Н.Батбаяр: МАН-ынхантай хамтарч ажиллая гэхээр хүлээж авахгүй байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хангах, эдийн засгийг эрчимжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор уг төслийг бэлтгэжээ. Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий 23 арга хэмжээг 2014 оны хаврын чуулганы хугацаанд батлуулан хэрэгжүүлэхээр тусгасан байна. Он гарсаар валютын ханш буурахгүй байгаа нь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж байгаа тул валютын ханшийг тогтворжуулж, инфляцийн түвшинг бууруулан эдийн засгийн тогтвортой өндөр өсөлтийг хадгалах шаардлагатай байгаа гэж төсөлд тусгажээ. Эдийн засгийг эрчимжүүлэхтэй төсөлтэй холбоотойгоор УИХ дахь сөрөг хүчин хямралыг хэрхэн даван туулах талаар яаралтай арга хэмжээ авч, иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа.
1
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт бүлгийн байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж байгаатай холбогдуулан МАН-ын бүлгээс дараах дүгнэлтийг хийж байна. МАН-ын бүлэг эдийн засгийн өнөөгийн хямралыг гадаад, дотоод шалтгаан гэхээсээ илүү Засгийн газрын бодлогын алдаатай шууд холбон авч үзэж ирсэн. Ийм дүгнэлтэд хүрэхийн тулд эдийн засагчид, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, иргэний нийгмийн төлөөллүүдээс эхлээд нийт ард түмний саналыг сонссон уулзалт, хэлэлцүүлгүүдийг удаа дараа зохион байгуулж, үе үеийн төр засгийн тэргүүнүүдийн байр суурийг хүндэтгэн сонссон билээ. Шинэчлэлийн гэх Засгийн газар хоёр жил хүрэхгүй хугацаанд улсын орны эдийн засгийг хямралт байдалд хүргэснийг Үндэсний статистикийн хорооны тоон үзүүлэлт тодхон харуулах болсон. Мөн олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудын тайлан мэдээ ч давхар нотолж байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл олон улсын түвшинд 2012 онд (+B) байсан бол өнөөдөр (-B) болж 2 шат буурлаа. Энэ нь Монгол Улсын санхүүгийн болон эдийн засгийн нөхцөл байдал уруудан доройтож, бизнес эрхлэх эрсдэл өндөртэй улс болсны илэрхийлэл юм. Монгол Улсад олон улсын зүгээс итгэх итгэл хоёр дахин уналаа гэсэн үг. Дэлхийд тэргүүлэх хэмжээнд тооцогдож байсан 17.5 хувийн эдийн засгийн өсөлт жил дараалан саарч 2013 онд 11.7 хувь болсон. 2014 онд энэ бууралт зогсолтгүй уруудаж 9.5 хувьд хүрэхийг Азийн хөгжлийн банк анхааруулан сануулж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт 2014 оны эхний улирлын байдлаар 70 гаруй хувиар буурсны зэрэгцээ манай улс макро эдийн засгийн тогтвортой байдлын үзүүлэлтээрээ 78 байраар ухран 130-д бичигдэж “итгэж үл болох” улсуудын жагсаалтад орлоо. Монголд хөрөнгө оруулах гэж уралдан тэмүүлдэг байсан хөрөнгө оруулагчид одоо нүүр буруулан зугтдаг боллоо. Түүгээр ч зогсохгүй олон улсын нэр хүндтэй бизнес, санхүүгийн гол мэдээллийн хэрэгслүүд болох Bloomberg, Business week, Financial Times-д Засгийн газрын шийдвэр, сайд нарын бодлогогүй үйл ажиллагаа, үг ярианы тухай таагүй мэдээлэл цацагдах болсонд сэтгэл зовниж байна. Шинэчлэлийн Засгийн газрын бодлогогүй сайд нараар Монгол төрийг, монгол хүнийг гадаад ертөнц төсөөлөн хардаг боллоо. Өнгөрсөн онд инфляци 12.5 хувьд хүрч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 20-40 хувь өсөв. Үр дүнд нь иргэдийн худалдан авах чадвар 40 хувиар буурлаа. 2014 оны эхний улирлын байдлаар нийт тэтгэвэр авагчдын 83.2 хувь нь 294.2 тэрбум төгрөгийн, нийт ажиллагсдын 30.5 хувь нь 1.2 их наяд төгрөгийн цалин, тэтгэврийн зээлтэй боллоо. Энэ нь уруудсан эдийн засгийн хор уршиг айл өрх бүрийн хаалгыг тогшиж эхэлсний шинж юм. Монгол Улс гадаад валютын нөөцөөсөө 2.4 тэрбум ам.долларыг нэг жилийн дотор зарцуулсан хэрнээ төгрөгийн ханш 30 гаруй хувиар суларлаа. Тиймээс олон улсын Bloomberg агентлаг хамгийн их суларсан мөнгөн тэмдэгтээр монгол төгрөгийг нэрлэж дэлхий дахинаа зарлав. Гадаадын хөрөнгийн биржүүд дээр Монголын компаниудын үнэт цаас “үнэгүй цаас” болж 30-40 хувиар, Оюутолгой, Энержи ресурс компанийн хувьцаа бүр 1000 орчим хувиар унасан тухай мэдээлэл байна. Засгийн газар оройтсон ч гэсэн алдаа, дутагдлаа ухамсарлан ойлгож, үнэнд гүйцэгдсэнээ өнөөдөр хүлээн зөвшөөрч “Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолын төслийг яаран сандран хэлэлцүүлж байна. Тогтоолын төсөлд тусгагдсан 23 зүйл бүхий арга хэмжээ нь хямралыг даван туулах биш харин ч улам даамжруулж мэднэ” хэмээлээ. Тус бүлгийнхэн эдийн засгийг хямралаас хэрхэн гаргах талаар өөрсдийн саналаа мөн тусгасан байлаа.
1
Харин эрх баригч хүчин болон Засгийн газрын зүгээс эдийн засгийн хүндэрсэн ч хямраагүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлгийн тавьсан саналыг хүлээж авахгүй байгаа талаар тус бүлгийн гишүүд хэлж байлаа. ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр “Манай иргэн 500 сая ам.доллароор суудлын машин авсан байна лээ. Иргэн нь 500 сая ам.долларын машин худалдан авсан улсыг эдийн засаг хямарсан гэж хэлэхгүй. Эдийн засаг зогсохыг хямарсан гэнэ. Сайн зүйл ч байгаа, саар зүйл ч байгаа. Бүгдийг нь хараар будаж болохгүй. УИХ дахь МАН-ын бүлгийнхэнтэй хамтарч ажиллая гэхээр хүлээж авахгүй байгаа. Хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав болох хэрэгтэй шүү, та нар. Хоёр нүүр битгий гаргаад бай” хэмээн ширүүлхэв.
1
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бид эдийн засгийг эрчимжүүлэх 100 ажлын талаар урьдчилан төлөвлөөд байна. Эхний ээлжинд гадаадад томилолтын ажлын 10 гаруй тэрбум төгрөг, тавилга зэргийг гадаадаас худалдан авахыг зогсоох зэрэг төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил дээр анхаарах үүрэг өгсөн” гэсэн юм.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ