Тавантолгойн эхнэр ба гэрийн үйлчлэгчийн эрэлд
Ухаахудаг гэдэг баян айлын эзэгтэй хөршийнхөө хогийг шүүрдэх гэж яагаад ингэтлээ улайрч, нэр нүүрээ барж байна вэ Нас биед хүрсэн Тавантолгой нэртэй хархүүг гэрлүүлж, ач буяныг нь үзэх гэж яарч сандарсан монголчууд түүнд таарах чинээлэг, бийлэгжүү эхнэр, бас гэр орныг нь өөд нь татаж, ажил төрөлд нь туслах гэрийн үйлчлэгч олж авахаар зэрэг, зэрэг зар өгчихөөд сууж байна. Тавантолгойн эхнэр хөрөнгө мөнгөтэй, хамтарч ажиллаж, амьдрах чадалтай, бас өөрт байгаа баялгаа хэрхэн зарцуулахаа мэдэх сүйхээтэй нэгэн байх учиртай. Тавантолгойтой ханилах хүсэлтэй бүсгүйчүүд танилцуулгаа ирүүлээд эхэлчихэж.
Тэдний материалыг өнөөдөр 16 цаг хүртэл хүлээж авна гэж зарлаж байсан ч хойшлогдсон сурагтай. “Стратегийн хөрөнгө оруулагч” нэртэй байх энэ бүсгүй “Эрдэнэс-Таван толгой” компанитай гэрээ хийж, сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан Таван толгой ордын Цанхийн баруун хэсэгт эзэн суух юм. Тэрбээр нүүрс олборлож, зарж, бас хөрөнгө мөнгөө аривжуулах бүрэн эрх, үүрэгтэй. Тиймээс Тавантолгой хархүүг сонирхож байгаа бүсгүйчүүд найман мянган доллар төлж, түүний танилцуулгыг авчээ. Харин Тавантолгойн гэрийн үйлчлэгч буюу оператор компани хөлс мөнгөө аваад коксжих нүүрсний гол хэсэг болох Цанхын ордын зүүн талд ажиллах учиртай. Энэхүү гэрийн үйлчлэгч ажлынхаа багаж хэрэгслийг зөөж авчраад Цанхын зүүн хэсэгт ажиллаж, цалин мөнгөө хүртэж суух юм. Гэвч Тавантолгойтой гэрлэх бүсгүйг олохоос илүү гэрийн үйлчлэгчийг сонгон шалгаруулж авах гэж манайхан үсээ зулгааж байна. Түүний гэрийн үйлчлэгч хов ярьж, хосуудыг хэрэлдүүлдэггүй, хүний нөхөр татаж чангаадаггүй, эзгүй хойгуур нь эхнэрийнх нь ээмэг зүүлтийг хумслаад байдаггүй шударга, бас ажилсаг, найдвартай нэгэн байх учиртай. Гэвч ийм найдвартай хүнийг олоход тун хэцүү болчихоод байна. Гэрийн эздийг эзгүй хойгуур үйлчлэгч нь хамаг хөрөнгийг нь ачаад зугатаачихсан хэрэг шил шилээ даран гарч, бас нөхрийнх нь толгойг эргүүлдэг самуун үйлчлэгчдээс болж гэр бүл салж, сарниж байгаа учраас болгоомжлох хүн олон байгаа юм.
ЭЗЭН СУУХЫГ САНААРХСАН ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ НАРЫН ПАЯН ЭХНЭЭСЭЭ ДЭЛГЭГДЭЖ БАЙНАУг нь Тавантолгойг гэрлэхээс өмнө түүний орон гэрийг өөд нь татах санаатай гэрийн үйлчлэгч авах тендерийг өнгөрсөн наймдугаар сард зарлажээ. Гэвч хэл ам гарч энэ тендер цуцлагдсан тул дахин зар өгөөд байгаа. Гэрийн үйлчлэгч шалгаруулах энэ тендерын сүүлийн хугацаа нэгдүгээр сарын 23-ны өдөр. Өөрөөр хэлбэл Тавантолгой хархүү тун удахгүй эхнэртэй, бас гэрийн үйлчлэгчтэй болох гэж байна. Түүний гэрийн үйлчлэгчээр ажиллахаар одоогийн байдлаар зургаан орны есөн компани өрсөлдөж байгаа сурагтай. Тэднээс хамгийн их анхаарал татаж байгаа нь Австралийн “Лейтон”,“Мак Махон” компаниуд. “Мак Махон”, “Лейтон” нь нэг толгой, нэг түрийвчтэй. “Лейтон” нь “Мак Махон”-ыхоо 19 хувийг албан ёсоор эзэмшдэг. “Лейтон” нь “Мак Махон””-ы хамгийн их хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч. Дараагийнх нь хувьцаа эзэмшигч дөнгөж дөрвөн хувьтай байдаг гэнэ. Энэ хоёр компани олон улсын зах дээр нэг кодтой хувьцаа арилждаг. Гэвч тэд өмнөх тендерт тусдаа хоёр субъект болж орон монголчуудыг басамжилж байлаа. Эдгээр нөхөд монголчуудыг дэлхийгээс бүрмөсөн тусгаарлагдсан, юу ч мэдэхгүй нүдэн балай, чихэн дүлий, уулын энгэрт амьдардаг гэж сонсоогүй л байлтай. Яагаад гэхээр “Лейтон” компани манай хамгийн том гэж хэлж болох Ухаа худаг, Хөшөөтийн нүүрсний ордод олборлолтын гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Тэдний энэ булхай илэрч, тендер цуцлагдсан ч шинээр зарласан тендерт энэ хоёр компани бас л гол дүрд тоглож байна. Тэд “Энержи рессурс”-тай нийлж Ухаахудагт эзэн суусан атлаа Цанхын зүүн хэсэгт гэрийн үйлчлэгчээр ажиллахаар хор найруулаад удаж байна. Ухаахудаг гэдэг баян айлын эзэгтэй хөршийнхөө хогийг шүүрдэх гэж яагаад ингэтлээ улайрч, нэр нүүрээ барж байгаа нь тун сонин. Мэдээж мөнгө. Гэтэл тэдний энэ луйврыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар бүр дэвэргэсээр... Тендер хүчингүй болсны дараа Д.Сугар “Операторт өрсөлдөгчдөөс “Мак Махон” бүх үзүүлэлтээрээ илүү” гэж зарлаж байх юм. “Мак Махон” компанийн тухайд Австралийн “Лейтон” компанийн хамтрагч. Аль эрт түрийвчээ нэгтгэчихсэн эзэд Тавантолгойн ордын оператор болохын тулд өрсөлдөж байгаа гэдэг жүжиг тавьж, хэн нэгнийхээ саналыг дөвийлгөх, аль эсвэл үйлчилгээний хөлсийг бууруулах сонирхол агуулж байгааг үгүйсгэх аргагүй. Гэтэл Төрийн өмчийн хорооны дарга яагаад ийм хариуцлагагүй мэдэгдэл хийх болов гэсэн асуулт толгой эргүүлсээр... Тавантолгойд гэрийн үйлчлэгчээр ажилд оруулахын тулд манайхан бас авлига аваад, албан тушаалаа ашиглаад байгаа юм биш биз гэсэн хардлага толгой өвтгөж байна.
ТАВАНТОЛГОЙГ ЛЕЙТОНТОЛГОЙ ГЭЭД НЭРЛЭЧИХ ҮҮ
Уул уурхайн талаар судалдаг, бас тоо бодож тооцоо гаргадаг нэг бус хүн энэ асуултаас айцгааж байна. Монгол 150 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Эрчим хүчний эх үүсвэр болсон нүүрсний нөөцөө баталгаажуулж чадвал дэлхийд аман хүзүүдэх, эхний гуравт орох магадлалтай. Америк 250 орчим тэрбум тонн, Орос 157 тэрбум тонн, Хятад 115 тэрбум тоннын нөөцтэй. Монгол хэт том гурван гүрэнтэй зэрэгцэн дэлхийд нүүрсний нөөцөөр толгой цохих магадлал маш өндөр байна. Гагцхүү нөөц баялгаа хэр үнэ хүргэж, ядарсан эдийн засгаа хөл дээр нь босгож чадах эсэх нь биднээс хамаарна. Өнгөрсөн 2010 онд эскпортолсон нүүрсний хэмжээ өсөөгүй ч үнэ нь нэмэгдсэнээр Монголын гадагшаа худалдсан гол бүтээгдэхүүн болсон билээ. Нүүрсний эрэлт нэмэгдэж, үнэ нь ч цаашид өсөхөөр байгаа нь нефтийн нөөц шавхагдаж байгаатай холбоотой гэнэ. Ойрын хугацаанд дэлхийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн 40 хувь нүүрснээс хамаарна гэсэн судлагаа гарсан нь нүүрсний үнийг улам бүр хөөрөгдөв. Нүүрсний үнэ нэмэгдэх тусам Тавантолгойг сонирхогчдын тоо нэмэгдэж байна. Гэвч Тавантолгойд манай өрсөлдөгчид өөрсдийнхөө довтолгоог хийж, бас шаггүй амжилттай ажиллаж байна. Тэдний нэг “Лейтон” манай дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувьтай тэнцэхүйц хэмжээний хөрөнгө оруулж, Тавантолгойгоос Ховдын Хөшөөт хүртэлх орд газруудад ажиллаж байна. Тэд Тавантолгойн Ухаахудагийн хэсэгт “Энержи ресурс”-д хөрөнгө оруулсан. Одоо Тавантолгойн бас нэг “толгой”-г эднийх чанаж идэхээр дайрч эхэллээ. Ер нь тун удахгүй Тавантолгойг “Лейтонтолгой” гэж нэрлэхэд хүрч магадгүй л юм. Өнөөдөр дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 16 хувийг Австрали дангаараа эзэлж, экспортын 50-иас илүү хувийг тэд гаргаж байгаа. Австрали 2008 онд л гэхэд 125 сая тонн коксжих нүүрс экспортлон дэлхийд тэргүүлж байсан байх юм. Тэд 7000 км-ийн цаанаас усан онгоцоор коксжих нүүрс тээвэрлэн Хятадын зах зээлд борлуулдаг. Тийм ч учраас Австралийн сонин хэвлэлүүд “Манай экспортын орлогод Монгол Улс сөргөөр нөлөөлнө” хэмээн бичиж, бас болгоомжилж байгаагаа эдийн засагчид нь ч нуухгүй байна. Тавантолгой эдийн засгийн эргэлтэд орсноор хятадууд манай нүүрсийг илүү их сонирхож эхлэнэ. Тэд 7000 км-ээс биш, 70-хан км-ын цаанаас хямд нүүрс авахыг хүсэх нь мэдээж. Гэтэл бид Тавантолгойн нүүрсийг өөрсдийнхөө гол өрсөлдөгч австраличуудад найр тавьж өгч болно гэж үү. Одоогийн байдлаар австралийн иргэн “Эрдэнэставантолгой” компанийн захирлаар ажиллах нь тодорхой болж “Жилд 400 мянган ам.долларын цалин авна” гэдэг хатуу болзол тулгаж, түүнд хагас тэрбум төгрөг өгөхөөр манайхан тархиа гашилгаж суугаа. Үүнээс гадна Тавантолгойн ордод хөрс хуулж, нүүрс олборлох гэрээт ажилчин сонгон шалгаруулахад өрсөлдөж байгаа компаниудын ихэнх нь Австралийн компаниуд байна. Тавантолгойн оператораар ажиллах хүсэлтэй Австралийн “Лейтон”, “Мак махон” компаниуд хамтран “Мак махон ба Лейтон” хэмээх хамтарсан компани байгуулж удирдлагууд нь “Лейтон холдингс” компани Монгол Улсын Тавантолгойн ордын нүүрсний олборлолт хийх эрхийг авна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн сонин хэвлэлээр ярилцлага өгч, хувьцааныхаа үнийг хөөрөгдөж сууна. Өөрөөр хэлбэл өрсөлдөгчид биднийг олзолж эхэллээ. Тэд бидний нүүрсний гол ордыг “эзэлчихсэн” нөхцөлд бид тэдэнтэй өрсөлдөж, ашиг орлого олж чадахгүй гэдэг нь тодорхой. “Лейтон” компани Азид 1975 оноос ажиллаж эхэлсэн. “Лейтон Азиа” компанийн ТУЗ есөн хүний бүрэлдэхүүнтэй. Түүний долоо нь Хятадын иргэн. Тиймээс Монголын нүүрсийг худалдан авагч тал Австрали багтай, Хятад компани байх нь. Ер нь Австрали компани хятадуудтай хэрхэн сүжирдгийг, авлига хахуулийн хэрэгт яаж орооцолддогийг бид мэднэ. “Рио Тинто”-гоос авлига авсан хятадын хоёр иргэн цаазын ял сонсч байсныг олон хүн мартаагүй байгаа. Тиймээс Тавантолгойн эхнэр, гэрийн үйлчлэгчийг сонгохын тулд тун нарийн шалгуур хэрэгтэй болох нь. Гэрийн үйлчлэгч нь хажуу айлын эхнэртэй нийлээд орон гэрийнхээ эд хогшлыг зарж үрээд байвал тэр айлын хамаг баялаг хэдхэн жилийн дотор элсэнд асгасан ус шиг алга болж модоо барих нь тодорхой.
Б.ЦООЖ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ