Нийслэлчүүд ойрын 3-5 жилдээ дулаан, цахилгааны гачаалд орохгүй
Эрчим хүчний салбарын хүрээнд энэ жил гурван томоохон бүтээн байгуулалтын ажил хийж дуусна. 2013 оноос эхэлсэн Амгалангийн дулааны станцын бүтээн байгуулалтын ажил болон “ДЦС-III”, “ДЦС-IV” өргөтгөлийн ажлын явцтай өнөөдөр Эрчим хүчний сайд М.Сономпил, хэвлэл мэдээллийнхэнтэй явж танилцлаа.
Дээрх томоохон гурван бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийтдээ цахилгаан эрчим хүч 170 МВт-аар, дулаан хангамж 588 Гкал/ц-аар нэмэгдэх юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот ойрын 3-5 жилдээ дулаан, цахилгаан гачаалд орохгүй болохыг салбарын сайд мэдээллээ.
4
Ингээд дээрх бүтээн байгуулалтын ажлуудын явцын талаарх мэдээллийг одоо хүргэе.
4
Бие даасан дулааны станц 50 мянган өрхийг дулаанаар хангана
5
Амгалангийн дулаан станцийг байгуулахаар өнгөрсөн оны 4 дүгээр сарын 12-нд гэрээгээ үзэглэсэн. Харин бүтээн байгуулалтын ажил тухайн оныхоо 8 дугаар сарын 23-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Ингээд 2014 оны 12 дугаар сарын 30-нд ашиглалтад орж, 2015 оноос эхлэн бүрэн хүчин чадлаараа ажиллавал 300 гаруй Гкал/ц-аар Баянзүрх дүүргийн 750 барилгыг буюу 50 гаруй мянган өрхийг дулаанаар хангах аж.
5
Монголын анхны томоохон, бие даасан дулааны станц ийнхүү ажиллаж эхэлбэл өдгөө үйл ажиллагаа явуулж буй 86 уурын зуух хэрэггүй болох аж. Товчоор хэлбэл, “ДЦС-IV”-өөс 8 цагийн турш 25 км-ийг туулан ирж, Баянзүрхийн айл өрхийг дулаанаар хангадаг байсан үзэгдэл үгүй болохыг салбарынхан хэллээ. Тус дулааны станцын бүтээн байгуулалтын ажлыг Турк зэрэг олон улсад энэ чиглэлээрээ мэргэшсэн “Хятадын хүнд даацын механик механизмын инженерүүдийн холбоо” нэртэй БНХАУ-ын төрийн өмчит корпораци манай улсын ЭХЯ-тай байгуулсан төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж буй юм. Бүтээн байгуулалтын ажлын нийт өртөг анх төлөвлөснөөрөө буюу 75.9 сая ам.доллараар хийгдэж буй.
4
Гэрээг гүйцэтгэгч талаас бүтээн байгуулалтын ажилд 800 орчим хятад иргэнийг авч ирэн гурван ээлжээр ажиллуулж буй бол Монголын туслан гүйцэтгэгч компаниудаас 1000 орчим монгол ажиллаж байгаа гэлээ.
4
“ДЦС-III” өргөтгөлийн ажил ирэх сард дуусна
34
Чингис бондын хөрөнгөнөөс зарцуулан “ДЦС-III” ТӨХК-ийн хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх төслийн ажлыг 2013 оны 7 дугаар сарын 15-аас эхлүүлж, энэ оны 6 дугаар сард багтаан дуусгахаар болсон. 35 сая ам.доллараар хийж буй тус төслийн ажил одоогийн байдлаар 90 хувьтай байна. Тодруулбал, тоног төхөөрөмж үйлдвэрлэлт, тээвэрлэлтийн ажил бүрэн дууссан бөгөөд ирэх сарын 15-25-ны хооронд бүрэн дуусгахаар ажиллаж буй юм.
Төслийн гүйцэтгэгчээр “Hunan Industrial Equipment Installation” компани ажиллаж буй бөгөөд хятадын 146 ажилчин ажиллуулж байгаа аж. Тус бүтээн байгуулалтын ажил хийгдсэнээр төвийн бүсийн эрчим хүчний систем 50 МВт-аар, Улаанбаатар хотын дулаан хангамж 75 Гкал/ц-аар нэмэгдэж, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт шинээр барьж буй 12 давхартай 95 барилгын 4500 айл өрхийг дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэх нь ээ.
Дашрамд дурдахад “ДЦС-III” 1976 онд байгуулагдахдаа дулааны 485 Гкал/ц хүчин чадалтайгаар цахилгаан эрчим хүчний 17.5 хувийг, нийслэлийн дулаан хангамжийн 32 хувийг, үйлдвэрийн уурын хэрэглээний 85 хувийг хангадаг байна.
3
Төслийн ерөнхий гүйцэтгэл 50 хувьдаа оржээ
4
Эрчим хүчний салбарт хийгдэж буй гурав дахь томоохон бүтээн байгуулалт нь “ДЦС-IV”-ийг цахилгааны 123 МВт, дулааны 188 Гкал/ц-аар өргөтгөх төсөл юм. Төслийн хүрээнд ОХУ-ын Екатеринбург хотын “Уралын турбины завод”-ын хамгийн сүүлийн загварын дамжуулалтын турбин, холбогдох дулаан, цахилгааны тоног төхөөрөмжүүдийн хамт суурилагдаж буй. Өнөөдрийн байдлаар турбины үйлдвэрлэл 95 хувь, тоног төхөөрөмж, матеарилын нийлүүлэлт графикийн дагуу явагдаж буй бөгөөд төслийн ажлын ерөнхий гүйцэтгэл 50 хувьтай байна. Тодруулбал, тус төслийг энэ оны 11 дүгээр сарын 14-нд буюу өвлийн их ачааллын өмнө бүрэн дуусгахаар ажиллаж байгаа аж. Дээрх төслийг мөн л Чингис бондын хөрөнгөнөөс 70 сая ам.доллар гарган хэрэгжүүлж буй юм. Мөн 4.5-7.8 жилд өртгөө бүрэн нөхөх аж.
3
“ДЦС-IV” ТӨХК нь төвийн бүсийн 70 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг дангаараа хангаж буй юм. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ 8-10 хувиар нэмэгдэж буйтай холбоотойгоор эрчим хүчний дутагдалд ороод байсныг уг бүтээн байгуулалтын ажил нөхөж байгаад эрчим хүчний салбарынхан хэлж байв.
3
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ