Иргэний хэргийн шүүхэд орон тооны 42 эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байна
Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, Шүүхийн тухай багц хуулийн нэг болох Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон Ерөнхий шүүгч нарын сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл өглөө.
Хуралд Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Тунгалаг, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн З.Сүхбаатар, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сайжруулах төслийн зохицуулагч Ока Хидо, ШЕЗ-ийн Мэргэжлийн хорооны ажлын албаны дарга н.Мөнхзул, ШЕЗ-ийн ХМОНХХ-ийн дарга М.Бямбаа нар оролцсон.
Шүүхийн тухай багц хуулийн нэг болох Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль нь 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм. Мөн оны зургаадугаар сарын 21-нд ШЕЗ-өөс орон тооны бус эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байгаа аж. Тус зөвлөлөөс Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дүрэм зэрэг дүрэм, журмыг батлан гаргажээ. Мөн таван удаагийн сургалтыг зохион байгуулж, 407 эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэж, эрхийн гэрчилгээ олгожээ.
Одоогийн байдлаар иргэний хэргийн анхан шатны 33 шүүхэд орон тооны 42 эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байгаа ба энэ оны хоёрдугаар сарын 04-ний өдрөөс орон тооны бус 365 зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн байна. Эвлэрүүлэн зуучлалаар иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанийг зохицуулдаг аж.
Түүнчлэн хэвлэлийн хурлын үеэр Баянхонгор, Төв аймгийн Шүүхтэй онлайнаар холбогдож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ