
Экс ерөнхийлөгч Н.Энхбаярын туслах Б.Тулгыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсний дараа эсэргүүцлийн жагсаал энд тэндгүй өрнөх болсон юм. Тухайлбал энэ сарын 6-нд нийслэлийн Прокурорын гадна хэсэг жагсагчид цугларч хаалга үүдийг нь дарж тус газрын прокуроруудын ажилд саад учруулсан байна.
Тиймээс нийслэлийн Прокурорын газрын ажилтнуудын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж буй дээрх иргэдийг жагсаалаа нэн даруй зогсоохыг хүсч тус газрын орлогч Ё.Сагсай мэдээлэл хийжээ.
Тэрхүү мэдээллийг зарим сонин хэвлэл буруушааж, “Прокурорын ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 4.1.3 гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа аж. Харин олон нийтэд мэдээлэл өгөх болсон үндэслэлээ прокурор Ё.Сагсай ингэж тайлбарлаж байна.
-Та эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм уу?
- Манай байгууллагын гадна энэ сарын 6-нд МАХН-ын гишүүд, “Шударга ёс хуульчдын эвсэл” нэртэй байгууллага жагсаал зохион байгуулж үүд хаалга таглан хүмүүсийг оруулж гаргахгүй байсан. Энэ хууль бус үйлдлээ жагсагчдыг зогсоохыг хүсч хэвлэлийн хурал хийлгэсэн. Миний мэдээлэл өгсөн агуулга тэр. Түүнээс Б.Тулгын хэргийн талаар мэдээлэл өгсөн зүйлгүй.
- Б.Тулгын хэрэгт хяналт тавьж буй прокурорд дарамт шахалт үзүүлсэн хэрэг үү жагсагчид?
- Хяналтын прокурор О.Мөнхбаатар Сүхбаатар дүүргийн шүүхэд очиж, яллагдагчийг цагдан хорих саналаа шийдвэрлүүлэхээр гарсан юм билээ. Гэтэл жагсагчид түүнийг чирч, гулдарч биед нь халдсан. Тэд 30 гаруй минутын турш прокурорт саад учруулсан. Тиймээс О.Мөнхбаатар арга буюу ажил руугаа эргэн орж ирсэн байна лээ. Тэр өдрөө яллагдагчийг цагдан хорих саналаа шүүх рүү хүргэж өгч чадаагүй. Ингэж прокурорын хэрэгт хяналт тавих ажиллагаанд саад учруулж байна. Энэ хууль бус үйлдлээ таслан зогсоохыг тэднээс хүссэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ