Хавар ирснийг мэдрүүлсэн долоо хоног
Хэдийгээр урин дулааны улирал ирсэн ч хаврын жихүүн өдрүүд үргэлжилж байна. Цаг агаарын хувьд ч, өрнөж буй үйл явдлуудын ч хаврын улирал ирснийг сануулсан энэ өдрүүдийн ярианы гол сэдэв төрөл бүрийн тавилттай жагсаалууд байв. Харин гадаад ертөнцөд бол Өмнөд Солонгосын Инчон хотоос Чежү арлыг чиглэж явсан “Sewol” аяллын хөлөг онгоц живсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татав. Малайзын агаарын тээврийн онгоц ор сураггүй болсны дараагийн дуулиан болсон энэ хөлөг онгоцонд нийт 475 хүн зорчиж явжээ. Тэднээс 179 зорчигчийг авраад байгаа. Солонгосын хөлөг онгоцонд санаа зовниж, гудамжны жагсаал, улс төрийн нөхцөл байдалд бухимдсан долоо хоногийн үйл явдлуудыг тоймлож байна.
аа
Жагсаал, жагсаал бас дахин жагсаал
ааа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр МАН-аас Чингисийн талбайд жагсаал зохион байгуулсан. Давхар дээл тайлах ший жүжгийнхээ хоёр дахь үзэгдлийг МАН-ынхан өнгөрсөн долоо хоногт үзүүлэв. УИХ-д хүргүүлсэн шаардлагынхаа хариуг авах, давхар дээлийг тайлуулах зорилготой тэд Төрийн ордны гадаа лоозон барин жагссан ч саарал ордон дотор өрнөж буй үйл явдалд нөлөөлөх эсэх нь эргэлзээтэй. Ямартай ч жагсагчид зорилгоо биелүүлсэн хэмээн, их л бахдалтайгаар тарсан. Учир нь давхар дээл тайлах хуулийг энэ оны долоодугаар сарын нэгнээс хэрэгжүүлэх нь зөв гэсэн санал олонхын дэмжлэг авсан. Гэвч энэ түр зуурын гал унтраах арга гэдгийг МАН-ынхан мэдэж буй биз ээ.
өөө
МАН-ынхныг ийн хэсэг зуур амсхийж байх хооронд тэднийг эсэргүүцэгчид Тусгаар тогтнолын ордны өмнө цуглав. Тэд янхан, архичин, ажилгүй нэгэн биш гэдгээ хэлэхээр ирсэн гэнэ. Бас үр хүүхэд нь хар тамхинд донтсон мансуурагчид биш гэдгийг МАН-ынхан дуулгахаар цугласан юм. МАН-ын давхар дээл тайлахыг шаардсан анхны жагсаалаараа Монголын айл өрх бүрт нэг янхан, нэг архичин бий. Өсвөр үеийнхний 40.9 хувь нь хар тамхичид хэмээн эх захгүй хий мэдэмхийрсэн нь эргээд өөрсдийг нь гишгэлэх шалтгаан болсон юм.
өөө
Үүнээс гадна МАН-ынхныг эсэргүүцсэн өөр нэг жагсаалыг МУГЖ С.Жавхлан толгойлов. Тэрээр МАН-ынхныг монгол дээлийг доромжилсон хэмээн үзэж, дээлтэй бүхнийг төв талбайд урьж, эсэргүүцлээ илэрхийлэхийг уриалсан юм. Тэрээр үндэсний өв соёл болох дээлийг улс төрийн хэрүүлтэй хольж хутгаж буйг эсэргүүцэж, “Би дээлээ өмсдөг, би дээдсээ хүндэлдэг” хэмээн хариу барив. Давхар дээл тайлах гэсэн нэг сэдэлтэй байсан МАН-ынхны жагсаал хоёр ч эсэргүүцэлтэй тулгарч, нэр хүнд нь доошлох шалтгаан болов.
өөө
Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн бас нэг жагсаал бол УИХ-ын гишүүн Г.Уянгын зохион байгуулсан “Монголын нэг өдөр-2014”. Хүн бүрийг зовлонгоо чирээд ир гэж дуудсан эрхэм гишүүн төв талбайд сандал эгнүүлж, ихээхэн тухтай жагссан. Хоёр өдөр үргэлжилсэн жагсаалынхаа үр дүнгийн талаар Г.Уянга гишүүн мэдээлэл өгч, гурван тор санал хүсэлттэй болсноо ч харуулна лээ. Төрийн эрх баригчдад Монголын нэг өдрийг харуулахыг зорьсон Г.Уянга гишүүний цуглааны нэг өдөрт нь л 1000 гаруй хүн цугласан гэнэ. Хэдэн хүн цугласан нь биш ямар асуудал ярьсан нь чухал хэмээн мэдэгдсэн гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгч, хотын дарга, парламентад суудалтай эрх баригч, улс төрийн намуудын удирдагчдад хандан уриалга гаргаснаа ч дуулгасан.
өөө
Өнгөрсөн өдрүүдэд болсон өөр нэг жагсаал нь “сайд танд яс хэрэгтэй юу, хүн хэрэгтэй юу” гэсэн хатуухан лоозонтой соёл урлагийнхны цугларалт байлаа. Соёл урлагийн салбарын өмнөө барьдаг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл цугласан эсэргүүцлийн жагсаал уран бүтээлчдийн цалин, хангамжийг нэмэгдүүлэх зорилготой. Засгийн газрын зүгээс төрийн албан хаагчид тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмж, соёл урлагийнхныг орхигдуулсан нь тэдний бухимдах шалтгаан болсон бололтой. Өмнө нь урлагийнхны цалин боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчдынхаас 18 хувийн зөрүүтэй байсан бол өнгөрсөн сард эмч, багш нарын цалин нэмэгдсэнээр одоо 120 мянган төгрөгөөр бага цалин хөлс авч байгаа гэнэ. Тиймээс тэд салбарын сайддаа шаардлага хүргүүлж, төр засгийг нүдээ нээхийг гуйв.
өөөө
Ийн ээлж дараалсан жагсаалууд төв талбайг амраасангүй. Үзэл бодлоо илэрхийлэх бус эсэргүүцлийг илтгэсэн жагсаал цуглаануудын үр дүн хэзээ гарах нь тодорхойгүй. Харин хамгийн тодорхой зүйл нь хавар ирчихэж.
өөө
Нимгэлтэл нэлээд хугацаа бий
өөө
Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу гишүүн-сайдын албыг давхар хашихгүй байх хуулийг 2014 оны долоодугаар сарын нэгнээс эхлэн хэрэгжүүлэх санал УИХ-ын гишүүдийн олонхын санал авч, эцсийн хэлэлцүүлэгт шилжлээ. Давхар дээл хэмээн далан үг, үйл явдал дагуулсан уг хууль санаачлагчдын саналаар бол 2016 оны долоодугаар сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх байсан. Гэвч энэ санал дэмжигдээгүй учраас наадмаас өмнө хэрэгжүүлэх санал чуулганд оролцсон 69 гишүүний 35 нь буюу 50.7 хувийн дэмжлэг авснаар МАН-ынханд хонгилын үзүүрт гэрэл харагдав.
өө
Харин санал хураалтад хэн ямар санал өгсөн нь олны анхаарлыг татав. Өөрөөр хэлбэл, МАН-ынханд хүч нэмсэн нөхөд хэн бэ гэдэг нь чухал. Энэ дундаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын шийдвэр олны анхаарлыг татах нь зүйн хэрэг. Түүнд 2016 оны долоодугаар сарын 1 хүртэл гишүүн-сайдын албыг давхар хаших сонирхол байсан нь мэдээж. Харин яагаад уг саналаас татгалзав гэдэг нь одоогоор асуулт хэвээр байна. Дараагийн асуулт дагуулсан хүмүүс бол Эвслийн харьяалалтай О.Баасанхүү, Д.Батцогт, Л.Цог нар. Засгийг хамтран барилцаж буй тэд хамгаалах бус харшлах санал өгсөн нь мөн л анхаарал татна. Үүнээс гадна АН-ын зарим нөхөд ч МАН-ынханд хүч нэмжээ. Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Зоригт дээр нь Х.Баттулга. Тэд намынхаа эсрэг гэж хэлж болох санал өгсөн нь өдгөө хачирхалтай хэвээр байна.
өөө
Үүний дараахан УИХ-ын гишүүн Д.Батцогт МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс гарахаа албан ёсоор мэдэгдэв. Давхар дээлний асуудлаар тав хоногийн завсарлага авсан ч дахин гурав хоногоор хойшлуулах хүсэлт гаргаад байсан, дээр нь Д.Батцогт эвслийн бүлгээс гарах болсон нь "Шударга ёс"-ынхан санал нэгдээгүйн илрэл. Өөрөөр хэлбэл "Шударга ёс" эвсэл засаг барилцсан хэвээр үлдэхийг хүсч байгаа ч Д.Батцогт өөр саналтайгаа байгаагаа илэрхийлсэн нь энэ. Ямартай ч давхар дээл тайлах хугацаа тодорхой болсон. Гэвч сайд-гишүүд дээлээ нимгэлэхэд хугацаа их орно. Учир нь Үндсэн хуулийн цэц уг асуудлыг эцэг хуулийг зөрчсөн гэж үзэх нь лавтай. Бас Ерөнхийлөгч хориг тавих нь тодорхой. Тэгэхээр Шинэчлэлийн Засгийн газар нурна гэсэн дүгнэлт хийх нь яарсан хэрэг болно.
өөө
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ