХГ-ын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн мэргэжилтэн “Улаанбаатарын гэр хороололд 120 мянган өрх ил бие засах газартай байдаг. Судалгаагаар үүний 72 хувь нь нянгийн бохирдолттой гарсан. Мөн энэ төрлийн бохирдолт Нарантуул, Хархорин, Дэнжийн мянга гэх мэт захуудын ойр орчмоос ихээр илэрсэн” хэмээв. Уг нь гэр хорооллын айлууд хавар, намартаа бие засах газраа ариутгаж байвал өвчлөл үүсэх магадлал бага байдаг аж. Мөн гэр хороололд амьдардаг зарим иргэд гудамжиндаа угаадсаа асгаж байгаа нь эргээд ууршин агаар дуслын замаар элдэв төрлийн халдварт өвчин үүсгэх эрсдлийг бий болгодог байна.
.
Бохирдол ихтэй газруудад хөрсний ариутгал хийнэ
Хөрсний эвдрэл, бохирдлоос сэргийлэх үүднээс Нийслэлийн Иргэдийн хурлын тогтоол гарч техникийн захуудыг хотоос нүүлгэхээр болсон. Мөн хотын төвд хөрсний хамгийн их бохирдолттой 24 цэгийг тогтоож, дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлээд буй. Харин хөрсний ариутгалын ажлын тухайд 2013 онд нийтийн эзэмшлийн зам талбайд их хийж байсан. Харин энэ онд хогийн цэг, голын сав газар гэх мэт бохирдол ихтэй газруудад хөрсний ариутгалын үйл ажиллагааг явуулах аж. Түүнчлэн Тасганы овоо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 2 цэгт гэх зэрэг нийтдээ 7 байршилд ногоон бүс бий болгон, цэцэрлэгжүүлэхээр болж, өнгөрсөн жил зурагт төслийн ажлыг хийжээ. Харин энэ жилээс ногоон байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхлэхийг НБОНХГ-ын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн мэргэжилтэн хэллээ.
:
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ