С.Бямбацогт: Хэмнэлтийн горимд шилжих санал тавьж байна
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
й
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан бүлгээс байгуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонссон талаар Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээнд тусгасан 23 ажилд 100 хоногийн дотор эдийн засгийг эрчимжүүлэх ажил хэрэгч санал бага байна гэсэн дүгнэлтийг ажлыг хэсгээс гаргаж тодорхой санал дэвшүүлжээ. Тухайлбал, төрийн албан дахь шаардлагагүй орон тоог хасах, дархан цаазат газарт олборлолт явуулахыг хориглох, төгрөгийн уналтаас болж 100 төгрөгт тутмын 30 төгрөг үнэгүйдсэн тул цалин, тэтгэврийг нэмэх зэрэг хэд, хэдэн саналыг гаргасан байна.
ы
Мөн эдийн засгийн нөхцөл байдалд Засгийн газрын хэрэгжүүлсэн бодлого нөлөөлсөнөөс бус гадаад орчны нөлөө бага гэж ажлын хэсэг үзсэн гэнэ. Тодруулбал, "Эрдэнэс тавантолгой" компанийн "Чалько" компанитай байгуулсан гэрээг Уул уурхайн сайд дур мэдэж өөрчлөх санал гаргасан гэх ноцтой мэдээлэл байгаа тул үүнийг ажлын хэсэг байгуулан шалгах ёстой гэж бүлгийн гишүүд үзсэн байна. Өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан дээрх гэрээнд Тавантолгойн нүүрсийг 1 тонныг нь 78 ам.доллараар нийлүүлэхээр тусгасан байсан. Харин өөрчлөлт оруулах хүрээнд нэг тонн нүүрс 35 ам.доллар болтлоо буурч, мөн зургаан сарын хугацаанд нүүрс нийлүүлэлтийг зогсоосон зэрэг шалтгаанаас болж экспортын орлого буурсан. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалт саарсан нь Засгийн газрын хэрэгжүүлсэн бодлого алдаатай байснаас үүдэлтэй гэж ажлын хэсэг үзжээ.
6
Бүлгийн дарга С.Бямбацогт “Хамтарсан Засгийн газар 11 яамтайгаар үйл ажиллагаа явуулж байсан бол Шинэчлэлийн Засгийн газар 17 яам 19 сайдтай болж данхайсан. Яамдын тоо ийн нэмэгдсэнээр ажил үүргийн давхардал ч ихэссэн. Эдийн засгийг хямралаас гаргахын тулд бид төрийн данхайсан бүтцийг багасгах, яамдын давхардсан орон тоог цөөлж өмнө нь байсан төвшинд хүргэх, хэмнэлтийн горимд шилжих саналыг эрх баригчдад тавьж байна. Өнгөрч буй хоёр жилийн хугацаанд 100 мянган иргэн Ажилгүйдлийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авсан нь тэр хэмжээний иргэн ажилгүй болсон гэсэн үг. Валютын ханшийн өсөлтөөс үүдэн эрсдэл хүлээж буй иргэд, аж ахуйн нэгжийг Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд хамгаалах ёстой гэсэн байр суурийг бид барьж байна. Засгийн газрын бодлогогүй үйл ажиллагааны улмаас иргэн, аж ахуйн нэгж болгоны 100 төгрөг тутмын 30 нь үнэгүйдэж байгаа. Иймд ард түмний мөнгийг хэмнэсэн төсөв, мөнгөний бодлого, Баялаг бүтээгчдээ дэмжсэн татварын бодлого, Монгол хүнийг дээдэлсэн нийгмийн хамгааллын бодлогыг Засгийн газар давхар хэрэгжүүлэх ёстой” гэв.
6
Түүнчлэн "Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийн талаар ажлын хэсгийн гишүүн Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлэв. Тэрээр "Засгийн газар энэ тогтоолын төслийг маш их цаг алдаж өргөн барьсан. 100 хоногийн дотор эдийн засгийг эрчимжүүлэх, сайжруулах, хямралаас гаргах бодитой ажил хэрэгч санал энэ тогтоолын төсөлд цөөхөн байна. Ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудал, УИХ, Засгийн газраас хүсч хүлээж байгаа ажил тодорхой хэмжээгээр ороогүй байна гэж бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үед МАН-ын бүлгээс 14 арга хэмжээг санал болгосон. Ард иргэдийн өмнө хүлээгдэж байгаа асуудлаар гурван санал гарч байна. Нэгдүгээрт, валютын ханшийн эрсдэлийг Монголын бүх аж ахуйн нэгж үүрч байгаа. Энэ асуудлыг УИХ яаралтай шийдэх хэрэгтэй. Хоёрдугаарт, гурван их наяд төгрөгийн өртөгтэй хоёр жилийн турш хэрэгжсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгсөнгүй. Цаашдаа энэ хөтөлбөрийг зогсоох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Гуравдугаарт, өнгөрөгч долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн оны ажлыг дүгнэж хэлэлцэхэд тус хорооны дарга манай улсын дийлэнх өрхийн орлого буурсан тухай мэдээлсэн.
ы
Сүүлийн жилүүдэд өрхийн орлого дунджаар 15 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байсан. Гэтэл 2013 онд өрхийн орлого дөнгөж дөрвөн хувиар нэмэгдсэн байна. Энэ нь айл өрхийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг статистик тоо баримтаар нотолсон гэсэн үг. Дөрөвдүгээрт, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал Монгол Улсад төлбөрийн балансын хямрал буюу санхүүгийн хямрал нүүрлэж, эдийн засагт мөнгө дутагдаж байгааг албан ёсоор илэрхийлсэн. Иймд юуны өмнө эдийн засгийн хямрал юунаас үүсэв гэдэг оношоо зөв тавих ёстой, хоёрдугаарт, онош зөв тавигдаж байж хямралаас гарах арга хэмжээнүүдээ зөв төлөвлөх ёстой гэж үзэж байна" гэлээ.
ыб
Бүлгийн хуралдаанаар мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын санаачлан боловсруулсан Ахмадын талаар төрөөс баримтлах бодлогын барим бичгийг дэмжиж санал авахаар Засгийн газарт өргөн мэдүүлэх ёстой хэмээн үзсэн байна. Уг бодлогын баримт бичиг УИХ-аар батлагдсанаар 2005 онд баталж байсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд том өөрчлөлт орно гэж төсөл санаачлагч тодотголоо. Мөн ахмад настнуудын эрүүл мэнд, орон сууц зэрэг нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх бололцоо нээгдэхийн зэрэгцээ тэтгэвэр авах хугацаандаа ахмадууд орлогын нэмэлт эх үүсвэртэй болох бололцоо ч нээгдэх юм байна.
йы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ