Он гарснаас хойш барилгын ослоор 7 хүн амиа алджээ
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өчигдрийн ээлжит бус хуралдаанаар Барилгын үйл ажиллагаатай холбоотой 2014 онд гарсан осол, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хийгдэж байгаа ажлын талаар мэдээлэл сонсчээ..
2014 он гарсаар нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын 8 осол, бусад 6 осол гарч 7 хүн амь насаа алдаж, 2 хүн бэртэж, 3 автомашин гэмтсэн байна. Эдгээр осол нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, мэргэжлийн бус ажилтны хариуцлагагүй үйлдэл, анхаарал муу байснаас гарсан бөгөөд зарим осол нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул цагдаагийн байгууллага шалгаж байна.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд барилгын осол, аваар гарсны дараа асуудлыг ярьдаг биш, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хийх шаардлагатайг анхааруулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах тухай Нийслэлийн Засаг даргын албан даалгавар гаргахаар шийдвэрлэлээ. Уг албан даалгаварт НИТХ-ын 2014 оны 5/14 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”, 2013 оны 75 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар тусгана.
,
Мөн ослын гол шалтгаан болж буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, өргөх, зөөх байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангах, угсрах засвар үйлчилгээ хийх, зөөж, шилжүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэх, өргөх байгууламжийг ашиглахдаа мэргэжлийн үнэмлэхтэй кранчин, операторчин, оосорлогч, дохиочинг ажиллуулах зэрэг үүргийг аж ахуйн нэгжид даалгажээ.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ