Хангайгийн нөхдөд тулгарах адал явдал

img

Харанхуй орчин. Гэр рүүгээ эсвэл хаа нэг тийшээ алхаж явсан залууг хэн нэгэн хутгална. Харин хутгалсан залуу гүйж явахдаа өөр нэгэнд буудуулж, амиа алдана. Хэн буудсан нь тодорхойгүй. Мэдэгдэж буй зүйл нь хутгалуулсан залууг Саруул гэнэ. Саруулыг хутгалсан хүн бол шоронгоос гараад удаагүй байгаа "хутга" хочит Хуягаа. Саруул, Хуягаа хоёр сайн найзууд бөгөөд яагаад нэгнийхээ аминд халдах болсон, "хутга"-ыг хэн буудаж хөнөөсөн гээд хариултаа нэхсэн олон асуулт хуулийнхны өмнө тулгарна. Энэ хэргийг Цагдаагийн нэгдүгээр хэсэг тэр дундаа ахлагч Амар хариуцаж ажиллана. Харин нөгөө талд өөрийн хүслээр ажлаасаа чөлөөлөгдсөн комиссар Хангайг хэн нэгэн хөлсөлж, Саруулыг хайлгаж эхэлнэ. Комиссар Хангай нь ахмад Амарын багш...

ggg

Энэ бол "Ус дээшээ урсдаг" хэмээх телевизийн олон ангит киноны нэгдүгээр анги. NTV телевиз “Глоб Интернэшнл” ТББ, “Зориг” сан, АТГ-тай хамтран хийсэн энэхүү киноны улаан хивсний ёслол, нээлт өчигдөр Тэнгис кинотеатрт боллоо. Монголд анх удаа олон ангит киноны нээлт кинотеатрт хийгдсэн бөгөөд ёслолын арга хэмжээнд киноны уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм. "Ус дээшээ урсдаг" олон ангит киног 6 зохиолч, 2 зөвлөх, 200 жүжигчин, арын албаныхан нийт 400 гаруй хүн зургаан сарын хугацаанд бүтээсэн аж.

gg

Уг кино "Авлига бол нийгмийн хорт хавдар" гэсэн утга санаанд зангидагдана. Цааш задрахдаа авлига, ашиг сонирхлын зөрчлийн нийгэмд учруулж буй хор уршиг, сөрөг үр дагаврыг уран сайхны аргаар өгүүлэх юм. Кинонд гарч буй хэргүүд бүгд зохиомол хэдий ч авлига, ашиг сонирхлын зөрчлийн тухай илүү өргөн ойлголтыг өгч, цаашлаад иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, хандлагыг өөрчлөх зорилгыг агуулжээ. Мөн төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэрхэн хэтрүүлдэг, хувийн хэвшлийнхний өгөх авлига, мөнгө угаах арга ажиллагаа, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах, хууль бусаар хөрөнгөжих зэргээр өнөөгийн нийгэмд үүсээд буй зүй бус үйлдлүүдийг уран сайхны аргаар дэлгэн харуулсан аж.

gg

Киноны гол дүрд жүжигчин СТА Б.Болдбаатар, Д.Хосбаяр, П.Нямцогт, Н.Отгонтогос, Б.Батсүх нар тоглосон бол ерөнхий найруулагчаар СТА Д.Цогт ажиллажээ. Нийт 28 ангиас бүрдэх "Ус дээшээ урсдаг" киноны үйл явдал дөрвөн анги тутамдаа өөрчлөгдөхийг уран бүтээлчид нь дуулгана лээ. "Ус дээшээ урсдаг" буюу Хангай ба түүний нөхөд телевизийн олон ангит уран сайхны кино энэ сарын 28 буюу ирэх даваа гаригаас эхлэн өдөр бүрийн 22.00 цагаас NTV телевизээр үзэгчдийн хүртээл болох юм.

.

gg

ааа

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бас л баахан:
бас л баахан аллага өс хонзон гэгээтэй юм алга уу
2014-04-25