Н.Батбаяр: Эдийн засаг эерэг тал руугаа явж байна

img

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаан хэлэлцэх асуудалтай холбогдуулан ширүүхэн явагдав.  Хуралдааны эхэнд  Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ талаар тус хорооны дарга Д.Баярсайханы танилцуулгыг сонсов. Мөн тус хорооны үйл ажиллагааны тайланг хэлэлцэхтэй холбогдуулан байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын  гишүүн С.Дэмбэрэл танилцуулсан юм.

 Санхүүгийн зохицуулах хороо 2013 онд 26 удаа хуралдаж 607 асуудал хэлэлцэн салбарын хэмжээнд дагаж мөрдүүлэх дүрэм, журам заавартай холбоотой 60, зохицуулалтын хүрээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой 272, тусгай зөвшөөрөлтэй байгууллагын үйл ажиллагааны хэлбэр нэмж олгохтой холбоотой 39, дүрмийн сан, хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, эрх бүхий албан тушаалтан томилохтой холбоотой 120, оноосон нэр, хаяг өөрчлөхтэй холбоотой 16 шийдвэр гаргасны зэрэгцээ 1670 иргэнд санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэх эрх, 146 салбар төлөөлөгчийн газар нээх асуудлыг шийдвэрлэсэн байна. Мөн хорооны эрхлэх асуудлын хүрээнд иргэд, хуулийн этгээдээс 323 өргөдөл гомдол ирснийг хянан шийдвэрлэж хуулийн хугацаанд нь хариу өгчээ. Түүнчлэн өнгөрсөн оны эцсийн байдлаар хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрхийг 984 байгууллага, хуулийн этгээд, 4477 иргэнд олгоод байгаа аж.

 

Байнгын хорооны гишүүдийн саналаар Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэхээр байгуулсан ажлын хэсгийг өргөтгөн, тус хороонд өгөх үүрэг чиглэлийн төслийг дахин боловсруулж 14 хоногт багтаан байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.   Дараа нь Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр энэ сарын 18-ны өдөр өргөн барьсан “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаар  Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулга хийлээ.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хангах, эдийн засгийг эрчимжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор энэ тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төслийг боловсруулахдаа Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий 23 арга хэмжээг Улсын Их Хурлын 2014 оны хаврын чуулганы хугацаанд батлуулан хэрэгжүүлэхээр тусгасан. 2014 он гарсаар валютын ханш буурахгүй байгаа нь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж байгаа тул валютын ханшийг тогтворжуулж, инфляцийн түвшинг бууруулан эдийн засгийн тогтвортой өндөр өсөлтийг хадгалах шаардлагатай байна. Энэ хүрээнд эрх зүйн болоод бодлогын шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх нь чухал байна гэдгийг сайд танилцуулгадаа онцлов. Дараагаар нь эдийн засгийн өнөөгийн байдалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд ажлын хэсгийнхнээс сонирхсон асуултдаа хариулт авлаа.

,

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-Засгийн газар нэн яаралтай асуудлыг нэн яаралгүй оруулж ирлээ. Эдийн засгийг хүндрэлээс гаргах анхны санаа гарснаас хойш одоо хэдэн сар ч өнгөрөв дөө. Анх 2013 оны дөрөвдүгээр сард эдийн засгийн гадаад дотоод байдлын судалгаа гарсны дараа эдийн засгийг богино, дунд хугацаанд хүндрэлээс гаргах УИХ-ын тогтоол гарах ёстой гэж зарим гишүүд үзсэн. Гэвч тогтоол гарахгүй их удсан. Харин энэ тогтоол яаж үүссэн бэ гэхээр Гарамгайбаатар гишүүний өрөөнд тав зургаан гишүүн уулзаж, миний санаачилсны дагуу эдийн засгаа хүндрэлээс гаргах талаар нэн яаралтай арга хэмжээ авахгүй болохоо болилоо гэдэгт санал нэгдсэн. Гэтэл явцын дунд энэ тогтоолын төслийг Засгийн газраас оруулж ирэх нь зүйтэй юм байна гэж үзсэн ч тэрнээс хойш бас л удаашруулсан. Одоо энэ тогтоолын төслийг хартал өөрчлөгдсөн юм юу ч алга. Яагаад Засгийн газар өөрсдийнхөө хийх ажлыг нэн яаралтай гэж нэрлээд Эдийн засгийн байнгын хороо, УИХ-аар хэлэлцүүлэх гээд байгаа юм. Засгийн газрын ажил эрчимгүй явж байвал түүнийг эрчимжүүлэх үүргийг яагаад УИХ-аар өгүүлэх гээд байгаа юм. Засгийн газар ажлаа эрчимжүүл л дээ.

 

Асуудал нь нэн яаралтай боловч Засгийн газар нэн яаралгүй, монгол хүний тайван, уужуу хүлээцтэй байдлаар оруулж ирж байна. Яагаад ийм байдлаар асуудалд хандаж байгаа юм бэ, яасан Засгийн газар гэж энийг хэлэх юм бэ, яагаад ажил нь ийм удаан явдаг юм бэ гэж өөрсдөөсөө асуух цаг болжээ.

 

Тогтоол нь нэн яаралтай гэчихээд ямар ч хугацаа байхгүй. Хэтэрхий ерөнхий, яах гээд байгаа нь тодорхойгүй тогтоол болжээ. Дахин боловсруулалт хийх хэрэгтэй. Судалгааг анхаарах ёстой. Валютын ханшийг 1450 төгрөгөөр тооцож байгааг юу гэж үзэх юм. Хэн яаж гаргасан тооцоо вэ. Тодорхой хариулт өг. Инфляцид валютын ханш нөлөөлөөд ард иргэдийн худалдан авах чадвар муудсан бол ингээд яваад л байх юм уу. Ядуурлыг бууруулах чиглэлээр яагаад тодорхой үүрэг өгөгдөхгүй байгаа юм бэ. "Newsweek "-т бичсэнээр Монгол Улсын нэр хүнд унаж байна. Дэлхий гэж их ярьдаг хүмүүс дэлхий, бас хөрөнө оруулагчдад ямар хариу өгөх гэж байна. Сүүлийн мэдээгээр 1000 гаруй  компанид татварын асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдсэн гэж сонслоо. Яагаад татварын реформ, өршөөлийн тухай энэ тогтоолын төсөлд оруулаагүй юм. Монголын эдийн засгийг сайжруулъя гэвэл яаралтай асуудлаа цаг хугацаатай нь шийдвэрлэх ёстой. Яагаад Монгол Улсын талаар олон улсын байгууллагууд өөр өөр байр суурьтай, яагаад Монгол Улсын төрийн байгууллагууд нь олон цонхоор яриад байна вэ. Үүний хариу болгож Засгийн газар ба хөгжлийн түншлэлүүдийн өмнө нь хийгдэж байсан уламжлал уулзалтуудыг яагаад хийж болдоггүй юм бэ. Яагаад гэсэн асуулт зөндөө байна. Би хариулт авахгүй. Хариултаа та нар энэ тогтоол дээрээ тусгачих.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

-Өнөөдөр бүх юм болоод байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг,  сайн ч юм шиг, муу ч юм шиг, бүгдээрээ буруутай ч юм шиг, үгүй ч юм шиг. Ерөөсөө ойлгогдохгүй байна. Энэ тогтоол бол эдийн засгийг эрчимжүүлэх гэсэн утгатай. Хэрвээ эрчимжүүлэх гэж байгаа юм бол нэг их яараад хэрэггүй байх. Тэгсэн мөртлөө Засгийн газар энэ тогтоолыг нэн яаралтай хэлэлцүүлье гэж байгаа. Аюулын дохио, харанга дэлдэж байгаа учраас дараарал харгалзахгүй хэлэлцүүлье гэсэн санал гаргасан гэж ойлгож байна. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн сайд нь бүх юм сайхан байгаа, эдийн засаг хүндрээгүй гэж хэлэх юм. Харин Монголбанкны Ерөнхийлөгч нь болохоор бүх юм хүндэрсэн гэж хариулах юм. Хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгаа юм бэ, ойлгохгүй байна. Үүнд тодорхой хариулт өгөөч.

 

Эдийн засгийн хөгжлийн сайд болохоор УИХ буруутай гэж хэлэх юм. УИХ-ыг яагаад буруутгаж байгаа юм бол гэж бодохоор УИХ мөнгөний бодлогыг баталдаг, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үүргийг Монголбанкны ерөнхийлөгч хариуцдаг. Тийм болохоор инфляц, валютын ханш өсч байгаа нь УИХ-ын баталсан бодлого буруу байсных, Монголбанкны ерөнхийлөгчийн муу ажилласных гэж хариулах юм.

 

Гэтэл Эдийн засгийн хөгжлийн сайд Та төсөв батлах үед ам.долларыг 1380 төгрөг болгоно гэж хэлээд оруулж ирсэн. Тэрний дагуу долларыг энэ ханшаар тооцсон байгаа. Харин өнгөрсөн долоо хоногт татварын хууль хэлэлцэхэд ам.долларыг 1450 төгрөг болгоно гэсэн санал оруулж ирсэн. Гэвч бодит байдал дээр доллар 1800 төгрөгт ойртсон.  Засаг нэг гараараа хувийн хэвшлийг дэмжинэ гэх боловч нөгөө талд маш олноороо хаалгаа барьж байна. Мал өссөн нь Засгийн газрын ажил гэж хэлэх юм. Уул нь малыг малчид хариулдаг, малыг хуц ухна хээлтүүлдэг. Засгийн газар энэ ажлыг өөртөө наах хэрэггүй гэж хэлсэн чинь эргээд малчдыг доромжиллоо, уучлал гуй гэх юм. Уг нь өөр хийх ажил баймаар л санагдах юм. Өнөөдөр бүгдээрээ улстөрждөг. Бүр малчдыг хүртэл улстөржүүлдэг болсон байна.

 

Сайн болгоныг өөртөө наах гээд байгаа юм бол алдаатай бүхнээ та бүхэн өөрсөддөө бас нааж болохгүй юу. 100 хоногт эдийн засгийг эрчимжүүлнэ гэсэн. Хоёр жилийн дотор эдийн засгийг ийм байдалд оруулчихлаа. Ард иргэдийн амьдрал ямархуу байна. Монгол Улс өрийн сүлжээнд орчихсон байна. Өмнө нь хуримтлалтай байсан. Импорт яагаад буурав гэж асуухаар тансаг хэрэглээ буурсантай холбоотой гэж тайлбарлах юм. Харин өмнө нь хүмүүс зарлагаасаа илүү орлоготой байсан, бий болсон хуримтлалаасаа машин тэрэг худалдаж авдаг байсан. Өнөөдөр хуримтлал байхгүй болж. Тиймээс сайд нар ийм байдлаар асуудалд хандмааргүй байна.

 

УИХ-ын гишүүн Д.Зоригт:

-Уул уурхайн хөрөнгө оруулалтынхаа урсгалыг бид хаасан. Олон хууль баталж, мөнгөний, хайгуулын, аялал жуучлалын урсгалаа хаасан. Дотоодын банкуудад найдаж, хувийн хэвшилд чөдөр тушаа болсон. Үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн урсгалыг хаалаа. Үүнийг яаж нээх вэ?

 

ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр:

-Зөв асуулт байна. Хайгуул зогссон нь үнэн. Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлаад УИХ дэмжин зогссон. Саяхан Засгийн газраас хууль санаачлан боловсруулсан. Энэ төсөл удахгүй өргөн баригдана. Хэрхэн яаж шийдэх нь та бүхний асуудал. Аялал жуулчлалын хувьд асуудал бий.   Өргөн хүрээтэй асуудал байгаа. Ямар ч байсан Монгол Улс өнгөрсөн жил анх удаа өөрийн гэсэн онгоцтой болсон. Онгоцны паркийг нэмэгдүүлэх бодолтой байгаа. Сингапур улсын хүн ам таван сая хүрэхгүй. Тэгсэн мөртлөө дэлхийн хамгийн том онгоцны парктай, хөгжүүлж чадсан. Бид үүнийг мөрийн хөтөлбөртөө оруулж, тусгасан. Хэрэгжилт хангалтгүй байна. Үнэт цаасны хувьд хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулсан. Бид өнөөдөр банкны зээл, төсвийн хөрөнгөөр амьдарч байна.

Чингис бондын зээлээр 2013 оныг давлаа. 2014 онд  дахиад бонд босгох эх үүсвэрийг хаасан. Энэ бол УИХ-ын хийсэн зүйл. Бодит бүтээн байгуулалтад зориулъя, зээлийн босгоо  нэмье гэхэд дэмжигдээгүй. Бидэнд  мөнгө босгох бололцоо байсан. Мөнгө босгосон бол валютын ханш өнөөдрийн түвшинд хүрэхгүй байлаа. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэхээр явж байна. Монгол Улс асар их нүүрстэй мөртлөө эрчим хүчний хомсдолтой. Нүүрсний уурхай болгон дээр эрчим хүчний станц барья гэж ярьж байгаа. Эрчим хүчний үйлдвэрлэлийг чөлөөтэй болгож байж үнэ буурна. Манай эдийн засгийн ерөнхий хандлага эерэг тал руугаа явж байна. Энэ оны эцсээр төлбөрийн тэнцэл эерэг гарна. Монгол Улсын эдийн засгийг сайжруулах тухай ярьж байна. Эдийн засаг их эмзэг зүйл.

 

Монгол банкны Ерөнхийлөгч Х.Золжаргал:

-Банктай холбоотой асуудал их яригдсан. Зөвхөн дотоодын банк байх уу, гадаадын банк орж ирэх хэрэгтэй юу. Одоогоор Монгол банкинд салбар банк байгуулах хүсэлт байхгүй. Гадаадын томоохон банкууд төлөөлөгчийн газраа ажиллуулдаг. Гадаадын банкийг Монголд байгуулах хүсэлт одоогоор алга. Сүүлийн үед энэ тухай олон нийтийн хэвлэл мэдээллээр яригдсан.  Төрийн өмчит банк байгуулах асуудал яригдаж байна. Энэ нь хуультай холбоотой.

,

УИХ-ын гишүүн Д.Зоригт:

-Банкны тухай хуулиар гадаадын банкны салбар, төлөөлөгчийн газар байгуулахыг зөвшөөрдөг. УИХ-аас баталсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт гадаадын болон олон улсын нэр хүндтэй банкийг орж ирэх нөхцөлийг бүрдүүлнэ гээд заачихсан байгаа. Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогод гадаадын банк оруулж ирэх эрх зүйн орчныг бүрдүүл гэсэн үүрэг өгсөн. Эрхзүйн орчны хувьд бүх зүйл нээлттэй.  Хэвлэл мэдээллээр гараад байгаа “Bank of China”-гийн хувьд  гадаадын хөрөнгө оруулалтай, төрийн өмчит банк учраас Хөрөнгө оруулалтын тухай хуулиар тусгай зөвшөөрөл Засгийн газраас авна.    Зөвхөн Монгол банкны Ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр ч авч болно. Хэрвээ хүсэлт гаргавал зөвшөөрөх үү? Эрчим хүчний үнэ тарифийг яагаад чөлөөлөхгүй байна вэ? ,

ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр:

-Эрчим хүчний үнэ хуулиараа чөлөөтэй байгаа. Хуулийг нь Эрчим хүчний зохицуулах хороо зохицуулдаг. Гэхдээ өнөөдөр дулааны үнийн алдагдлаа эрчим хүчний үнээр нөхдөг тогтолцоо явж байна. Энэ утгаараа УИХ-ын тогтоол гарсан.

,

Монгол банкны Ерөнхийлөгч  Х.Золжаргал:

-Гадаадын банк оруулж ирэх эсэх нь ҮАБЗ, Засгийн газар, Монгол банк гэсэн гурван талын зохицуулалттай. Гурван талын зохицуулалттай асуудалд шууд хариу өгөх боломжгүй, хуулийн дагуу л явна. Эдийн засгийг эрчимжүүлэх, банк оруулж ирэх нь тусдаа асуудал болов уу. Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөртэй холбоотой ийм санал оруулж ирээгүй.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

боортуунаа:
боортуунаагийн ээлжилт солиорол бүр элийрч гүйцлээ
2014-04-24
иргэн:
монгол улсын хамгийн том (албан тушаалтай) бөөгийн талаар муу юм бүү ярь, ярих нь байтугай бүү бод, эсвэл америкийн 2 ихэр цамхаг шиг юм болно гэж өөрөө тв-ээр ярьсан шүү. аймаар ч юм шиг, биширмээр ч юм шиг. баригдана даа баригдана
2014-04-24
pul pal hiisen balai yum ali nam yum be:
kkkk iim balai yumaa tataj avahad yadag bnaa yostoi erguu durak gdeg ni engiin ardad oilgomjtoi yum bilee shdee
2014-04-24
ядуу иргэн чинь:
юу гэж худлаа бураад байгаа юм ард түмнийг тэнэг гэж бодоо юу. улс төрөөс, ордноос зайлаач. чадахгүй бол худлаа битгий шүлс нусаа үсчүүлээч.
2014-04-23
zochin:
ene teneg fortunag zailuulaachee.
2014-04-23
иргэн:
нийслэл түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохыг зогсоосон, том оврын машин элс хайрга ачсан бол явуулахгүй гэсэн нэг захирамж гаргасан, энэ нь эдийн засагт яаж нөлөөлөх бол доо, та нар анхаарч үзнэ үү
2014-04-23
irgen:
batbayar and l tegj sanagdaj bgaa bh
2014-04-23
ard ard:
hamgiin zuv shiidel bol nen darui parliament tarah heregtei, hulgaich luivrchdaas burdsen zasgiin gazar uter turgen ogtsroh heregtei!!! amerikiin sanal luivarddag mashinaar bish ard tumnii hyanalt ni dor songuuliig yavulj ali boloh ner tsever gadaad bolon dotoodod undur bolovsrol ezemshsen zaluusig songoj olon niitin hyanalttai shudarga turiig bii bolgoh heregtei!! neree zuv bichij chadahgui baij said hiij bgaa jonhuu battulga, ulaan luivarchin lu bold bayartsogt geed 76-g bugdiig ni huliig ni gozolzuulaad ach!!!!!!!!!manan arilj tenger ongoih boltugai!!!!!!!!! mongoliin turiig shudarga, erdem bolovsroltoi zaluu ue udirdah boltugai!!!!!!!!!
2014-04-23
19001973:
жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу. хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол... авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай. мөн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ, аялал жуулчлал, гадаад дотоод нислэгийн хуваарь, ачаа тээврийн нүүлгэлт, такси дуудлага зэргийг лавлах боломжтой.
2014-04-23