Богдхан уулаа хайрлахын учир

img

“Газрын амт-3”

Зайсан толгой орой дээрх Зөвлөлтийн дайчдын хөшөөтэйгээ, хормой дахь Бурхан багштай хамт “нуугдсан” мэт халхалсан барилга байшин ярайн босов. Нэг талаас төрийн ордноос саахалтын дайтай газарт дархан цааз хэрэгжээгүй, нөгөө талаас Үндсэн хуулийн цэц ажиллаж, сургууль, эмнэлэг, дэлгүүр, үйлчилгээний газрууд, айл өрх бууриа засч, ханаа шийрлэн, үл хөдлөх хөрөнгө бүтээгдэв. Тэгээд яах ёстой вэ?

 6

Дархан цаазат Богдхан уул, Зайсантолгойн түүхээс

 6

Уул усандаа төрийн түшээгийн нэр цол олгож, дархлан тахиж, шүтэж биширдэг нь байгаль дэлхийгээ аргадан хайрлах сэтгэлгээнээс үүссэн нүүдэлчдийн өв соёлын нэг хэсэг билээ. Богдхан уулыг шүтэж дээдэлсэн нь аль эрт Хүннүгийн цаг үеэс улбаатай. Гурван мянган жилээс өмнөх сүг зураг, чулуун зэвсгийн үеийн отог буйр зэрэг түүхийн 50 гаруй дурсгал эндээс олджээ. Оросын эрдэмтэн А.П.Окладников эндээс олдсон сүг зурагны талаар ”Гайхалтай бодитой дүрсэлсэн хүн, амьтны хамгийн гол төв байрлалд монгол үндэсний хувцастай жинхэнэ монгол бүсгүйн дүр бий. Монголчуудын хуланц эх Гоо Марал. Хажууд нь цоохор марал дүрсэлсэн. Марал, эмэгтэйн зургийг харах бүрт монголчуудын хуланц эх Гоо Маралын талаар санахгүй байхын аргагүй” гэжээ. Сайд Юндэндорж Богдхан уулыг тусгайлан хамгаалах хүсэлт бүхий бичгийг 1778 онд өргөснөөр дархлан цаазалжээ. Цэцээ гүн  оргилыг дөрвөн жил тутамд Ерөнхийлөгчийн зарлигаар тахиж, өвөг дээдсээс өвлөгдсөн соёлоо хадгалж байна. Харин бидний зарим нь оройд нь сүсэлчихээд хормойг нь хогоор булчихдаг, түүнийг нь гадаадын хүн цэвэрлэхээр явж байхтай таарч байв. Зайсангийн аманд Нархажидын дугана гэж байжээ. Лам, гэлэнмаа нар ном хурж, Богд буян хандив тусгайлан өгдөг, хөгжимчид дуулан эгшиглүүлдэг дугана байсан гэж тэмдэглэжээ. Зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгал ч бидний туулсан түүхийн нэгэн гэрч билээ. Шажинхурах, Төрхурах зэрэг билэг ёстой нэрс, өвс ургамал, мод түлээ авахыг цээрлэдэг байсан зан заншил дархлан цаазалсаны утга учрыг илтгэнэ. Хийморийн овоо гэж сар шинийн нэгэнд үй олноороо цуваад байдаг газрын уг учир нь Манзушир хутагтын тахиж асан Чандмань овоо юм. Зуунмодны аманд 1747 онд Манзуширын хийдийг босгожээ. Шашнаа устгах цөвүүн цагт хийдийн дурсгалт дугана цогчин нэлээд сүйдсэн боловч хагас зуун кг алт, хэдэн зуун кг мөнгөөр биежүүлэн бүтээсэн Очироор огтлогч, Нууц хураангуйн эх үндэс хэмээх ном судар бидний үед хүрч иржээ. Монгол орон хөрсөн доороо ч, дээрээ их нууц агуулсан гайхамшигт нутаг гэж бичсэн эрдэмтэн А.П.Козлов “Монголын нийслэл хүрээний өмнө дэлхийн дархан газруудын хамгийн ахмад Богдхан уул цэнхэр униар татуулан, үзэсгэлэнтэйеэ сүндэрлэн харагдана” гэж тэмдэглэжээ. Дэлхийд анхдагч дархан цаазат уул гэдгийг гадаадын эрдэмтэн судлаачид мэдэж байжээ гэсэн үг. Богдхан уулыг төрийн бичээч болгон Зайсан цол өгсөн гэдэг. Богдхан уулыг дархлах тухайд өргөсөн бичигт “Дөрвөн аймгийн чуулган нийлэх газар бөгөөд хормойд нь шар, хар олон түмэн хуран суух нь хүрээ оршихын дээр ан, амьтад, ой модоор элбэг баян, олон түмэндээ магтагдсан, холын жуулчдын анхаарлыг татсан энэ үзэсгэлэнт сайхан уулыг эцэг өвгөдөөс дархалж ирсэн учир үүнийг хуучин ёсоор тахин, онгон дархан цазтай болгож өгөхийг хичээнгүйлэн гуйсугай” гэж өгүүлсэн агаад Тэнгэрийг тэтгэсний 43 дугаар онд хааны зарлигаар дахин дархалсан байна. Богдхан уулыг хамгаалах цагдааг 1809 оноос эхлэн сэргийлэн суулгаж, нэвтрэх эрхийг гагцхүү Богд эзэн олгодог дэгтэй байжээ. Ардын засаг ч өв гээлгүй 1957 онд Чойбалсан уул нэрээр дархалж, 1974 онд  Богд уул нэрийг нь буцаан сэргээжээ. Ардчилсан засаг төр 1995 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд нийцүүлэн Богдхан уулын дархан цаазат газар хэмээн нэрлэн баталжээ.

 6

Богд уулын амууд дахь байшин барилгыг яах вэ?

 6

Богдхан уулын дархан цаазат газарт бүх ам барилгажсан бөгөөд зөвхөн Зайсангийн аманд нийт 176 иргэн, хуулийн этгээд 309 га газрыг эрх бүхий этгээдийн шийдвэртэйгээр ашиглаж, үйл ажиллагаа явуулж байна. Газар ашиглалтын зориулалтаар хувийн, нийтийн орон сууц, худалдаа, үйлчилгээ, амралт, аялал жуулчлалын, төрийн байгууллагын байшин барилга ч сүндэрлэн босчээ.

 6

Амуудын нэрс Газар олголтын хэмжээ /га/ Иргэн, хуулийн этгээд
1 Түргэн 323.5 22
2 Нүхт, Нүхтийн задгай 185.85 37
3 Хүүш 42.85 10
4 Хүрхээ 119.84 22
5 Богино, Чандмань 23.7 17
6 Бага тэнгэр-Тайна 515.15 19
7 Арцат 285.65 72
8 Зайсан 223.65 176
9 Жаргалант 199 18
10 Манзушир 2.54 2
Бүгд 1921.73 395

6

Богдхан уул нь түүх, дурсгалын арвин баялагтайгаас гадна хүрээлэн буй орчныхоо хувьд цаг агаарын төлөв, хур тунадасны хэмжээ, ундны усны эх үүсвэр, агаарын бохирдол зэргийг зохистой хэмжээнд байлгадаг Улаанбаатарын байгалийн авран хамгаалагч, үнэнч харуул юм. Эдийн засаг, газар ашиглалтын хувьд аялал жуулчлал, амралт зугаалгын бүс болгон хөгжүүлэх, олон улс, улсын чанартай дэд бүтэцтэй болгох бололцоотой. Ар араасаа шил даран боссон төр, худалдаа, үйлчилгээ, амралт, боловсрол, эмнэлэг, орон сууцны зориулалттай барилга байшинг арав гаруй жилийн өмнө буцан очих аргагүй учраас, эдийн засгийн хувьд ч асар их хохиролтой тул ихээхэн зөрчил дагуулсан асуудал болчихоод байгаа билээ. Одоогийн мөрдөгдөж буй Газрын төлбөрийн тухай  хуулийн дагуу Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах эрх зүйн баримт бичгийн дагуу иргэн, аж ахуйн нэгжид газрын төлбөрийг нь гурав дахин өсгөж тооцож байна. Гурав дахин өсгөн тооцож буй газрын суурь үнэлгээг Засгийн газар одоогоос 17 жилийн өмнө 1997 онд тогтоосноос хойш шинэчлээгүй. Энэ хөшүүрэг үүргээ биелүүлэхгүй, төлөлт, хяналтын тогтолцоо алга байна. Дархан цаазат газарт нутгаас зөвхөн Зайсангийн амыг гаргавал бусад амаар нь дүүрсэн байшин барилгыг яах вэ? гэдэг асуудал дагаад үүснэ. Богдхан уулын бүх аманд газар ашиглалтын шинэ орчин нөхцөл нэгэнт үүссэн, шийдлээ хүлээж, ойлгомжгүй байдал хуримтлагдсаар байгаа билээ. Газрын үнэлгээг нь зах зээлийн жишигт нийцүүлэн шинэчлэн тогтоож, төлбөрийг нь бүрэн авах, хянах хөшүүрэг үүсгэн ажиллуулж, кадастрын мэдээллийн сан бүрдүүлэх, байгаль орчин, хүрээлэн буй орчныг нь хамгаалах, аялал жуулчлалын дэд бүтэц байгуулахад зарцуулах нь “Ямаа амьд чоно цатгалан” үлдэх, өв уламжлалаа ч хадгалж, үл хөдлөх хөрөнгийг хөндөхгүй гарц, орц болно. Баялгаа ч зохистой ашиглаж, байгалиа ч зөв хамгаалах нь нэг юмны хоёр тал билээ.

6

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
дархан цаазтай газар зөвшөөрөл өгсөн хүнийг цаазалбал таарна. зөвшөөрөл авсан хүнийг сар бүрийн 10 сая төг. төлбөр төлүүлье.
2014-04-21
tatvar:
tatvar ni say togrog baival bolno shuu dee.
2014-04-21
irgen :
bogd uulaa shn hamgaalya
2014-04-21
жирийн иргэн:
нэгэнт байшин барьчихсан болохоор нураах нь хаашаа юм 1997 онд баталсан тэр зохицуулалтын дагуу дархан цаазтай газар амьдарч байгаагынхаа төлөө илүү татвар төлөх нь зүй ёсны шаардлага байна дандаал баячууд амьдардаг шүүдээ
2014-04-21
kalki:
darhan tsaaztai uul shuu dee
2014-04-21
иргэн:
төрийн албан хаагч ийнхүү зоригтой, шулуухан шүүмжлэлтэй асуудлыг тавьж байгааг анх удаа харлаа. би өөрөө төрийн албан хаагч. гэхдээ үл чадна. танд амжилт хүсье. богд уулаа зайсангийн амаа харахаар монголд хууль гэж юу байна гэж сэтгэл эмтэрдэг.
2014-04-21
zandan:
ene yr ni ih neelttei dajgui bichdeg hun bn agency darga nar bugd iim bol mash sain bn
2014-04-21
galdan:
zuv garts bn shuu
2014-04-21