П.Дашдаваа: Кранист хөрсийг буруу судалснаас осол гарсан
Өнгөрөгч баасан гарагийн орой Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Замын Цагдаагийн газрын зүүн талд байрлах S-OUTLETS дэлгүүрийн хашаанд хураасан төмрийг нөгөө тал руу нь зөөж байгаад кран унасан хэрэг гарсан. Тэгвэл кран унасан шалтгааны талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Өргөх машин механизмын хяналтын улсын байцаагч П.Дашдаваагаас тодрууллаа.
6
-Кран ямар шалтгаанаар унасан бэ?
-Краны унасан шалтгааныг шалгаж байна. Ер нь кранаа байрлуулахдаа буруу суурилуулснаас болоод баруун тал руугаа суулт өгч, тэнцвэр алдагдан унасан гэдгийг тогтоосон байгаа. Хүний амь нас өртөөгүй ч гэсэн маш эрсдэлтэй осол гарсан. Краныг байрлуулахдаа дүрэм журмын дагуу зөв байрлуулах ёстой.
.
-Тэгвэл кранист тооцоололгүй буруу байруулснаас осол гарсан гэсэн үг үү?
-Кранист өөрөө кранаа байрлуулах газраа сонгоод, тулгуураа бүрэн тавих ёстой. Ингэхдээ хөрсөн дээр байрлуулахад доошоо шигдэх, өргөх үед хазайлт үүсэх зэрэг бүгдийг мэдэж хариуцаж байх ёстой. Ийм тооцоог хийгээгүйгээс буюу хөрсийг буруу судалж, кранаа байрлуулснаас болж осол гарсан.
.
-Кранист мэргэжлийн хүн байсан уу?
-Цамхагт краны машинчин мэргэжилтэй. Мэргэжлээрээ 2-3 жил ажилласан хүн байсан.
.
-Унасан кран ямар төрлийнх вэ ?
-Сумт краны төрөл байсан. Кран нь сумт, гүүрэн, цамхагт кран гэсэн үндсэн гурван чиглэлтэй. Өргөгч механизмийн аюулгүй байдлыг хангаж ажиллахын тулд үндсэн хоёр зүйл байна. Нэгдүгээрт аж ахуй нэгжүүд өргөгч крандаа мэргэжлийн байгууллагаар техник үйлчилгээ тогтмол хийлгэдэг байх. Техникийн магадлал шалгалтад хамруулдаг байх ёстой. Зарим байгууллага дээр очихоор эвдрэхээр нь засчихдаг гэж хариулж байгаа. Аж ахуй нэгж байгууллагууд техник үйлчилгээний тогтмол үйл ажиллагаа явуулахгүй байна. Нөгөө талаар ажиллах боловсон хүчний асуудал. Тухайн кран гурав дөрвөн субьектын оролцоотойгоор ажилладаг. Аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан, жолоодон удирдаж байгаа кранчин, гуравдугаарт оосорлогч, дохиочин нарын нийлмэл цогцоор барилга дээрх ажил явагддаг. Алдаа осолгүй байлгахын тулд мэргэжлийн ажилчидтай байх хэрэгтэй. Мэргэжлийн ажилчид байхгүй эсвэл тэд буруу ажилласнаас болж осол гардаг. Тухайлбал, оосорлогч даац хэтрүүлснээс тоосго унах, дохио буруу өгснөөс болоод кран барилга мөргөсөх гэх мэт.
.
-Уг краныг ажиллуулах зөвшөөрөл нь байсан юм болов уу. Ямар компанийн кран байсан бэ?
-S-OUTLETS дэлгүүрийн зүгээс манай кран гэсэн. Манай дээр бичиг баримт нь ирээгүй болохоор хэлж мэдэхгүй байна.
.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ