Дан тэрлэгтэй Р.Бурмаа гадуурхагдав
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуулинд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл парламент дахь сөрөг хүчин, эрх баригчдыг хооронд нь талцуулаад зогссонгүй. Нам дотор хагаралдуулж, журмын нөхрөө хөөхөд хүргэлээ. Эрх баригч АН-ын гишүүдийн дунд “хэрүүл алим” шидэв. Уг хуулийн төслийг энэ долоо хоногт эцсийн хэлэлцүүлэг хийн батлах байсан ч Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд ирц хүрээгүй шалтгаанаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж амжаагүй. Ерөнхийлөгчийн зүгээс уг хуулийн төслийн хэрэгжилтийг 2016 оны долдугаар сарын 1-нээс гэж заасан байлаа. Харин УИХ дахь МАН-ын бүлгээс энэ хугацааг урагшлуулж 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх санал гаргасан. Санал хураалт явуулахад Ж.Батзандан, Р.Бурмаа, М.Зоригт, Х.Баттулга нар сөрөг хүчний зүгээс гаргасан саналыг дэмжин “Yes” кноп дарсан билээ. Ийнхүү сөрөг хүчний саналд эрх баригчдын зүгээс дээрх дөрвөн гишүүн хүч нэмж, дэмжигдсэн юм.
1
Энэ нь эрх баригч хүчний, тэр дундаа Засгийн газрын гишүүдийн байр суурьт сөргөөр нөлөөлж, хуулийн хэрэгжилтийг хоёр жилээр урагшлуулж, маргааш “дээлээ тайлах”-д хүргээд байгаа билээ. Тиймээс ч сөрөг хүчний гаргасан саналыг дэмжиж, шинэчлэлийн Засгийн газрын эсрэг кноп дарсан журмын дөрвөн нөхрөө намаас хөөх тухай яриа энэ долоо хоногийн турш ам дамжин яригдсан. Харин долоо хоногийн сүүлчээр дөрвөөс зөвхөн нэгийг нь хөөх шийдвэрийг АН-ын Хяналтын хорооноос гаргасан тухай мэдээлэл цацагдлаа. Дээрх дөрвөн эрхмээс Р.Бурмаа л УИХ-д жагсаалтаар орж ирсэн байна. Тиймээс АН-ын Хяналтын хороо түүнийг чөлөөлөх шийдвэр гаргаж, үлдсэн гурвыг нь УИХ дахь АН-ын бүлгийн мэдэлд үлдээсэн бололтой. Өнгөрсөн долоо хоногт нар ч мандсан, цас ч орсон, шуурга ч шуурсан. Хаврын тэнгэр аашаа дэлгэсэн энэ өдрүүд дан тэрлэгтэй Р.Бурмааг “давхар дээл”-ийг тайлах сөрөг хүчний талд зогссон асуудлаар намаас нь чөлөөлжээ. Р.Бурмааг намаасаа хөөснөөр түүний суудалд УИХ-ын сонгуулийн нэрсийн жагсаалтад түүний ард жагссан эрхэм орж ирэх гэнэ. Хэрвээ тэгвэл ХХБ-ны Б.Мэдрээ УИХ-д орж ирэх болно.
1
Нөгөө талаас АН-ын Хяналтын зөвлөл УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байна гэж үзжээ. УИХ-ын гишүүн хэлэлцэж байгаа хууль тогтоомжийн төсөлд идэвхтэй оролцож, асуулт асууж, санал өгөх зэрэг үүрэгтэйг нь УИХ-ын тухай хуульд тодорхой зааж өгсөн. Тиймээс Г.Бурмаа нар УИХ-ын гишүүнийхээ үүргийг л гүйцэтгэсэн бөгөөд УИХ-ын тухай болон Дэгийн, сонгуулийн зэрэг холбогдох хуулиа зөрчөөгүй. Харин тэдний энэ үйлдэл эрх баригч хүчний хувьд намынхаа дүрмээс гажсан, урвасан үйлдэл болсон бололтой. АН-ын Хяналтын зөвлөлийн шийдвэр УИХ дахь бүлэг, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, хуулиас давсан шийдвэр байсан уу гэдэг нь маргаашнаас эхлээд яригдах биз ээ. Р.Бурмааг АН-аас хөөлөө гэхэд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хэмжээнд хүрэх үү. УИХ-ын тухай хуулиар эрх баригч хүчний Хяналтын зөвлөлийн шийдвэр парламентаас давуу эрхтэй үйлчлэх үү. УИХ-ын гишүүнээр сонгогдсон эрхмүүд парламентад орж ирээд улс төрийн намын гишүүнчлэлээ өөрчлөх нь нээлттэй байдаг. Хэрвээ Р.Бурмаа нар УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөлгүйгээр парламент дахь бусад намыг сонговол яах вэ. Жагсаалтаар орж ирсэн гишүүн намаасаа чөлөөлөгдвөл УИХ-ын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөнө гэсэн заалт бий юу. Хэрвээ АН-ын Хяналтын хороо УИХ дахь намын бүлгээсээ дээгүүр эрх мэдэлтэй бол яагаад ганцхан Р.Бурмааг гадуурхан, намаасаа хөөх шийдвэр гаргав. Эмэгтэй хүн болохоор нь уу, нөгөө гурвыг нь намаасаа хөөх хүч дутав уу. Нөгөө жендэрийн тэгш эрх хаана байна. Намаас хөөх шийдвэрт тойргоос болон жагсаалтаар сонгогдсон гэж ялгаварласан дүрэм байдаг байх нь. Ингэвээс тойргоос сонгогдсон эрхмүүд “ямар ч үйлдэл хийж байсан нам намайг хөөхгүй” гэж гэдийж, жагсаалтаар орж ирсэн УИХ-ын гишүүн дөрвөн жил хүний гар хөл болж явах нь л дээ гэх зэргээр яагаад гэсэн асуултууд үргэлжлэх нь.
1
Ер нь “Давхар дээл”-тэй холбоотойгоор нийгэмд янз бүрийн мессэж явж байгаа. Эрх баригчдийн зүгээс энэ хуулиа Ерөнхийлөгч татаж авах хэрэгтэй гэх санал цөөнгүй гарч байсан. Гэвч энэ бямба гаригт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж UBS телевизийн “Кофе юу, цай юу” нэвтрүүлэгт оролцох үедээ өөрийн байр суурийг анхнаас нь тодорхой байгаагаа хэлж, “Шийдэх бол одоо л шийдэх хэрэгтэй. Одоо татаад намрын чуулганаар оруулахаар ажлаа алдана” гэсэн тайлбарыг өгч байна лээ. “Давхар дээл”-ийн хууль шинэ долоо хоногт эцэслэн шийдэгдэх болов уу гэсэн хүлээлт нийгэмд байна.
1
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ